Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01011

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03310 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******-д холбогдох,

даатгалын гэрээний үүрэгт 51,455,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би ******-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ****** улсын дугаартай автомашиныг даатгуулсан. Гэрээний хугацаанд, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр замын нөхцөл хальтиргаатай байсны улмаас осол гаргаж, хоёр тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, нийт 51,455,000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний тайлангаар уг хохирол тогтоогдсон боловч ****** нь гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл хэмээн үзэж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Энэ шийдвэрийг би эс зөвшөөрч, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Мөн жолоочийн хариуцлагын даатгалын дээд хязгаар болох 5,000,000 төгрөгийг багтаасан байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд даатгалын гэрээний дагуу 51,455,000 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1.1 дэх заалтын хүрээнд даатгуулагч ******* хүсэлтийг үндэслэн ******гийн эзэмшлийн ****** улсын дугаартай, кровн маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 5,000,000 төгрөгийг шилжүүлж, нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн.

Дээрх хуулийн дагуу нэг удаагийн тохиолдолд 5,000,000 төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг олгох үүргээ биелүүлж ажилласан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 51,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан баримт, даатгалын гэрээний агуулгыг буруу дүгнэсэн байна. Би ******-тай өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг 100 хувь эрсдэлээс хамгаалсан даатгалын гэрээ байгуулсан.

2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зам мөстөж хальтиргаатай байсан нөхцөлд зам тээврийн осол гарч, нийт 51,455,000 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл анхан шатны шүүх уг ослыг санаатай үйлдэл гэж үзэн, даатгалын эрсдэл үүсээгүй, нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.

Даатгалын гэрээний нөхцөл, Жолоочийн даатгалын тухай хууль болон үнэлгээний баримтуудад үндэслэн, ямар ч тохиолдолд даатгуулагч нь гэрээгээр хамгаалагдсан эрсдэлд өртсөн бол нөхөн төлбөр авах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөл бүрдсэн. Хариуцагчийн буруугаас зам тээврийн зам тээврийн осол гарсан болохыг эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******-нд холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 51,455,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай, субару форестер маркийн тээврийн хэрэгслийн мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх, шүргэлдэх, шүргүүлэх, онхолдох, өндрөөс унах, гаднын биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх, их бие хулгайд алдагдах, дээрэмдүүлэх, эд анги хулгайд алдагдах, галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх, ус, чийгт автах үеийн эрсдлийг 100 хувиар даатгуулсан гэрээ, мөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ тус тус байгуулсан.

 

3.1. Даатгалын гэрээний хугацаанд ******* нь ******* улсын дугаартай, субару форестер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай тоёото ландкруйзер-300, ****** улсын дугаартай тоёото кроун маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Уг зам тээврийн осолд ******* буруутай болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудас, мөн өдрийн магадлагаагаар тогтоогдсон.

 

3.2. *******тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу хариуцагч нь осолд өртсөн ****** улсын дугаартай тоёото кроун маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5,000,000 төгрөг төлсөн.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд харин даатгалын гэрээгээр тээврийн хэрэгсэлд учирсан эрсдлийг 100 хувь даатгуулсан тул осол гаргасан гэм буруутай эсэхээс үл хамааран нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж буй.

Даатгалын гэрээнд "эрсдэлийг 100 хувь хариуцна" гэж заасан нь тухайн даатгагдсан эрсдэл үүссэн нөхцөлд даатгагч нь хохирлыг бүрэн хэмжээгээр барагдуулах үүрэг хүлээнэ гэсэн утгатай. Гэхдээ энэ нь бүхий л даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгоно гэсэн утгыг илэрхийлэхгүй.

Учир нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах болохыг заасан.

Энэ үүднээс даатгалын гэрээний 6.2-т даатгуулагчийн санаатай үйлдлийн улмаас өөртөө болон бусдад учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлснээс үүссэн хохирол-д нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд харилцан тохиролцсон байна.

Тодруулбал, даатгуулагчийн санаатай хууль зөрчсөн үйлдлээс үүдэн хохирол, эрсдэл учирсан тохиолдолд даатгагч нь нөхөн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөнө.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т заасан гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч зогс-шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно гэж заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон.

Иймээс даатгагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, даатгалын гэрээний 6.2-т зааснаар даатгалын нөхөн олговор олгохоос татгалзах эрхтэй.

 

4.3. Мөн даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ буюу 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчийн хүсэлтээр ****** улсын дугаартай тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчид төлж барагдуулсан.

 

4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр шаардах эрх үүсээгүй болохыг дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ