Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01012

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02460 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

5,166,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Би ******тай 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийн амьдардаг Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ****** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцанд 4,600,000 төгрөгийн үнэтэй засварын ажил хийлгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу засварын ажлыг 20 хоногийн дотор бүрэн дуусгах ёстой байсан боловч ****** болон түүний хүү 2023 оны 07 дугаар сарын 5-ны өдөр ажлаа бүрэн дуусгалгүй орхин явсан.

Гэрээний дагуу би нийт 3,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн боловч ****** нийт ажлын 30 орчим хувийг гүйцэтгэсэн бөгөөд түүний хийсэн ажил ихэнхдээ чанарын шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэгч авч, 4,433,000 төгрөгөөр засвар хийлгэсэн. Мөн плита болон цавуу зэрэг 733,000 төгрөгийн барилгын материалын хохирол учирсан. Иймд нийт 5,166,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би ******* орон сууцанд дараах засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 3 өрөө болон коридорын хананы обой, шалны хулдаас, ванн, жорлонгийн плита хуулж, гал тогооны туслах хана болон блокон ханыг нурааж, гарсан хог хаягдлыг зөөж гадагш гаргасан. Мөн гал тогоо, коридор, том өрөөнд нийт 35м уналттай гипсэн тааз хийж, цахилгаан холболт, гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэсэн. Разетка, унтраалга шилжүүлж, тог оруулах нүх гаргасан. Цонх, хаалганы амлагаа, дам нуруу тэгшилж, ханын тэгшилгээ, хөөсөн хүрээ наалт, ханын замаск, гипсэн таазны лент, канап, замаск, грунт, бандер асгалт, плита наалт зэрэг ажлуудыг хийж дуусгасан.

Нийт ажлын өртөг 6,240,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 3,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон авсан. Гэвч үлдэгдэл 1,600,000 төгрөгийг аваагүй. Ажлын явцад захиалагч плита наалттай холбоотой маргаан үүсгэж, биднийг ажил хаясан мэтээр шүүхэд хандсан нь үндэслэлгүй юм. Би 6,240,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343,1, 355 дугаар зүйлийн 355,1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******гаас 4,433,000 гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 733,000 төгрөг гаргуулах шаардлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

******* байнга уурлаж, гомдоллож, та нар засвараа боль, би өөр хүнээр хийлгэж чадна гэх мэтээр дарамт үзүүлж, биднийг хөөж явуулсан тул хүү бид хоёр ажлаа зогсоож орхихоос өөр аргагүй болсон. Бид нийт ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд гэрээний дагуу 4,600,000 төгрөгийн хөлстэйгөөр тохиролцож, урьдчилгаа 3,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл ажлын зардал нь 1,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байхад, ******* биднийг ажлаа хаяж явсан мэтээр шүүхэд гүтгэн хандсан нь үндэслэлгүй юм. Иймд бидний нэр төр, хийсэн ажлыг хамгаалан гомдол гаргаж байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн хийсэн засварын ажил нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан нь баримтаар нотлогдсон. Ажлын явцад удаа дараа анхааруулга өгч, засах шаардлага тавьсан боловч засварын чанар сайжраагүй тул би ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн. Ажлын доголдлыг би зургаар баримтжуулсан бөгөөд тухайн хэсгүүдийг дараагийн гүйцэтгэгчээр дахин хийлгэж зассан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 5,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн авсан хөлсөд таарах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтын хуваарилалтыг буруу хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүх хэрэгт залруулан дүгнэх боломжтой байна.

3. Талуудын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байрны 52 тоот хаягт байрлалтай, 70 м.кв талбайтай 3 өрөө байрны бүх өрөөний дотор заслын ажлыг 20 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр, нэхэмжлэгч нь ажлын хөлсөд 4,600,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Ажлын хөлсөд нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 төгрөг урьдчилгаа болгож өгсөн.

 

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

3.2. Хариуцагч нь гэрээний дагуу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд орон сууцны засварын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний дараа гэрээ цуцлагдсан нь баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал нь энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцлах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.

Гэвч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээ цуцлах үндэслэлээ баримтаар нотлох, тухайлбал хариуцагчийн гүйцэтгэсэн ажил чанарын доголдолтой байсан, эсхүл ажлыг бүрэн гүйцэтгээгүй болохыг нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх уг нотлох үүргийг хариуцагчид ногдуулах замаар эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан тал нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Энэ нотолгооны үүрэг хэрэгжсэний дараа хариуцагчид тайлбараа баримтаар нотлох үүрэг ногдох ёстой юм.

 

3.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй.

Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гэрэл зургууд, 2023 оны 07 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтад үндэслэн хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, доголдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй дүгнэлт өгөх боломжгүй.

 

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан.

Гэвч уг дүгнэлтээр зөвхөн төсөв, тооцооны талаарх мэдээлэл өгсөн бөгөөд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар, доголдлын талаар дүгнээгүй тул маргааны хүрээнд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

3.5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгоно.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотолгооны хуваарилалтыг буруу хийсэн алдааг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/02460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* холбогдох 5,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,226 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ