| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/00489/Э |
| Дугаар | 517 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Б.Гүнсэл,
Шүүгдэгч А.Э-А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Х овогт А-н Э-А-д холбогдох эрүүгийн 1910011370473 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт А-н Э-А
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч А.Э-А нь 2019 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Карьерийн задгайд байрлах хашааны гаднаас иргэн Ш.Н эзэмшлийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Э-А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.
Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би машиныхаа жолооч талын хаалганы цонхыг нь 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр хагалчихсан юм. Тэгээд шиллүүлж амжихгүй байсан юм. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би машинаа хашааныхаа гадна байрлуулаад хотын төв рүү гэр рүүгээ явсан юм. Ингээд гэртээ очоод байж байсан чинь манай ээж над руу утсаар яриад машин чинь алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайгүй биз дээ цагдаад юу ч гэсэн тэмдэглүүлчих гэж хэлсэн юм. ...Тэгээд надад цагдаа нар машиныг чинь журмын хашаанд хийлээ шүү гэж хэлсэн. ...Миний бодлоор машины цонх онгорхой болохоор илүү түлхүүрээр машин унаад явчихсан байх гэж бодож байна...” гэжээ. /хх-н 10-12-р тал/
Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019.05.02-ны өдөр 07 цагт манайд миний хүү Н өөрийн машинтайгаа ирээд хашааны зүүн талд хаалганы хажууд тавьсан. Тэгээд хэсэг манайд унтаж байгаад өдрийн 11 цагийн үед би машинаа орхилоо гээд хажуу айлд ирсэн хүмүүстэй цуг машинд нь суугаад хот руу явсан. Тэгээд 2019.05.03-ны өдөр үүрийн 04 цаг 30 минутанд хүүгийн машинаас үхрийн тэжээл болох хивэг авахаар машин байсан газарт очиход байхгүй алга болсон байхаар нь манай хөрш айлын А гэдэг хүнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлсэн...” гэжээ./хх-н 14-15-р тал/
2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 337 дугаартай “ Зөрчилд холбогдогч А.Э-А нь жолоодох эрхгүй үедээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 00:15 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын урд замд Ш.Н эзэмшлийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчилд холбогдсон...” гэсэн шийтгэвэр /хх-н 39-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, ял шалгах хуудас / хх-40/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч А.Э-А нь 2019 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, хашааны гаднаас иргэн Ш.Н эзэмшлийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би машинаа хашааныхаа гадна байрлуулаад хотын төв рүү гэр рүүгээ явсан юм. Ингээд гэртээ очоод байж байсан чинь манай ээж над руу утсаар яриад машин чинь алга болчихсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ц “...2019.05.02-ны өдөр 07 цагт манайд миний хүү Н өөрийн машинтайгаа ирээд хашааны зүүн талд хаалганы хажууд тавьсан. Тэгээд хэсэг манайд унтаж байгаад өдрийн 11 цагийн үед би машинаа орхилоо гээд хажуу айлд ирсэн хүмүүстэй цуг машинд нь суугаад хот руу явсан. Тэгээд 2019.05.03-ны өдөр үүрийн 04 цаг 30 минутанд хүүгийн машинаас үхрийн тэжээл болох хивэг авахаар машин байсан газарт очиход байхгүй алга болсон байсан” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Э-Ад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч А.Э-Ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Э-А д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Ш.Н эзэмшлийн Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын шатанд 6.000.000 төгрөгөөр үнэлсэн / хх-н 26-р тал/, дээрхи тээврийн хэрэгслийг хохирогч нь хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг / хх-н 11-12-р тал/ байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт А-н Э-А-г автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А-н Э-А-г 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Э-Ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Э-А нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Э-Ад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч А.Э-А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ