Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01033

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02554 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******, *******-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,143,425,881 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******, ****** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******, ******-тай 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,100,000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар олгосон. Мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 15,668,350 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар олгосон.

Зээлдэгч нар нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар эхний зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл нь 1,435,222,896 төгрөг, дараагийн зээлийн гэрээний хувьд үлдэгдэл 18,202,984 төгрөг, гэрээний төлбөр төлөх хугацаа 306-582 хоног хэтэрсэн.

Зээлдэгч нартай удаа дараа утсаар холбогдож, зээлээ төлөхийг шаардаж, уулзалт зохион байгуулсан боловч хугацаа хэтрүүлэн зээлээ төлөхгүй байх тул *******болон ****** нараас 1,453,425,881.52 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг *******болон ******* нартай байгуулсан ипотекийн болон барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-ээс 2023 оны 03 сарын 31-ний өдөр ******* дугаартай гэрээний үүрэгт 18,202,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******,  ****** нараас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай гэрээний үүрэгт 1,435,222,896 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д тус тус олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч *******,  ****** нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөр буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 435 222 896 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17010/, Чингисийн өргөн чөлөө гудамж 6 дугаар байрны ******* тоот хаягт бүртгэлтэй, 142,6 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч *******-ийн өмчлөлийн ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай,  Shandong LG953 маркийн авто ачигч,  ******* арлын дугаартай, ******** улсын дугаартай, Shandong LG953 маркийн авто ачигч болох хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,495,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,  ****** нараас улсын тэмдэгтийн хураамжид 7,425,080 төгрөгийг, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч ******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

*******-д нэхэмжлэлийн хувь болон холбогдох эрх, үүргийг тайлбарлахдаа орчуулагч оролцуулаагүй. Энэ нь хууль зөрчсөн бөгөөд *******-ийн тайлбар гаргах боломжийг хязгаарласан.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагч ****** болон *******-д хуульд заасан хугацаанд зохих журмын дагуу гардуулаагүй. Үүний улмаас дээрх хуулийн этгээдүүд өөрт хамаарах эрх, үүргийг ойлгох, хариу тайлбар өгөх, нотлох баримт ирүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх боломж хязгаарлагдсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******-нд холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний үндсэн зээл 1,100,000,000 төгрөг, хүү 326,870,933 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,351,963 төгрөг, нийт 1,435,222,896 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үндсэн зээл 16,668,350 төгрөг, хүү 2,480,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,313 төгрөг, нийт 18,202,984 төгрөг буюу 1,453,425,881 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг *******болон *******-тай байгуулсан барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч *******-ийн өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй атлаа хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж буруутгаж эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах ноцтой зөрчилд тооцогдоно.

 

3.1. Хариуцагч *******-д шүүхийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан, хэргийн материал танилцуулсан баримт үйлджээ.

Гэвч хариуцагч *******нь монгол хэл мэддэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулах шаардлагагүй талаар хүсэл зоригоо илэрхийлж хүсэлт гаргаагүй байхад дээрх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар орчуулагч томилж оролцуулаагүй байна.

 

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа монгол хэлээр явагдах ёстой.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогч *******-ийн монгол хэл мэддэг эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулах шаардлагатай эсэх талаар түүний хүсэл зориг, байр суурийг тодруулаагүй, эх хэл дээр нь эрх, үүргийг нь тайлбарлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох нөхцөлийг хангаагүй.

Үүнээс шалтгаалж *******нь нэхэмжлэлийн агуулгыг ойлгож, хариу тайлбар гаргах боломжгүй болж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөлд хүрчээ.

 

3.3. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй, энэ талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,334,065 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ