| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/20800/И |
| Дугаар | 942 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/20800/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Да*** овгийн М***ын Б***ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *** газарт холбогдох
*** газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны *** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 06 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч Ч***, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б*** түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Мягмаржавын Б*** миний бие Дархан-уул аймгийн Дархан сумын Дархан-уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст анх 2009 оны ***-р сараас няравын ажилд орсон. 2010 оны намраас Үл хөдлөх эд хөрөнгийн архивч В.Г*** УБ хот руу хуулийн сургуульд явсан үед нь Үл хөдлөх эд хөрөнгийн архивчийн ажлыг хавсарч хийдэг байсан юм.
Дархан-Уул аймгийн хуулийн этгээдийн архивчаар 2011 оны 11 сараас ажиллаж эхэлсэн. Миний бие 2012 онд УБЕГ-ын зохион байгуулсан архивчдын нэгдсэн сургалтанд, 2015 онд аймгийн архивын тасгаас зохион байгуулсан сургалтанд тус тус хамрагдаж, өөрийн ажлын ур чадвараа чадавхижуулж ажиллаж ирсэн.
Ажиллах хугацаандаа Дархан-Уул аймгийн Хуулийн этгээдийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн архивыг цахимжуулахад гар бие оролцон идэвхи чармайлттай ажиллаж байсан. Мөн сонгууль болон бусад ачаалалтай үед Иргэний бүртгэлийн архивт ч ажиллах тохиолдлууд нилээдгүй гардаг байлаа.
Программ дээр Үл хөдлөх эд хөрөнгийн архивт орж ирж байгаа өдөр тутмын материалыг тулгалт хийх ажлыг би өөрийн үндсэн ажлын хажуугаар давхар хийж ажилласан.
2015 оны 8-р сараас Үл хөдлөх эд хөрөнгийн архивч Э*** нь жирэмсний амралттай байх хугацаанд нь үл хөдлөх эд хөрөнгийн архивыг, хуулийн этгээдийн архивчийн ажлыг давхар эрхлэн ямар нэгэн цалин, урамшуулал авалгүй илүү цагаар байнга ажиллан улсын архивын үзлэгт бэлтгээд шөнө орой болтол, амралтын өдрийг ч тооцолгүй ажилласан, ажиллахж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн чиг үүргийг өдөр тутмын ажилдаа мөрдлөгө болгон ажилласаар ирсэн.
Улсын бүртгэл статистикын газрын дарга Ч*** нь ажлаас халах шийдвэрээ урьдчилан бичгээр мэдэгдээгүй, ажлаас хална гэж амаар хэлээд ажил хүлээж авах хүн нь 2016 оны 4-р сарын 12-нд ирсэн байсан юм.
Гэтэл 2016 оны 4-р сарын 12-нд хуулийн этгээдийн хувийн хэргийн тооллогын комиссын бүрэлдэхүүнд миний нэрийг оруулсан тушаал гаргаж ажлаа хэвийн гүйцэтгэж байсан. Миний бие 2015 оны ***-р сарын 4-ны өдрийн архивчийн ажлын байрны тодорхойлолтоор болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Ийнхүү энэ байгууллагын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн ажилласан 7 жилийн хөдөлмөрийг минь үл тоомсорлон мэргэжил тэнцэхгүй гэсэн шалтгаанаар ажлаас халах тушаал гаргасанд гомдолтой байна.
Ингээд намайг ажлаас халах тушаалыг 2016 оны 4-р сарын 15-нд гаргасан байсан.
Миний бие удаа дараа тушаалтай танилцахыг хүссэн боловч өгөөгүй байж байгаад 2016 оны 4-р сарын 25-нд би өөрөө очиж шаардаж авсан. Улсын бүртгэлийн статистикийн газрын даргын энэ шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, *** газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч *** газрын дарга Ч*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын бүртгэлийн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Ш.Баярмаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн архивч М.Б***ыг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* тоот тушаалыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Эд хөрөнгийн эрхийн бүргтэлийн архивчаар түр томилсон. Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн. Ажлын байрны тодорхойлолтын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт /ажил олгогч санаачилсан/, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт /ажилтан мэргэжил, ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон / заалтуудыг үндэслэн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн *** тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. М.Б***д гурван удаа ажил санал болгосон. Хөдөлмөрийн хуулинд зааснаар түр албан тушаалд 6 сар ажиллах ёстой, архивч нь байнгын ажлын байр юм. Нэхэмжлэгч М.Б*** нь 25 хүртэл ажилласан гэж байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч М.Б*** нь хариуцагч ДарханУул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдуулан *** газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны *** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ч*** тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Нэхэмжлэгч М.Б*** нь Дархан-Уул аймаг, Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаартай тушаалаар Хуулийн этгээдийн бүртгэлийн архивчаар, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай тушаалаар тус хэлтсийн Хуулийн этгээдийн бүртгэлийн архивчийн ажлаас чөлөөлж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчаар түр томилогдон ажиллаж байгаад *** газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны *** дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 11, 24-25 хуудас /
Хариуцагч *** газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны *** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Монгол Улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Б***ыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд ажилтны мэргэжил, ур чадвартаа тэнцэхгүй болсныг тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг шаардах бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд энэ талаар ямар нэгэн дүгнэлт шийдвэр гараагүй гэж тайлбар гаргаж байгаа нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үндэслэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орж Эрхзүйч буюу Хэл шинжлэлийн мэргэжилтэй байхыг шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт 2 ажлын байрны тодорхойлолт авагдсан бөгөөд эрхзүйч болон бусад гэсэн зөрүүтэй шаардлагатай, аль нь хэрэгжиж байгаа нь тодорхойгүй, хоёр байгууллага нэгдэж орон тоо өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар тушаал шийдвэр гарч байсан эсэх нь тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгчтэй 2011 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр тухайн байгууллагатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг хугацаагүй гэж байгуулсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Б*** ...архивч Э***ийн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилон ажиллуулсан гэж тайлбарлаж байгаа боловч Э***ийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлтэй зөрүүтэй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б***ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул *** газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016.04.15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хугацааны буюу 2 сар 29 хоногийн цалинг Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн / 1, 2, 3 сар/ сүүлийн 3 сарын дундажаар бодож / 593449+591249+595649 : 3/ 593449 төгрөгийг 21,5 хувааж өдрийн 27602 төгрөг нийт 1 393 907 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч М.Б***ын ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *** газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны *** дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч М.Б***ыг *** газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивчаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 393 907 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч *** газраас 37252 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б***ын ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийн ажилдаа эргэж орсноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг хариуцагч *** газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА