| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0488/Э |
| Дугаар | 518 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И. Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Н.Н,
Хохирогч У.Т,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Тугчин овогт П-н Нд холбогдох эрүүгийн 1910008120497 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 3, 04-07 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Т овогт П-н Н,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч П.Н нь 2018 оны 09 дүгээр сард хохирогч У.Тг “Япон улс руу ажилд зуучилж явуулна” гэж хуурч 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” Хаан банкны салбараар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч У.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...П-н Н гэдэг хүн анх 2018 оны 09 дүгээр сарын 26-нд надтай уулзсан. Тэрээр Япон улс руу виз зуучилна гэж надаас мөнгө авсан. Утсаар ярьж асуухаар чиний материалыг хөөцөлдөж байгаа, Япон руу материалыг чинь явуулаад эхний шатанд тэнцчихсэн гэж байсан. Ш эмчийн Монгол дахь төлөөлөгч гэж өөрийгөө хэлж байсан нь худлаа болох нь батлагдсан. Тэгээд уулзаж чадахгүй байсаар 2019 оны 02 дугаар сарын дундуур уулзахад чамд ярьсан бүхэн худлаа. Би чиний мөнгийг чинь залилж авсан. Чиний мөнгийг эмчилгээндээ хэрэглэсэн гэж хэлсэн. Тэгээд чиний мөнгийг 14 хоногийн дотор хүүтэй чинь хамт буцааж төлье гэж хэлсэн. Тэгээд би төлөх юм байх гээд 1 сар гаран хүлээсэн. Энэ хугацаанд ямар нэгэн шалтаг хэлсээр байсан. Дорноговьд барилгын ажил хийж байгаа тэрнээс мөнгө орж ирэх юм бол төлнө. Эсхүл Японоос мөнгө орж ирвэл төлнө гэж хугацаа хойшлуулсаар ирсэн. Тэгээд миний арга барагдаад цагдаад хандсан…” гэв.
Хохирогч У.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Н нь элэгний эмч Шгийн охины хариуцсан Япон улс руу гэрээгээр ажилтан гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж байсан. Намайг Япон улс руу материал бүрдүүлж өгч явуулна гэж хэлээд нийтдээ 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Визийг 1 сарын дотор гаргаж өгнө гэж байсан боловч хугацаандаа гаргаагүй. Асуухаар материал чинь арай болоогүй байна, хөөцөлдөж байгаа гэж байсан. 12 сараас хойш ярихаар “Миний бие муу эмчилгээ хийлгэж байгаа хугацаа хойшлуулмаар байна, Чойр дээр ажилтай явж байна, Япон руу эмчилгээнд явчихаад ирье” гэх мэтчилэн шалтаг шалтгаан хэлж явсаар 2019 оны 2 сарын дундуур гэрт нь очиход “Би чамд үнэнээ хэлье. Чиний материальг хөөцөлдөж чадаагүй, чамд хэлж байсан болгон худлаа чиний мөнгийг хүнд өгчихсөн тэр хүнтэйгээ холбоо барьж чадахгүй байна “Мөнгийг чинь 3 сарын эхээр олоод өгчихье гэсэн боловч өгөөгүй. ...Н надад хэлэхдээ Шгийн эмнэлэгт ажилладаг. Шгийн охин нь Япон руу ажилчин зуучилдаг компанитай би Монгол дахь төлөөлөгч нь гэж хэлж байсан. Би сүүлд нь Ш гэдэг эмчийн олоод ярихад “Н гэх хүнийг танихгүй, надад Япон улсад амьдардаг охин байхгүй, ажилтан гаргадаггүй” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-н 20 /
Шүүгдэгч П.Нийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шалгах хуудас / хх-37/ Хаан банкны хуулга /хх-н 59 / зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч П.Н нь 2018 оны 09 дүгээр сард хохирогч У.Тг “Япон улс руу ажилд зуучилж явуулна” гэж хуурч 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” Хаан банкны салбараар шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Хаан банкны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч П.Нд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч У.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг нэхэмжилсэнийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт банкны зээлийн хүү гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Т овогт П-н Нийг бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, шүүгдэгч П-н Нийг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Н нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Нд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ