Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01034

 

 

 

********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/05217 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ********,

гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 1 хороонд байрлах, *******,

гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг 1 хороонд байрлах, ********

Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд *******-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, гуравдагч этгээд *******-ийн төлөөлөгч ******, түүний өмгөөлөгч *******, гуравдагч этгээд ********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч ********, гуравдагч этгээд ******* нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, маргааны зүйлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байх ба давж заалдах гомдлын хүрээнд зарим нэмэлт дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өгнө.

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ********т холбогдуулан ******* аймгийн ****** сум, Хашаатын цав нэртэй газарт байрших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч үнэлгээ хуульд заасан журмын дагуу гарсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

Гуравдагч этгээд ******* нэхэмжлэгчийн байр суурийг, ******** хариуцагчийн байр суурийг тус тус дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00565 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2023/00990 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 001/******* дүгээр тогтоолоор *******-аас 74,002,181,476 төгрөг гаргуулж ********-д олгож, ******-ийн ******* аймгийн ****** сум, Хашаатын цав нэртэй газарт байрших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

3.1. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсанд үндэслэж явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох ********-ийн ******* аймгийн ****** сум, Хашаатын цав нэртэй газарт байрших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу битүүмжилж, хураан авсан байна.

 

3.2. Улмаар хураан авсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг санал болгох доод үнийн талаар ********-аас 30,000,000,000 төгрөг, ********-аас 670,000,000,000 төгрөг гэж харилцан өөр санал гаргасан, *******-аас үнийн санал өгөөгүй тул хөрөнгийн үнэлгээ тогтоолгох зорилгоор шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор ******-ийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр томилжээ.

Энэхүү шинжээч томилсон ажиллагаанд хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

3.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, мөн хуулийн 14-15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан үнэлгээчин нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх эрхтэй тул ******-ийг дээрх төрлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилсон нь зөв.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3, 5, 16 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь үндсэн орон тооны үнэлгээчнээр үнэлгээ хийлгэсэн нь үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээ тогтооход мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах тул үнэлгээчин нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр оролцжээ.

 

3.4. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд Хөрөнгийн үнэлгээний тухай 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ажиллаж буй үнэлгээчинд Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагын хэм, хэмжээг сануулжээ.

Ийнхүү нэгэнт зориуд худал дүгнэлт гаргахын үр дагаварыг шинжээчид сануулсан тул хожим шүүх хуралдаанд оролцоход дахин хууль сануулахгүй. Мөн шүүхээр үнэлгээний маргаан шийдвэрлэхэд шинжээчээс үнэлгээний тайлангийн талаар тодруулсан тул хэргийн материал, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах шаардлагагүй юм.

 

Түүнээс гадна шинжээч нь тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй гэрчийн нэгэн адил шүүх хуралдаанд оролцоогүй учир заавал хуульд заасан эрх, үүргийг дахин тайлбарлахгүй.

 

4. Шинжээч ****** нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19,214,520,000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн хандлага, орлогын аргуудыг хослуулан, зах зээлийн үнэ цэнийн суурийг баримтлан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцсэн гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

 

4.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-т ашигт малтмал болон газрын тосны орд, байгалийн хийн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар заасан боловч уг журам, аргачлал батлагдаагүй байна.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалаар батлагдсан "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал" болон "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам" нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-т зааснаар батлагдаагүй.

Мөн энэ журам, аргачлал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 30 дугаар зүйлийн 30.2, 30.6 дахь хэсэгт заасан албан татвар ногдуулах үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох, албан татвар ногдуулахад чиглэсэн.

Иймд, шинжээч нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалаар батлагдсан журам, аргачлалыг баримтлалгүй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй.

Үүнтэй холбоотойгоор Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалаар батлагдсан журамд зааснаар үнэлгээний тайлан гаргахдаа хорогдуулалтын хувийг 15 хувиар тооцох ёстой байсан гэх гомдлыг хангахгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй ****** нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээнд ч Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалаар батлагдсан журам, аргачлалыг баримтлаагүй бөгөөд хорогдуулах хувийг 20 хувиар тооцсон байгаа болохыг дурдвал зохино.

 

4.2. Шинжээч нь үнэлгээ хийхдээ Ашигт малтмал, газрын тосны даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Т/119 дүгээр тушаалаар хүлээн авсан ********-ийн ******* аймгийн ****** сум, Хашаатын цав нэртэй газарт байрших 3977.24 гектар талбай бүхий уурхайн талбайн ******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн техник эдийн засгийн үнэлгээнд үндэслэж 19,214,520,000 төгрөгийн үнэлгээг гаргажээ.

Уг үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшнаас хэт бага болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг хангаагүйг буруутгахгүй юм.

Зүй нь, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар төлбөр төлөгч, барьцаалуулагч этгээд болохын хувьд барьцаа хөрөнгийн үнийг 19,214,520,000 төгрөгөөс их буюу 670,000,000,000 төгрөгийн үнэтэй гэж маргаж буй тохиолдолд анхнаасаа үүнийг нотлох үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу уурхайн үйл ажиллагаа явуулахад оруулсан 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг үнэлээгүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зөвхөн барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хурааж, үнэлгээ тогтоолгосон.

Мөн дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ******-аас 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 192,008,100,000 төгрөгөөр үнэлсэн нь 2025 онд хийгдсэн үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж тооцох үндэслэл болохгүй.

 

4.3. Шинжээч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэхдээ уурхайн талбайд очсон эсэх нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь тусгай зөвшөөрлийн бүртгэл, техник эдийн засгийн үндэслэл, зах зээлийн мэдээлэлд үндэслэн хийгддэг тул заавал биечлэн очих шаардлагагүй.

Түүнчлэн зориуд худал дүгнэлт гаргахын хууль зүйн үр дагавартай танилцсан шинжээч нь үнэлгээний тайландаа уурхайн талбайд очсон болохоо тусгасан тул энэ талаарх баримтыг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүйг буруутгахгүй.

 

4.4. Мөн үнэлгээний тайлан, үнэлгээний дүгнэлт нь монгол хэлээр боловсруулагдсан тул тайлангийн хүснэгт 18-д үнэлгээний онцлогтой холбоотой зарим нэр томьёо гадаад хэлээр бичигдсэн нь нийт тайланг гадаад хэлээр гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

4.5. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүх хуралдаанд оролцогчдын нотлох баримт шинжлэх, асуулт тавих эрхийг хязгаарласан үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, ийм нөхцөл тогтоогдоогүй болно.

 

5.1. ******-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай ******-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШЗ2025/15294 дугаар захирамжаар тогтоогдсон байна.

Гэхдээ уг нөхцөл байдал нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурдвал зохино.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/05217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд *******-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд *******-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ