| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0503/Э |
| Дугаар | 520 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч Б.Гүнсэл,
Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Харчууд овогт Эрдэнэбаярын Тэлмэнбаярт холбогдох эрүүгийн 19100009060528 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг харуцах чадвартай, Х овогт Э.Т
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Т нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А.Б тай хөгжмийн дууг багасага гэж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, уруулд язарсан шарх, хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 06 ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амарч байхад орой 22 цагийн үед гадаа гэрийн хажууханд хөгжим дуугараад байхаар гэрээс гарч хөгжим дуугарч байгаа 3 залуучуудтай очиж уулзаад “хөгжмийнхөө дууг багасага” гэсэн чинь “чи юу юм энэ амралтын газрын зохион байгуулагч юм уу” гэхээр нь “би энд амарч байгаа хүн байна” гэтэл тэнд байсан 2 залуугийн 25-20 орчим настай 185 см орчим өндөр, шар царайтай, залуу миний цээж рүү цохихоор нь би заамдалцаж байтал нэг мэдсэн чинь газар унасан. Бостол миний зүүн хөлийн шагай хэсгээр хавдаж явж чадахгүй би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед 185 см орчим өндөртэй /Э.Т/ залуу миний нүүрэн тус газарт гараараа цохиж, хоолойг гараараа боож, намайг газар унагаж миний зүүн хөлийг гэмтээсэн. Тэр залуу намайг цохиж байх үед би унасан юм. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн 185 см өндөртэй шар царайтай /Э.Т/ залуу 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс сүлд” амралтын намайг амарч байхад намайг зодож учруулсан...” гэжээ /хх-н 24-25 /
Гэрч У.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Орой 22 цагийн үед бид нар гэрийн гадаа хөгжмөө чангалчихсан дуу сонсоод байж байтал нэг залуу ирээд та нар наад хөгжимөө аажуухан болгочих гэхээр манай найз Э.Т нэг дуу сонсчихоод болино гэтэл нөгөө ах уурлаж маргалдсан. Тэгтэл нөгөө ах манай найз Э.Тыг заамдаж аваад нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон чинь манай найз зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь цохиж зодолдсон. ...Э.Т нөгөө залуутай заамдалцаж байгаад тэр залууг газар унагаасан чинь намайг газар унагаасан залуу Э.Т дээр гүйж очоод Э.Тыг гараараа цохитол Э.Т зөрүүлээд гараараа цохиж байгаад тэр хоёр салж зодоон дууссан...” гэжээ./хх-н 32/
Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би очоод салгах гэтэл өндөр залуу нь Б нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж газар унагаасан...” гэжээ /хх-н 35/
Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би гадаа гараад харсан чинь Б-У, С нар хоёр залуутай маргалдчихсан. Тэр 2 залуу нь манай нөхрийг тал талаас нь заамдчихсан байж байхаар нь би голоор нь ороод салгах гэсэн чинь манай нөхрийг нэг өндөр залуу нь зодоод эхэлсэн...” гэжээ. /хх-н 38/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №4394 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “...А.Бийн биед зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, уруулд язарсан шарх, хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-н 51 /
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68/, ял шалгах хуудас / хх-70/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Э.Т нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А.Бтай хөгжмийн дууг багасага гэж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, уруулд язарсан шарх, хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Бын “...Орой 22 цагийн үед гадаа гэрийн хажууханд хөгжим дуугараад байхаар гэрээс гарч хөгжим дуугарч байгаа 3 залуучуудтай очиж уулзаад “хөгжимийнхөө дууг багасага” гэсэн чинь “чи юу юм энэ амралтын газрын зохион байгуулагч юм уу” гэхээр нь “би энд амарч байгаа хүн байна” гэтэл тэнд байсан 2 залуугийн 25-20 орчим настай 185 см орчим өндөр, шар царайтай, залуу миний цээж рүү цохихоор нь би заамдалцаж байтал нэг мэдсэн чинь газар унасан. Бостол миний зүүн хөлийн шагай хэсгээр хавдаж явж чадахгүй би цагдаагийн байгууллагад хандсан ” гэх мэдүүлгээр, гэрч У.Т “...Орой 22 цагийн үед бид нар гэрийн гадаа хөгжмөө чангалчихсан дуу сонсоод байж байтал нэг залуу ирээд та нар наад хөгжимөө аажуухан болгочих гэхээр манай найз Э.Т нэг дуу сонсчихоод болино гэтэл нөгөө ах уурлаж маргалдсан. Тэгтэл нөгөө ах манай найз Э.Тыг заамдаж аваад нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон чинь манай найз зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь цохиж зодолдсон” гэх мэдүүлгээр, гэрч Г.С “...Би очоод салгах гэтэл өндөр залуу нь Б нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж газар унагаасан...” гэх мэдүүлгээр, гэрч Б.З “...Би гадаа гараад харсан чинь Б-У, С нар хоёр залуутай маргалдчихсан. Тэр 2 залуу нь манай нөхрийг тал талаас нь заамдчихсан байж байхаар нь би голоор нь ороод салгах гэсэн чинь манай нөхрийг нэг өндөр залуу нь зодоод эхэлсэн...” гэх мэдүүлгээр Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон №4394 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Тт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч А.Бад гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлсөн байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Э-н Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-н Т-г 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Т нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Тт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.Тт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ