| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2021/05832/И |
| Дугаар | 210/МА2025/01035 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01035
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03584 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Засгийн газрын нөөц сангаас 76,138,758 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Намайг 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хилс хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Үүний улмаас 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкны салбарт 20,400,000 төгрөгийг зээлэнд төлүүлж, байраа суллуулсан гэж залилангийн хэрэгт буруутгасан. Би 4 жилийн турш хилс хэрэгт шалгагдаж, 160 хоног цагдан хоригдож, улмаар сэтгэл санаа, эрүүл мэнд, ажил орлого, эд хөрөнгөөрөө хохирсон.
2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр прокурорын тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож, эрх чөлөөтэй болж, сарын 2 сая төгрөгийн орлоготой ажлын байр түрээслэн ажиллуулж эхэлсэн. Гэвч хэрэг дахин сэргэж, шүүх, цагдаа, прокуророор дахин явж ял авснаас болж ажлаа зогсоож, түрээслүүлэгч гэрээг цуцалж, 8,232,965 төгрөгийн өрөнд орсон.
Үүнээс гадна 2010 оны 08 дугаар сарын 5-нд *******-аас зээл авахын тулд өөрийн автомашиныг барьцаалж 2,800,000 төгрөг авч, 3,880,000 төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан боловч хэргээр дахин шалгагдаж хоригдсоны улмаас машинаа алдсан, тоног төхөөрөмжөө авч чадаагүй, нийт 13,412,965 төгрөгийн эд хөрөнгийн хохирол амссан.
Өмгөөлөгчийн хөлсөнд 11,620,000 төгрөг зарцуулсан. Сэтгэл санааны хохирол их байсан учраас 30,000,000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байна. Мөн прокурорын шахалтаар батлан даалтад гаргах нэрийдлээр 20,226,720 төгрөг үндэслэлгүй төлсөн.
Иймд төрөөс нийт 76,138,758 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү.
2. Прокурорын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн холбогдсон хэрэг нь 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэрэгсэхгүй болсон бөгөөд уг тогтоолыг түүнд хуульд зааснаар 3 хоногийн дотор танилцуулж, гарын үсэг зуруулсан. Гэтэл нэхэмжлэлээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан тул гэм хор нэхэмжлэх 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Хэрэв шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзвэл хууль зүйн туслалцаанд зарцуулсан 11,620,000 төгрөгийг, мөн цагдан хоригдсон 160 хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох үндэслэлтэй. Бусад шаардлага нь үндэслэлгүй болно.
3. Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газраас прокурорын татгалзал, тайлбарыг дэмжиж оролцсон.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 32,725,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,412,965 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн.
5. Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 он/-ийн 209.4-т "Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө." гэж хуульчилсан.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосноос 3 хоногийн дараа нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ба 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 10 жилийн дотор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
5.2. Шүүхээс нэхэмжлэлд дурдсан 20,829,760 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо *******, ******* нарын хооронд үүссэн харилцааг иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал гэж дүгнэснээс бус *******, ******* нарын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж дүгнээгүй.
Иймд хангаж шийдвэрлэсэн 20,829,760 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Эрүүгийн хэрэг устгалд орсон, манай талаас гаргаж өгсөн баримтаар хөөн хэлэлцэх хугацааг дүгнэсэн нь үндэслэлтэй. 20,829,760 төгрөгийн хувьд прокурорын шахалтаар төлсөн нь баримтаар тогтоогдсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоогүй, гомдолд хариу тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдаж, цагдан хоригдсон үндэслэлээр цагдан хоригдсон 160 хоногийн нөхөн төлбөрт 879,073 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөхөөр болсон төлбөр 8,232,965 төгрөг, зээлийн төлбөр 1,300,000 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэ 3,880,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 11,620,000 төгрөг, прокурорын шахалтаар хохиролд төлүүлсэн 20,226,720 төгрөг, нийт 76,138,758 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор болон гуравдагч этгээдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөр 879,073 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 11,620,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах ёстой гэж тайлбар гаргасан.
3. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор *******ийг иргэн *******ыг залилан мэхэлж, 20,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1549 дүгээр захирамжаар түүнийг цагдан хориод 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1683 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хэргийг дахин сэргээжээ.
3.1. Улмаар 2010, 2011 онуудад *******ийг дахин цагдан хорих, батлан даалтад гаргах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байсан ба Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх замаар залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн.
Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаар магадлалаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
3.2. Ийнхүү мөрдөн байцаах ажиллагаа явагдаж үед буюу 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* төрсөн дүү ******* нь 20,829,760 төгрөгийг хохирогч ******* хүлээлгэн өгсөн. Үүний маргааш нь Баянзүрх дүүргийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан.
3.3. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноор *******т холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажиллагаа эцэслэгдсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь бусдаас хууль зүйн туслалцаа авахдаа 12,070,000 төгрөг төлсөн ба нийт 160 хоног цагдаг хоригдсон.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан.
Нэхэмжлэгч ******* хууль бусаар ял шийтгүүлсэн, цагдан хоригдсон үйл баримт тогтоогдсон тул төрөөс өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт нийцүүлэн үндэслэлтэй дүгнэлт өгчээ.
4.1. Энэ төрлийн нэхэмжлэлийг гаргах Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж шүүх зөв дүгнэсэн.
Учир нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 дугаар тогтоолыг нэхэмжлэгчид 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тогтоолд хуулбар үнэн тэмдэг дарж гардуулж өгсөн байна.
Харин прокурор болон гуравдагч этгээдийн уг тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 он/-ийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэхээр заасан хугацаанд нэхэмжлэгчид танилцуулсан гэж байгаа боловч энэ үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар баримтаар тогтоогдоогүй.
******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр устгалд оруулсан баримт хэрэгт авагдсан.
Иймд нэхэмжлэгчийг эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг гардан авсан болохоо нотлосон гэж шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цагдан хоригдсон 160 хоногийн нөхөн төлбөрийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд харьцуулж 879,073 төгрөгөөр тооцож гаргуулахаар, мөн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хууль зүйн туслалцаа авсны хөлс 11,620,000 төгрөг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.
Мөн нэхэмжлэгчээс гаргасан түрээсийн төлбөрт төлсөн 8,232,965 төгрөг, караокены тоног төхөөрөмжийн үнэ 3,880,000 төгрөг, Доог алт ХХК-д төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг гаргуулах шаардлага нь хууль бусаар ял шийтгүүлсэн, цагдан хоригдсны улмаас учирсан хохиролд хамаарахгүй, мөн баримтаар тогтоогдохгүй гэж шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцэж байна.
Энэ хэсэгт дурдсан анхан шатны шүүхийн шийдэлд зохигч гомдол гаргаагүй.
4.3. Нэхэмжлэлээс 20,829,760 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.4-т шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлнө гэж заасан.
Уг зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх зохих дүгнэлтийг өгч 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* төрсөн дүү ******* хохирогч ******* төлсөн 20,829,760 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор иргэд хоорондын маргаантай асуудал буюу иргэний журмаар хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж эрүүгийн хэргийг дуусгавар болгосон тул уг эрүүгийн хэргийн хохирлын төлбөрт төлсөн 20,829,760 төгрөгийг прокуророос хохирогч ******* урьд төлүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хохиролд 20,829,760 төгрөг төлсний маргааш буюу Баянзүрх дүүргийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Мөн уг хохирлын мөнгөн төлбөрийг хүлээлцэх ажиллагаа прокурорын хяналт доор явагдсан болох нь мөнгө хүлээлцсэн баримтад хяналтын прокурор болон прокурорын туслах ажилтан гарын үсэг зурж баталгаажуулсан байдлаар тогтоогдсон.
Иймээс энэхүү хохирол төлсөн асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгөд тооцно.
4.4. Анхан шатны шүүх Засгийн газрын нөөц сангаас 32,725,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,412,965 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч маргаанд холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгааг залруулж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4.5. Зохигчийн гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байгааг дурдвал зохино.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03584 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэснийг 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд нь гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ