Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 018

 

  Х.Бямбачулууны нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Р.Мөнхбат нарыг оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 996 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Бямбачулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Мөнхбатад холбогдох

7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Бямбачулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Мөнхбаттай харилцан тохирч 2014.8.6-ны өдөр Мөрөн сумын 13-р багийн 22-р гудамжны 15 тоотод байрлах 6*8 харьцаатай өвлийн сууцтай хашааг худалдаж авахаар урьдчилгаа 7.500.000 төгрөгийг өгч 15 сая төгрөгөөр хашаа байшинг нь худалдаж авсан боловч 2015.6.15-нд хашааны бичиг баримтаа өгнө гэсэн боловч шилжүүлж өгөөгүй. Одоо хашаа байшингаа Мөнхбат өгөхгүй болсон учир Мөнхбатаас урьдчилгаа болгож өгсөн 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Бямбачулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Р.Мөнхбатаас хашаа байшин худалдаж авахаар болоод 7.500.000 төгрөг өгөөд түлхүүрийг нь авсан. Тэгээд бичиг баримт нь өөр хүний нэр дээр байгаа би өөрийнхөө нэр дээр шилжүүлчихээд чамд өгье гэж хэлсэн. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичиг баримтаа авах гээд очиход банкны барьцаанд байгааг нь мэдсэн. Тэгээд 2015 оны 06 дугаар сард авахаар болоод нотариатаар баталгаажуулсан гэрээ хийсэн. Ингээд гэрээнд заасан хугацаа болохоор нь би бичиг баримтаа авах гээд очиход хашаа байшингаа зарахгүй боллоо, 2015 оны 7 дугаар сард ирж мөнгөө аваарай гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгөө өгөхгүй өдий хүртэл 1 жил гаруй хугацаанд явж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

Хариуцагч Р.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 8-р сарын 6-нд Хуягцоож овогтой Бямбачулуунд өөрийн өмч болох 13-р хорооны 22-15 тоот хашаа байшинг 15 саяд худалдаж харилцан тохиролцож урьдчилгаа 7.5 сая төгрөгийг бэлнээр авсан нь үнэн бөгөөд үлдэгдэл 7.5 сая төгрөгийг 2015 оны 6-р сарын 10-нд авахаар тохиролцож гэрээ хийсэн ба тухайн үед бэлнээр мөнгө өгөөгүй учир би хашаа байшингийн бичиг баримтаа өгөх боломжгүй байсан. Иймээс иргэн Ренчин овогтой Мөнхбат би нэхэмжлэгч Хуягцоож овогтой Бямбачулууны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин одоо өөрийн хашаа байшингийн үлдэгдэл төлбөр болох 7.5 сая төгрөгөө бэлнээр авсны дараа хашаа байшингийн бичиг баримтаа өгнө. Нэхэмжлэгч Бямбачулуун нь манай хашаа байшинд амьдарч байгаад гараад өөрийн эцэг эхээ манай байшинд амьдруулж байгаа гэжээ.

Хариуцагч Р.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Бямбачулуунд 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар бар 22 дугаар гудамжны 15 тоотод байрлах хашаа, байшингаа 15.000.000 төгрөгөөр зарж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд 2016 оны 6 дугаар сарын 10-нд үлдэгдэл 7.500.000 төгрөг өгч хашаа байшингийн гэрээ гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон боловч Х.Бямбачулуун нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл мөнгөө өгөөгүй тул хашаа байшингийн бичиг баримтаа шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин надад Х.Бямбачулуун үлдэгдэл 7.500.000 төгрөг өгөх ёстой гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 996 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бямбачулууны нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Мөнхбатад холбогдох 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Бямбачулуун давж заалдах гомдолдоо: ... Миний бие Р.Мөнхбаттай харилцан тохирч 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар баг, 22-р гудамж, 15 тоотод байрлах 6х8 харьцаатай өвлийн сууцыг газар хашааны хамт 15 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч 7.5 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7.5 сая төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 15-нд өгөх, Р.Мөнхбатаас уг газрын гэрчилгээг авч өөрийн нэр дээр шилжүүлэх ажиллагааг хийхээр тохирсон боловч тэрээр гэрээ, гэрчилгээг өгөөгүй болно. Иймд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өгсөн 7.5 сая төгрөгөө эргүүлэн авахаар хөөцөлдөж, олон дахин уулзаж, утсаар ярьж хэлсэн боловч уг мөнгийг төлнө, надаас авах гэж их л удах байхдаа тэр гэрээ гэрчилгээ нь миний нэр дээр биш өөр хүний нэр дээр байдаг гэснээ оршин суух хаягаа өөрчилж сүүлдээ утсаа авахаа больсон. Ажил дээр нь очихоор зугтдаг болсон тул шүүхэд хандсан. Гэвч шүүх буруу шийдвэр гаргасан. Р.Мөнхбат нь шүүх хуралдаанд бодит байдалтай нийцэхгүй худал ярьсныг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Үнэн чанартай бусдын эд хөрөнгийг надад худалдах гэж байсан. Гэрээ гэрчилгээ нь банкны барьцаанд байдаг гэсэн. Иймд энэ шийдвэрийг хүчингүй болгож надад 7.5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Бямбачулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь хашаа байшингийн үнэд төлсөн 7.500.000 төгрөгийг иргэн Р.Мөнхбатаас гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Р.Мөнхбат нь нэхэмжлэгч Х.Бямбачулуунд хашаа, байшингаа 15.000.000 төгрөгөөр зарж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд 2016 оны 6 дугаар сарын 10-нд үлдэгдэл 7.500.000 төгрөг өгч хашаа байшингийн гэрээ гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон боловч Х.Бямбачулуун нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл мөнгөө өгөөгүй тул хашаа байшингийн бичиг баримтаа шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Р.Мөнхбат нь Мөрөн сумын 3 дугаар баг 22 дугаар гудамжны 15 тоотод байршилтай 6х8 харьцаатай өвлийн сууцны байшинг, банзан хашааны хамт Х.Бямбачулуунд худалдаж, Х.Бямбачулуун урьдчилгаа 7.500.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлсний дараа хашаа байшингийн гэрчилгээг Х.Бямбачулуунд шилжүүлж өгнө гэж харилцан тохиролцож хүсэл зоригоо хууль заасан хэлбэрээр илэрхийлсэн нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасантай нийцсэн байх төдийгүй Р.Мөнхбат нь тухайн хашаа байшинг Х.Бямбачулуунд зээлээр 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл үнийг төлөх нөхцлөөр тохирон худалдаж байгаа нь үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах хэлцэл талуудын хооронд хийгдсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан “...шүүх буруу шийдвэр гаргасан. Р.Мөнхбат нь шүүх хуралдаанд бодит байдалтай нийцэхгүй худал ярьсныг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3038 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Т.ГАНБАТ