Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2025/0067   

 

“Г” ХХК-ийн гомдолтой, Дундговь

аймгийн Байгаль орчин, аялал

жуулчлалын газрын улсын байцаагч

Т.С-т холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Х.Батсүрэн 

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      М.Батсуурь

                                         Ц.Цогт 

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2025/0004 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/332 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Т.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0314 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага:

“Г” ХХК-аас Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.С-т холбогдуулан “Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.С-ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0048... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.”Г” ХХК нь ... аймгийн Д ... сумын Х ... нэртэй газарт орших 2671.32 гектар талбайг хамарсан XV-... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

2.2.Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.С нь харьяаллын дагуу шилжүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.3.Улмаар хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-ийг “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулсан” зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3.Гомдол гаргагчаас дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

 “... Улсын байцаагч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалтыг буруу тайлбарлаж хууль бус шийтгэл оногдуулсан, манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулан батлуулж, байгаль орчны хяналтын албанд хувийг хүргүүлэн ажиллаж ирсэн. Ердийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай. Хайгуулын үйл ажиллагааны явцад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэх шаардлагагүй ... Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “Г” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зохицуулалтаар төсөл хэрэгжүүлэгч буюу “Г” ХХК нь энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийн үнэлгээг судалсан байх ёстой. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хоёр өөр ойлголтууд байна. Шийтгэлийн хуудас үндэслэлтэй ...” гэж маргасан.

5.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 120/ШШ2025/0004 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-ийн “Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.С-ийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0048 ... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.“... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.6-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар байна.

5.2.Гомдол гаргасан хуулийн этгээд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэлийн хуудас үндэслэлтэй.

5.3.Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр ... үйл ажиллагаа явуулсан бол ...” гэх зөрчилд тооцогдох үйлдэлд шийтгэл оногдуулсан тул энэ маргаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулсан эсэх нь хамааралгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/332 дугаар магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 9 дүгээр зүйлийн 9.5, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Г” ХХК-аас Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Т.С-т холбогдуулан гаргасан “2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0048 ... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд: 

6.1.“... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гомдол гаргагч “Г” ХХК нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021, 2022, 2023, 2024 онуудад сумын Засаг даргаар батлуулан, ... хуульд заасан үүргээ биелүүлж ажилласан байхад хариуцагчаас тус компанийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр шийтгэл  оногдуулсан нь буруу.

6.2.Учир нь дээрх хуульд зааснаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” нь байгаль орчны стратегийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээнээс бүрдэхээр байхад үүний зөвхөн нэг хэсэг болох байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй гэж гомдол гаргагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

6.3.Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэгтэй байна.

6.4.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний нэг бүрдэл хэсэг болох байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээгүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг хариуцлагыг ногдуулах зохицуулалт биш байхад анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэжээ.

7.Хариуцагч Т.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

7.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “... Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ ...” гэж заасан. Маргаан бүхий актыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан зохицуулалтын дагуу гаргасан. Энэ харилцааг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “... байгаль орчны төлөв байдлын үнэлгээ (цаашид “төлөв байдлын  үнэлгээ” гэх) хийлгээгүй ажилласан” гэсэн зохицуулалтыг удирдлага болгосон. Өөрөөр хэлбэл “... байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бие даасан хэлбэр юм. Бие даасан үнэлгээ болох нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “... байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нь төслийн баримт бичиг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэр, төслийн нөлөөллийн бүсийн хүрээнд хийгдсэн баримт бичиг байна ...” гэж зааснаас илүү тодорхой харагддаг.

7.2.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий тухайн харилцааг зохицуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай бие даасан хууль байсаар байхад уг харилцаанд огт хамаарахгүй Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан зохицуулалтыг хамааруулж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэснийг хууль хэрэглээний зөрүүтэй байдал гаргасан гэж үзэж байгаа бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зохицуулсан бүх үнэлгээнүүд нийлж байж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байх ёстой гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.6-д заасан зохицуулалтууд нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээг бие даасан үнэлгээний нэг хэлбэр буюу төслийн баримт бичиг байх ёстойг харуулж байна.

7.3.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой маргаан байх үндэслэлийн талаар: Маргаан бүхий захиргааны акт нь 2012 онд батлагдсанаас хойш огт хэрэгжээгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “... Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4 буюу байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна ...” гэсэн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулахад зарчмын хувьд ач холбогдолтой ажиллагаа юм, ... анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэсэн дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёсгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой байх хуулийн зохицуулалтыг шууд үгүйсгэсэн. Мөн “... хариуцагчаас ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Г” ХХК-ийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулсан нь хууль зүйн  үндэслэлгүй байхад ...” гэж хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй.

7.4....Өмнө гаргаж байсан магадлалаа үгүйсгэн тусгайлсан хуулиар зохицуулсан заалтыг хэрэглэх ёсгүй гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой, хууль хэрэглэхдээ нэгдмэл байдлыг хангаж чадахгүй хуулийн нэг зүйл, заалтыг өөр өөрөөр дүгнэж, тайлбарлан хэрэглэж байгаа нь хэрэг, маргааны талаар ялгаатай практик үүсэхэд хүргэсэн. Төрөөс батлагдсан хуулийг тухайн хуулийн этгээд заавал хэрэгжүүлж байх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой байх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөн хүлээн авсан нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэжээ.

8.Гомдол гаргагч тал “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

11.Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” хийлгэх үүрэгтэй эсэхэд дүгнэлт өгнө.

12.Маргаан бүхий шийтгэлийн хуудасны эрх зүйн үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, ... үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэжээ.

13.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-ийн дагуу “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” нь 4.1.1.“байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид стратегийн үнэлгээ гэх/”; 4.1.2.“байгаль орчны төлөв байдлын үнэлгээ /цаашид “төлөв байдлын үнэлгээ” гэх/”; 4.1.3.“байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид “нөлөөллийн үнэлгээ” гэх/”; 4.1.4.“хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ” гэсэн дөрвөн төрлийн үнэлгээнээс бүрдэнэ.

14.Уг хуулийн зохицуулалтаас үзвэл, дээрх 4 төрлийн үнэлгээнээс “стратегийн үнэлгээ”-г бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан хэрэгжүүлэгч салбарын яам (5 дугаар зүйлийн 5.1), “хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ”-г Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (6 дугаар зүйлийн 6.3, 6.4), харин үлдсэн 2 үнэлгээ болох “төлөв байдлын үнэлгээ” болон “нөлөөллийн үнэлгээ”-г төсөл хэрэгжүүлэгч этгээд хийлгэх үүрэгтэй байна (6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3).

15.Иймээс зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдийг (төрийн байгууллагыг бус) торгох зорилго бүхий Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэдэгт үндсэндээ “төлөв байдлын үнэлгээ” болон “нөлөөллийн үнэлгээ” хамаарахаар байна.

16.Хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Г” ХХК-ийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “төлөв байдлын үнэлгээ”-г хийлгэлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж буруутгасан.

17.Харин гомдол гаргагч “Г” ХХК нь ... аймгийн Д ... сумын Х ... нэртэй газарт 2671.32 гектар талбай бүхий XV-... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх тул тус компанийн үйл ажиллагаанд ашигт малтмалын салбарын харилцааг тусгайлан зохицуулсан хууль үйлчилнэ.

18.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлээр байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг, харин 39 дүгээр зүйлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг ялгаатай байдлаар зохицуулжээ.

19.Тухайлбал, 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” үүрэгтэй;  мөн төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах; төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх; хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх зэрэг үүрэгтэй.

20.Гомдол гаргагчийн тухайд, дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий Засаг даргаар батлуулан холбогдох байгууллагад хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй, “энэ нь хэргийн үйл баримтад ач холбогдолгүй” гэсэн тайлбар өгсөн. 

21.Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” үүрэгтэй. Иймд хэрэв ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү хуульд заасан үүргийг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

22.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг буюу төлөв байдлын болон нөлөөллийн үнэлгээ хийлгэх үүрэгтэй. Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг дээрх байдлаар ялгамжтай зохицуулсан байх тул “... тухайн тохиолдолд “Г”  ХХК-ийн хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үүрэг үүсээгүй байна, гэтэл анхан шатны шүүхээс “аливаа төсөл хэрэгжүүлэгч нь тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсэхээр байна” гэж дүгнэсэн нь буруу ...” гэсэн агуулгатай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

23.Түүнчлэн энэхүү хууль хэрэглээний талаар өмнө нь “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн А ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолын Хянавал хэсэгт “... Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, Засаг даргаар батлуулахаар, харин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний үндсэн дээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулахаар ялгаатай зохицуулсан байна ...” гэж дүгнэжээ.

24.Иймээс “... давж заалдах шатны шүүх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай бие даасан хууль байсаар байхад уг харилцаанд огт хамаарахгүй Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг хэрэглэсэн нь үндэслэлгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.6-д заасан зохицуулалтууд нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээг бие даасан үнэлгээний нэг хэлбэр буюу төслийн баримт бичиг байх ёстойг харуулж байна, давж заалдах шатны шүүхийн магадлал нь эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой байх хуулийн зохицуулалтыг шууд үгүйсгэсэн ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

25.Нэгтгэн дүгнэвэл, энэ тохиолдолд тусгай хууль болох Ашигт малтмалын тухай хууль хэрэглэгдэх тул Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “төсөл хэрэгжүүлэгч” гэх ойлголтод ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хамаарахгүй, иймд “Г”  ХХК-ийг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ/төлөв байдлын үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдуулсан маргаан бүхий акт хууль бус юм.

26.Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлийн холбогдох заалтад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсан 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уг хуулийг дагаж өөрчлөлт орсон байгааг;

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэсний дагуу уг хуулийн Хавсралт болох “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-д 1.Уул уурхайн төсөл гэсэн хэсэгт “бүх төрлийн ашигт малтмалын олборлолт” гэж заасан, өөрөөр хэлбэл “хайгуул” гэж заагаагүй болохыг;

хавтаст хэрэгт авагдсан баримт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 12/2845 дугаар Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн албан бичигт “…Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралт болох “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх төслийн ангилал”-д … ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах чиглэл тусгагдаагүй бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, цацраг идэвхт бодисын хайгуулын үед … байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж, нарийвчилсан үнэлгээний тайланг хянаж баталж байна …” гэснийг дурдах нь зүйтэй.

27.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/332 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.БАТСҮРЭН

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧИД                                                         М.БАТСУУРЬ

                                                                                          Ц.ЦОГТ

                                                                                                   Г.БАНЗРАГЧ