| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/00803/И |
| Дугаар | 210/МА2025/01036 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/01036
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03208 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ****** нарт холбогдох,
51,061,527 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* салон-д ажиллахаар ******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийт 1 жил 8 сарын хугацаанд тасралтгүй ажилласан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус байгууллага ******* болгон нэрээ өөрчилсний дараа 4 сар ажилласан.
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсний дараа жирэмсний болон амаржсаны чөлөө авах талаар судалж байх үедээ ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж, ажилтны хууль ёсны эрх, хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлийг биелүүлдэггүйг мэдсэн.
Хөдөлмөрийн гэрээний 1.4-т сарын үндсэн цалинг 1,000,000 төгрөгөөс эхлэн, ажилласан жилээс хамааран нэмэгдүүлэхээр, 1.5-т илүү цаг, нэмэгдэл болон урамшууллын хөлс олгохоор заасан байдаг.
Гэтэл ажилласан хугацаанд олгох ёстой байсан нийт 24,000,000 төгрөгийн үндсэн цалинаас 19,487,000 төгрөгийг олгож, 3,513,000 төгрөгийн үндсэн цалинг олгоогүй. Мөн гэрээний 1.5-д заасан нөхцлийн дагуу нэмэгдэл хөлс 26,580,000 төгрөг, 1396 илүү цагийн 12,463,488 төгрөг, бүх нийтийн амралтын өдрөөр ажилласан 18 хоногийн хөлс 1,523,412 төгрөг, 2 жилийн ээлжийн амралтын олговор 2,160,000 төгрөг, нийт 46,239,900 төгрөгийг ажил олгогч ******аас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуулийн дагуу нөхөн төлүүлж өгнө үү.
1.2. *******-д ажилласан 4 сарын хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан дараах нэмэгдэл, урамшуулал, нөхөн төлбөрийг олгоогүй тул нэмэгдэл хөлс 3,450,000 төгрөг, 88 илүү цагийн хөлс 785,664 төгрөг, бүх нийтийн амралтын өдөр ажилласан 5 хоногийн хөлс 585,963 төгрөг, нийт 4,821,627 төгрөгийг *******-аас гаргуулж, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
2. Хариуцагч ******ын татгалзал, тайлбарын агуулга:
Манай байгууллага нь ажилтны эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. ****** 1 сарын хугацаанд сургаж, ажилд авах санал тавихад тэрээр нийгмийн даатгалаа хувиараа төлдөг тул давхар төлөхөөс татгалзсан. Үүний дагуу бид цалинг нь шууд олгож байсан. Мөн тэрээр үндсэн цалингаасаа урьдчилан бэлнээр авсан тухайгаа дурдаагүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд илүү цагийн ажил, амралтын өдөр ажилласан байдал, тооцооллын аргачлал нь тодорхой бус байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй бөгөөд илүү цагийн талаар ажил олгогчид мэдэгдээгүй.
Мөн хөдөлмөрийн маргааны хөөн хэлэлцэх хугацаа 90 хоног байхаар заасан байтал 2021 оноос хойших асуудлаар маргаж байгаа нь хууль зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******д холбогдуулан гаргасан нийт 46,239,900 төгрөг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нийт 4,821,627 төгрөг гаргуулах, төлөгдөөгүй нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,458 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******д олгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
****** нь 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан хоёр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд жирэмсний амралтаа 2023 оны 10 дугаар сарын 26-наас эхлэн эдэлж байна. Гэрээг дуусгавар болгох талаар талуудын хооронд бичгээр тохиролцсон баримт байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50.3-т заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь 2021-2023 оны хооронд цалин хөлс, нэмэгдэл, илүү цаг, амралтын мөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах шаардлагыг удаа дараа тавьсан ч хариуцагч тал хойшлуулж, итгэл төрүүлсэн байдлаар хариу өгч, эрхээ хэрэгжүүлэх хугацааг алдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь эрх зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр байна.
Цалин хөлс дутуу олгогдсон нь банкны дансны хуулбараар, нэмэгдэл цалин олгогдоогүй нь гэрээний заалт болон бүртгэлийн дэвтрээр нотлогддог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл баримт нотолгоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******д холбогдуулан 46,239,900 төгрөг гаргуулах, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, хариуцагч *******-д холбогдуулан 4,821,627 төгрөг гаргуулах, үүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл тус тус гаргасан.
Хариуцагч нар нь гомдол гаргах хугацаа хэтэрсэн, дутуу олгосон цалин хөлс байхгүй гэж маргасан.
3. ******тай хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр ****** нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ******* салон-д сормуус артистаар ажилласан.
Тэрээр үргэлжлүүлэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс *******-д мөн сормуус артистаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байна.
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч ******д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны дутуу олгосон цалин, нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл, бүх нийтийн амралтын өдрөөр ажилласны нэмэгдэл, ээлжийн амралтын олговорт 46,239,900 төгрөг гаргуулахаар,
харин хариуцагч *******-д холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл, бүх нийтийн амралтын өдөр ажилласны нэмэгдэлд 4,821,627 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан.
Уг шаардлагууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарна.
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой.
3.3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаар 2024 оны 01 дүгээр сард хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулж дуусгавар болгожээ.
Үүнд үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2021-2023 оны цалин хөлсний маргаантай асуудлаар 2024 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэгэнт нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул хариуцагч талын Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээс татгалзах эрхтэй.
3.4. Гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсний дараа жирэмсний болон амаржсаны чөлөө авахаар судлах үедээ энэ нөхцөл байдлыг мэдсэн гэж байгааг хүлээн авахгүй.
Учир нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тодорхой заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн буюу цалин дутуу олгож буйг мэдсэн үеэс Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмаар гомдлоо гарах ёстой байсан.
3.5. Иймд анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн маргааныг гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.
Харин уг хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж өөрчлөлт оруулна.
3.6. Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардаж байгаа дутуу авсан цалин, нэмэгдлийн тооцоогоо баримтаар нотлоогүй гэж зөв эрх зүйн дүгнэлт өгсөн байна.
Хэрэгт авагдсан ******* салон-ы 2021-2023 оны бүртгэлийн дэвтэр нь нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгааг дурдвал зохино.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2 дахь заалтад гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гомдол гаргахад урьдчилж төлсөн 483,458 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ