Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 774

 

 

 

 

 

 

 

 

    2019       08          21                                   2018/ШЦТ/774

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч Г.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э холбогдох “1802002500301” дугаартай, 185/2019/0764/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын  сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, 73 дугаар Ерөнхий боловсролын дунд сургуульд химийн багш ажилтай, ам бүл 2, 2 нас 6 сартай хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-4 дүгээр гудамжны 102 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороо, 10-273 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Э /РД:РТ91012409/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч  Э.Энхболор нь 2018 оны 09 дүгээр сарын 03, 20018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэх авах 103, 106 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 45 дугаар сургуульд химийн багшаар ажилд орохдоо захирал Б.Наранчимэгт 1.000.000 төгрөгний хахууль өгсөн гэж Б.Уранчимэгийг хахууль авах гэмт хэрэгт үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

             Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Наранчимэгийн:..Э.Энхболорыг химийн багшаар ажилд орохоос өмнө манай сургуульд химийн багшийн орон тоо гарсан байсан. Уг ажлын байран дээр тухайн үед 3 хүн шалгалт өгсөн санагдаж байна. Ерөнхийдөө 3 уулаа сайн дүн аваагүй хангалтгүй байсан бөгөөд Э.Энхболорын хувьд нөгөө 2-оосоо арай дээр үнэлгээ авсан байсан. Энэ үед манай сургуулийн мужаан Давааням надтай уулзаад манай хамаатны хүүхэд байгаа юм, ажилд оруулж өгөөч гэж Энхболорыг гуйхаар нь дээрх хүмүүсээс дахин шалгалт авахаа болиод Э.Энхболорыг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түр тушаалаар ажилд авсан. Би түүнд 2015 оны 08 дугаар сард Нийслэлийн хэмжээнд мэргэжлийн багш нараас авах шалгалтандаа ороод тэнцвэл гэрээг чинь сунгаж ажилуулъя гэсэн боловч уг шалгалтандаа ороогүй байсан учраас түүнийг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлын талаар БСШУЯ-наас надаас тодруулж байсан. Энэ үед нь би Э.Энхболортой холбогдож байсан, тэрээр манайд ажиллаж байсан Алтанчимэг багшийг  өргөдөл хамт өгье гээд байхаар нь бичээд өгчихсөн. Өргөдлөө би буцааж авна, танд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэж хэлж байсан.   Э.Энхболор нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар тушаалаар химийн багшийн ажлыг түр гүйцэтгэж байсан.  Туршилтын 6 сарын хугацаа дуусаж хөдөлмөрийн хуулийн дагуу дахин 6 сар сунгасан. Тэгээд хугацаа дуусахаар нь хөдөлмөрийн гэрээ сунгахгүй гэж гэрээг цуцалсан. Би Энхболорыг туршлтын хугацаанд ажиллуулсны төлөө хээл, хахууль авсаан асуудал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 45-46/,   

            2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Даваажавын:..Энхболор манай холын хамаатны хүүхэд. Түүний эгч Сарантуяа надтай 2014 оны 07 дугаар сарын сүүлчээр шиг санагдаж байна холбогдож, Энхболорыг ажилд оруулмаар байна гэхээр нь захиралаасаа асууж үзье гэж түүнд хэлсэн. Захирал Наранчимэгт манай холын хамаатаны хүүхэд байга юм, та ажилд авах арга байна уу гэж хэлэхэд түр хүлээж бай гэсэн. Үүнээс хойш 20 хоногийг дараа захирал намайг дуудаад дүүтэй чинь уулзмаар байна гэж хэлсэн. Би Энхболорт хэлсэн, Энхболор маргааш нь ирж захиралтай уулзсан. Миний хувьд Энхболорыг ирэхээр нь захиралтай өөрөө ороод уулз гэж хэлсэн, хамт захиралын өрөөнд ороогүй. Захиралтай уулзсаны дараа надтай уулзаагүй. Би 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсонг мэдсэн. Тухайн үедээ ажилд орчихсон юм уу гээд л өнгөрсөн. Энхболор 1 жил орчим ажилаад ажлаасаа халагдсан байсан. Би энэ талаар түүний эгч Сарантуяагаас дараа нь мэдсэн. Би ажил ихтэй байдаг болохоор Энхболортой сургууль дээр таараад байдаггүй байсан гэх мэдүүлэг. /хх-н 39/,  

            2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сэлэнгээгийн:..1999 онд худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг төгсөж, 192-2004 онуудад Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргын тамгын газарт ерөнхий нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч, 2004-2009 онуудад  Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газарт ерөнхий санхүүч, 2009-2010 онуудад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ерөнхий нягтлан бодогч, 2012-2013 онуудад Санхүүч Аудит ХХК-нд аудитор, 2013-2015 онуудад Монгол Германы хамтарсан технологийн их сургуульд туслах нягтлан бодогч, 2016 оны 09 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сар хүртэл БСШУЯаманд дотоод аудитороор тус тус ажилласан гэх мэдүүлэг. /хх-н 40-41/,

            2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Анхтуяагийн:..2015 онд манай сургуульд Архивын шалгалтанд хамрагдсан уг шалгалттай холбоотойгоор архивтаа хадгалагдах баримт бичгийн хөтлөх хэргийн нэрсийн жагсаалт гаргасан. Уг жагсаалтанд манай сургуульд ажил орохыг багш нарыг сонгон шалгаруулсантай холбоотой  матераил нь байнга хадгалахаар ороогүй учраас уг материалуудыг 1 жил түр хадгалаад устгачихсан. Мөн хөтлөх хэргийн баримт бичгийн жагсаалтанд ороогүй хадгалах шаардлагагүй баримтуудаа  ч гэсэн 1 жилийн хугацаанд хадгалаад устгачихдаг. Би уг материалуудаа шатаах байдлаари устгачихсан гэх мэдүүлэг. /хх-н 74/,

            2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Эрдэнэхуягийн:..Надад мэдэх зүйл байхгүй. ЭХХШТХ-ийн 9.6.5-д зааснаар мэдүүлэг өгмөөргүй байна. /хх-н 100/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Улсын яллагч:..хавтаст хэргээс 42-43,44 дүгээр хуудас Э.Энхболорын гэрчээр өгсөн мэдүүлэг, 45-46,161 дүгээр хуудас гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг, 174 дүгээр хуудас яллагдагч Э.Энхболорын мэдүүлэг, 56 дугаар хуудас Э.Энхболорыг Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургуульд химийн багаар ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 47 дугаар хуудас мөрдөгчийн тэмдэглэл, 48 дугаар хуудас мөрдөгчийн мэдүүлэг, 109 дугаар хуудас шүүгдэгч Э.Энхболорын ажлын газрын тодорхойлолот, 110 дугаар хуудас шүүгдэгч Э.Энхболорын ял шийтгэл шалгах хуудас, 161 дугаар хуудас гэрч Б.Наранчимэгээс дахин авсан мэдүүлэг, 72-75 дугаар хуудас гэрч Б.Наранчимэг болон гэрч А.Анхтуяа нарын  мэдүүлэг, 182 дугаар хуудас Э.Цагаанбаатарын төрсөний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч:..шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 Шүүгдэгч Э.Энхболор нь 2018 оны 09 дүгээр сарын 03, 20018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын мэдүүлэх авах 103, 106 тоот өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 45 дугаар сургуульд химийн багшаар ажилд орохдоо захирал Б.Наранчимэгт 1.000.000 төгрөгний хахууль өгсөн гэж Б.Наранчимэгийг хахууль авах гэмт хэрэгт үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэг  үйлдсэн нь  гэрчүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Прокуророос Э.Энхболор нь гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн нь зөв, тохирсон байна.

 Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэндээ-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8000 нэгж буюу 8 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Э түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Энхболорт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Энхболорт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шошилгод овогт Э.Э ыг мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Наранчимэгийг  хахуул авах гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д  зааснаар шүүгдэгч Э.Э т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Э т мэдэгдсүгэй.

           4.Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           5.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

         6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ