Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01038

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02068 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******-д холбогдох,

64,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******-ийн захирал ****** хүсэлтээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "******" төслийн хүрээнд 8 ширхэг шилэн гэрийн шилэн хийцийг нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн.

Гэрээгээр ажлын хөлсөнд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ****** ****** гудамжны ****** дугаар байрны 49 тоотод байрлах, 52.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэвч гэрээнд заасан орон сууц нь өөр этгээдэд давхар худалдагдсан тул талууд мөнгөн төлбөрөөр тооцоо хийх талаар амаар харилцан тохиролцсон. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлбөр барагдуулаагүй.

Иймд 64,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээ, ажлыг гүйцэтгэх явц, ажлын үр дүн зэргийг ****** хариуцан хүлээн авсан, мөн ******тэй харилцан тохиролцохдоо ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т төлбөр хийх нөхцөлөө бартераар хийхээр тохиролцсон.

****** Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийгдсэн ажлыг бүрэн хариуцаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******-аас 63,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******-аас 472,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг хүлээн авч, амьдарч байсан тул уг гэрээний төлбөрийн үүрэг биелэгдэж, гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл 5 жилийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээнд зааснаас өөрөөр, мөнгөн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан нь нэг төлбөрийг давхардуулан авах нөхцөл үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авсан боловч өмчлөх эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн шаардлага тавиагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бичгээр мэдэгдээгүй.

Иргэний хуулийн 186.1-д зааснаар гэрээ нь талуудын чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан бөгөөд төлбөр тооцоог орон сууцаар гүйцэтгэхээр тохиролцсон, тухайн байр нь гэрч ****** мэдүүлснээр *******н нэр дээр байсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг өөр этгээдэд зарснаас болж төлбөр төлөгдөөгүй. ****** захирал тухайн орон сууцыг зарсан мөнгийг өгнө гэж байсан боловч өгөөгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд 64,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээнд зааснаар орон сууцыг хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээгээр ****** нь Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй ****** энтэртэйнмент хүрээлэн дэх 8 ширхэг шилэн гэрийн үндсэн бүтцийг 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, ****** нь 64,000,000 төгрөгийн ажлын хөлсөд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ****** ****** гудамжны ****** дугаар байрны 49 тоотод байрлах, 52.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэсэн ба хариуцагчаас хүлээлгэн өгсөн орон сууцад 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд амьдарсан.

 

3.1. Гэрээнд заасан 3 өрөө орон сууц нь *******н өмчлөлд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд анх бүртгэгдэж, улмаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр албадан дуудлага худалдаагаар ******* өмчлөлд, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр ******* өмчлөлд тус тус шилжжээ.

 

3.2. Орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөх боломжгүй үндэслэлээр ******-ийн гүйцэтгэх захирал нь гэрээний хөлсийг нэхэмжлэгчид мөнгөн хэлбэрээр олгохоор тохиролцож 2021 онд 1,000,000 төгрөг төлсөн байна.

 

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, гэрч ****** мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.

 

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэсэн байна.

 

4.2. Гэрээгээр 64,000,000 төгрөгийн ажлын хөлсөд 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд хариуцагчийн хүлээлгэж өгсөн орон сууцад амьдарсан байх боловч үүнийг гэрээнд заасан орон сууцыг түүний өмчлөлд хүлээлгэн өгсөн гэж тооцохгүй.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд үндэслэн шилжүүлэх ёстой атал энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч орон сууцыг өмчлөлдөө авахаар шаардаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.3. Ийнхүү орон сууцны өмчлөх эрх шилжүүлж өгөөгүй, улмаар өмчлөлийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор талууд ажлын хөлс төлөх нөхцөлийг өөрчилж мөнгөн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь гэрч ****** мэдүүлгээр тогтоогдсон.

Мөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон 2021 онд нэхэмжлэгчид 1,000,000 төгрөг төлсөн үйл баримтаар энэ маргаанд хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэж шүүх зөв дүгнэжээ.

 

4.4. Иймд хариуцагч нь ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул анхан шатны шүүх төлөгдсөн 1,000,000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас 63,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт 343 дугаар зүйлийн 343-т зааснаар гэж бичиж найруулгын шинжтэй алдаа гаргасан нь шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэл болохгүйг дурдвал зохино.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ