Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01045

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03054 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 57,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *******, ****** дүгээр байр, 296 тоот хаягт байрших 35,79 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалж 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр *******, ******* нарт олгосон. Тус гэрээний 3 сарын хүү 13,500,000 төгрөг, алданги 29,250,000 төгрөг болсон.

Гэрээ байгуулснаас хойш удаа дараа шаардуулан байж ******* 30,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж 2 удаагийн уулзалт хийхэд хариуцагч нар ирээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд зээл 45,000,000 төгрөг, хүү 13,500,000 төгрөг, алданги 29,250,000 төгрөг, нийт 87,750,000 төгрөгөөс төлсөн 30,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 57,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Би иргэн н.******* Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *******, ****** дүгээр байр, 296 тоот хаягт байрших 35,79 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр худалдаж авсан.

******* нь энэ орон сууцыг чинь би худалдаж авъя гэж ярьж байсан ба 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өмнө нь таньдаггүй байсан ******* хамт надтай ирж уулзан чи энэ хүнтэй 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад барьцаанд нь миний авах гэж байгаа захиалгын гэрээтэй орон сууцыг тавьчих гэж ярьсан. Үүний дагуу би ******* зээл, барьцааны гэрээ байгуулсан боловч *******гээс надад мөнгө орж ирээгүй, ******* мөнгө авсан байсныг би сүүлд мэдсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *******ын хүсэлтийн дагуу *******ы дансанд шилжүүлсэн гэж худал тайлбар гаргасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар, баримт ирүүлээгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч *******аас 28,500,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 300,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг *******той бичгээр байгуулсан. Нэхэмжлэгч нь зээлийг ******* руу шилжүүлэхэд хэн аль нь байсан бөгөөд тэдний хүсэлтээр ******* руу шилжүүлсэн. Гэтэл *******од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Дээрх гэрээг *******той байгуулсны үндсэн дээр шилжүүлсэн учир тус гэрээний дагуу хүү, алданги тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй. Хэрэв бичгээр гэрээ байгуулаагүй бол нэхэмжлэгч нь ******* руу мөнгө шилжүүлэх шааардлагагүй байсан.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс *******од гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өмчлөлд шилжүүлж өгөөгүй гэж зөв дүгнэсэн. Мөн ******* гэрээгээр хүлээн авах мөнгийг *******д шилжүүлэхийг зөвшөөрсөн үйл баримт нотлогдоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч ******* гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй гэж эс зөвшөөрч маргасан бол ******* нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

 

3. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бичгээр байгуулсан гэрээгээр ******* нь 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй *******од шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Уг гэрээнд зээлийг *******ын Голомт банк дахь 1145100136 тоот дансанд олгохоор заасан боловч 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* нь 45,000,000 төгрөгийг *******гийн Хаан банк дахь 5991003700 тоот данс руу шилжүүлж өгчээ.

Энэ мөнгөн хөрөнгийг хүлээн авснаас хойш ******* нь *******д 30,000,000 төгрөг төлсөн.

 

3.1. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн бичгийн баримтаар ******* нь

*******гээс 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 хувийн хүүтэйгээр 45,000,000 төгрөгийн зээл авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

4.1. Шүүхээс *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд нэхэмжлэгчид зээлийн хөрөнгийг шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хэдийгээр талууд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан 45,000,000 төгрөгийг *******ын өмчлөлд шилжүүлсэн талаарх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг *******ын зөвшөөрлөөр *******д шилжүүлсэн гэж тайлбарласан ч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******од шилжүүлэн өгөөгүй тул тухайн гэрээний үүргийг шаардах эрхгүй бөгөөд энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

4.2. 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 45,000,000 төгрөг шилжүүлж өгсөн, үүнийг баталгаажуулж 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн бичгийн баримт зэргээр ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон байна.

Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр зээлийн хүүгийн талаар тохиролцсон байх бөгөөд харин мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар алданги тооцох тохиролцоог бичгээр байгуулаагүй байна.

Иймд анхан шатны шүүх олгосон зээлийн хэмжээ, хүү тооцох хугацаа болон алданги шаардах эрхийн талаарх нөхцөл байдлыг харгалзан үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү 13,500,000 төгрөг, нийт 58,500,000 төгрөгөөс буцаан төлсөн 30,000,000 төгрөгийг хасч, үлдэх 28,500,000 төгрөгийг *******гаас гаргуулж, нэхэмжлэлээс алданги 29,250,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

4.3. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт алдангийн шаардах эрхэд хамаарах заалтыг баримтлаагүй орхигдуулсан, хуулийн заалтыг дутуу бичсэн, хариуцагчийн овгийг бичээгүй зэрэг хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй алдаа гаргасан байгааг залруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/03054 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч *******аас 28,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,250,000 төгрөг гаргуулах болон хариуцагч *******од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ