Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 525

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын  яллагч Х.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт Д-н Т холбогдох эрүгийн 201726030580 тоот дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-н Т

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо тоотод оршин суух иргэн Б.Э монгол гэрийн цоожийг эвдэлж нэвтрэн, “Хайер” загварын хөргөгч, угаалгын машины зэргийг хулгайлж, 294.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу явж, төрсөн эцэг Болдбаярын гэрт байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн уед Улаанбаатар хотод ирсэн. Хадам эцгийн гэрт очиж хонохоор явж байхад манай хашааг түрээслүүлэгч Хонгороо эгч утсаар залгаад та нар хаашаа яваад утас чинь холбогдохгүй байгаа юм бэ, 10 гаруй хоног танай гэрийн хаалга онгорхой байлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд гэртээ очсон чинь хашааны хаалга онгорхой байсан, гэрийнхээ хаалгыг шалгахад цоожны толийг мурийлгаж хөшөөд хаалга онгойлгож орсон байсан. Гэрээс Хайер маркийн хөргөгч, угаалгын машин хоёр алдагдсан бэйсан. Манай гэрт найз Д.Т орж хулгай хийсэн байсан, хохирлоо төлүүлсэн, гомдол, саналгүй... ” гэжээ. /хх-н 24-25 /

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2017 оны 04 сарын 16-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад автомашинтайгаа халтуур хийхээр гарахад Яармагийн хуучин эцсийн урд үл таних залуу rap өргөхөөр нь зогсож машиндаа суулгаад хаашаа явахыг нь асуухад ойрхон явна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу ойрхон байдаг найзындаа очоод өөрийнхөө юмыг ачаад явна гэж хэлээд Нүхтийн 32 дугаар гудамжны зүүн талаасаа 3-4 дэх хаалганы гадна зогсоосон. Тэр залуу хашаа руу ороод цагаан өнгийн угаалгын машин өргөж гарган ирж ачаад дахин буцаж ороод цагаан өнгийн жижиг хөргөгч авч гарч ирээд ачсан. Тэгээд Хархорин зах орсон, би тэр залууд таксины мөнгө 15.000 төгрөг гарсан байна гэж хэлэхэд мөнгө байхгүй, энэ хоёрыг зарчихаад өгнө гэсэн. Би гучаад минут хүлээгээд, уурлаж, утасныхаа дугаарыг үлдээгээд, мөнгөтэй болохоороо энэ утас руу залгаад мөнгөө өгөөд угаалгын машинаа аваарай гээд угаалгын машиныг нь ачаад яваад өгсөн. Тэр өдрөөс хойш, тэр залуу над руу огт яриагүй...” гэжээ. /хх-н 26-27/

“Дамно” ХХК-ний 2018 оны 02 сарын 26-ны өдрийн ХУ2-18-97 дугаартай үнэлгээнд: 294.000 төгрөг гэжээ. /хх-н 102/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 4-07/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66 тал/,  ял шалгах хуудас / хх 70 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо тоотод оршин суух иргэн Б.Э монгол гэрийн цоожийг эвдэлж нэвтрэн, “Хайер” загварын хөргөгч, угаалгын машины зэргийг хулгайлж, 294,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Эын  “...2017 оны 03 дугаар сарын 31-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу явж, 2017 оны 04 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн уед Улаанбаатар хотод ирсэн. Манай хашааг түрээслүүлэгч Хонгороо эгч утсаар залгаад 10 гаруй хоног танай гэрийн хаалга онгорхой байлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд гэртээ очсон чинь хашааны хаалга онгорхой байсан, гэрийнхээ хаалгыг шалгахад цоожны толийг мурийлгаж хөшөөд хаалга онгойлгож орсон байсан. Гэрээс Хайер маркийн хөргөгч, угаалгын машин хоёр алдагдсан бэйсан. Манай гэрт найз Д.Т орж хулгай хийсэн байсан, хохирлоо төлүүлсэн, гомдол, саналгүй... ” гэх мэдүүлэг, гэрч Б.Д  “...2017 оны 04 сарын 16-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад автомашинтайгаа халтуур хийхээр гарахад Яармагийн хуучин эцсийн урд үл таних залуу rap өргөхөөр нь зогсож машиндаа суулгаад тэр залуу ойрхон байдаг найзындаа очоод өөрийнхөө юмыг ачаад явна гэж хэлээд Нүхтийн 32 дугаар гудамжны зүүн талаасаа 3-4 дэх хаалганы гадна зогсоосон. Тэр залуу хашаа руу ороод цагаан өнгийн угаалгын машин өргөж гарган ирж ачаад дахин буцаж ороод цагаан өнгийн жижиг хөргөгч авч гарч ирээд ачсан. Тэгээд Хархорин зах орсон, би тэр залууд таксины мөнгө 15.000 төгрөг гарсан байна гэж хэлэхэд мөнгө байхгүй, энэ хоёрыг зарчихаад өгнө гэсэн. Би гучаад минут хүлээгээд, уурлаж, утасныхаа дугаарыг үлдээгээд, мөнгөтэй болохоороо энэ утас руу залгаад мөнгөө өгөөд угаалгын машинаа аваарай гээд угаалгын машиныг нь ачаад яваад өгсөн. Тэр өдрөөс хойш, тэр залуу над руу огт яриагүй...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлан, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж хуульчилжээ.

Иймд Д.Тт Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 294.000 төгрөг нэхэмжилсэнийг мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь төлж барагдуулсан өгсөн байх тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 34 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-н Т-г орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Дандарын Түвшинбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Т нь 34 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт  энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түтгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        И.ГАНБАТ