Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01046

 

 

 

 

 

******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03861 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 20,194,385.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч ********** нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 11,900,000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 3.10 хувийн хүүтэйгээр, Toyota Aqua-P10 маркийн, ****** улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл авсан.

Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийн дүн, зээл хаагдах үнийн дүндээ хүрэхгүй, мөн барьцаа хөрөнгийг сугалаагаар цааш нь зарж борлуулсан гэсэн тайлбар өгдөг нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэж үзэж байгаа тул фидуцийн гэрээнээс татгалзаж байна.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 170,753.05 төгрөг, хүү 864,210.95 төгрөг төлсөн. Зээлдүүлэгчийн зүгээс удаа дараа зээл төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй 581 хоног болсон.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг, нийт 20,194,385.53 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнийх нь дараа буюу 2023 оны 07 дугаар сараас хойш 2025 он хүртэл 2 жилийн хугацаанд шүүхэд хандаагүй тул өнөөдрийг хүртэлх хүү, алданги тооцох үндэслэл байхгүй.

Зээлийн гэрээтэй холбоотой фидуцийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг нэхэхгүй байх давуу тал үүссэн байдаг. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах эрх байдаг.

Нэхэмжлэгч гэрээгээ зөрчсөн гэж тайлбарладаг боловч өнөөдрийг хүртэл гэрээг цуцлаагүй. Зээлийн гэрээг цуцлах боломж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллага цуцлаагүй байна. Мөн зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээгээр хангуулах боломж байсан. Тэгтэл нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч **********аас үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, үндсэн хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг нийт 20,194,385.53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,922 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамж 258,922 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******-д олгохоор шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч ****** нь фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу нийт 20,194,385.53 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч фидуцийн гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагчид урьдчилан мэдэгдээгүй нь Иргэний хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сараас гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 08 дугаар сараас хойш фидуцийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангах эрхтэй байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл гаргасан, мөн автомашинаа нэхэмжлэгчийн салбарт хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгч гэрээг цуцлахгүйгээр автомашиныг алдаж, эрэн хайх арга хэмжээ аваагүй. Гэрээг цуцлах нөхцөл хангагдсан байхад нэхэмжлэгч цуцлаагүй тул хариуцагчид илтэд хохирол учирсан бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах үндэслэлгүй.

Зээлийн гэрээний 8.2-т заасан заалт нь хоёр талд ижил тэгш үйлчлэх учиртай бөгөөд гэрээг цуцлах нөхцөл үүссэн тохиолдолд нэхэмжлэгч цуцлах үүрэгтэй. Анхан шатны шүүх зээлийн гэрээ, фидуцийн гэрээ хоёрын харилцан хамаарлыг бүрэн үнэлэлгүй зөвхөн зээлийн гэрээг шийдвэрлэсэн нь баримтыг хангалтгүй үнэлсэн алдаатай шийдвэр болсон. Фидуцийн гэрээнээс татгалзсан бол зээлийн гэрээнээс ч мөн татгалзсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй ч шүүх хоёр гэрээг хамтад нь шийдвэрлэх ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 11,583,105 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь зөвхөн зээлийн гэрээний үүрэг шаардсан тул нэхэмжлэлийн хүрээнд шүүх хэргийг шийдсэн. Фидуцийн зүйлийг хариуцагч нь худалдан борлуулсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******* холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг, нийт 20,194,385.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь фидуцийн зүйлээр үүргийг хангах ёстой, гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эхлэн нэхэмжлэгч гэрээг цуцлах ёстой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр ****** нь 11,900,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.10 хувийн хүүтэйгээр ******* олгож, үүргийн гүйцэтгэлийг Toyota aqua P10 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар хангуулахаар харилцан тохиролцжээ.

 

3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 200,506.48 төгрөг, 06 дугаар сарын 25-ны өдөр 392,664.68 төгрөг, нийт 593,171.16 төгрөг төлсөн.

 

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа тус тус үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэл бүхий дүгнэжээ.

 

4.1. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хуваарийн дагуу зээлийг төлөлгүй үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч нь шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргах замаар гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.2. Хэдийгээр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нь фидуцийн зүйл болох Toyota aqua P10 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж өгөөгүй.

Мөн хариуцагч нь фидуцийн зүйлийг хүлээлгэж өгч байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Нэгэнт фидуцийн зүйлийг эзэмшилдээ аваагүй тул нэхэмжлэгч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр зөвхөн мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхтэй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн фидуцийн гэрээний зүйлд холбогдох нэхэмжлэл гаргаагүй тул зээлийн гэрээний хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.3. Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу үүргийн зөрчил гаргасан тул нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, энэ хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон.

Үүнийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхдээ шударга, үнэнч байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөх нөхцөл байдал үүсгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь гэрээ цуцлагдсаны дараах хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Иймд хариуцагчийн гаргасан зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн 2023 оны 10 дугаар сараас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх гомдлыг хангахгүй.

 

4.4. Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон нөхцөлийн хүрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 11,529,246.95 төгрөг, хүү 7,043,106.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,622,031.6 төгрөг, нийт 20,194,385.53 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны хүрээг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03861 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ