| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0240/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/254 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Билэгдэмбэрэл,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.П.Э,
Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эхолбогдох эрүүгийн 1938002290235 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Тоом багийн төвд Киа Спортаже маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ иргэн П.Ммөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Тоом багийн төвд Киа Спортаже маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ иргэн П.М мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938002290235 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Соёлын төв рүү орж хэсэг бүжиглэж байгаад 23-24 цагийн орчим гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь урд машин байсан учраас, урагшаа гарах боломжгүй юм байна гэж бодоод ойр хавиар мотоцикльтой хүмүүс яваад ирээд байхаар нь тэд нарыг хойгуур орчихвий гэж анхаарлаа төвлөрүүлээд хойшоогоо 12-13 метр орчим ухарахад хүн мөргөчихлөө гэх дуу гарахаар нь зогсоод 1,5 метр орчим урагшлах хөдөлгөөн хийгээд зогсоод машинаас буутал Билэгээ надад хандан чи хүн мөргөөд алчихлаа гэсэн. Тэгэхээр нь би айгаад амиа хорлохоор гол руу гүйхэд Чинбат, Бямба-Очир хоёр намайг барьж авсан. Ингээд тэд нар энэ хүн чинь үхээгүй ухаантай байна гэж намайг тайвшируулсан. Үүний дараа хохирогчийн ах дүү нар нь хохирогчийг миний машинд суулгаад 300 орчим метр газар яваад хувиараа хоолны газар ажлуулдаг айлд аваачсан. Тухайн үед багийн эмч сумын төвд байсан учраас дуудлага өгөөд яаралтай гарч ирэхийг мэдэгдсэн. Тэгээд багийн эмч ирж хохирогчийн биеийг үзээд аймгийн төв рүү явахгүй бол болохгүй юм байна гээд шууд аймгийн төв рүү хохирогчийг авч орж ирээд аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хоёр хоног хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэхээр нь гэр бүлийнх нь хүмүүсийн зөвшөөрөл аваад Улаанбаатар хот руу дуудлага өгөөд тусгай тоноглогдсон машинтай хоёр эмч, хоёр жолооч ирээд хохирогчийг Улаанбаатар хот руу зөөвөрлөсөн…Эм тариа болон бусад эмчилгээнд шаардлагатай зүйлийг надад мэдээлж, би түүнийх нь дагуу мөнгийг шилжүүлж байсан…Би хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардал 8 сая орчим төгрөг төлөөд байгаа…Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13, 16-17 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-ийн 18, 21 дүгээр хуудас/,
Хохирогч П.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед Тоом багт зохион байгуулагдсан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаанд оролцсон юм. Тэгээд бүжгэнд орж байгаад гэрлүүгээ утсаар ярих гээд утасныхаа сүлжээ хайгаад соёлын төвийн урдуур алхаж байтал араас машин ухарч ирээд мөргөөд тухайн үед би ухаан алдсан байсан тул болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Намайг ухаан ороход миний хүзүү өвдөөд хөл гар мэдээ байхгүй өмдөндөө бие зассан байсан. Тэгээд Мөрөнд ирээд эмнэлэгт үзүүлэхэд хүзүү нугасны гэмтэл байна шууд хотруу яв гэж Амарбат эмч хэлэхээр нь Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт хэвтэж мэс засалд орж хүзүү сээрний залгаанд 4 хадаас тавиулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 06-наас 07-ныг шилжих шөнө Улаан-Уул сумын Тоом 2 дугаар багийн төвд болсон бүжгэнд эхнэр П.Мын хамт очсон юм. Тэгээд бүжигнээс гарч гэрлүүгээ утсаар ярих гээд манай эхнэр П.М, Баттогтох бид 3 соёлын төвийн урд алхаж явтал араас улаан өнгийн суудлын жижиг тэрэг ухарч ирээд манай эхнэр П.Мыг мөргөөд дээр нь гарч зогсоход чи мөргөчихлөө гэж орилоход машинаа дахиад урагш нь хөдөлгөөд холдсон. Тухайн үед эхнэр лүүгээ гүйж очиход ухаан алдчихсан байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс ирээд П.Мыг өргөж машинд суулгаад айлд аваачихад ухаан ороод өмдөндөө бие зассан байсан ба суганаас доош мэдээгүй байна, толгой их өвдөж байна гэхээр нь Улаан-Уул сумаас эмнэлгийн машин дуудаад Мөрөнд ирж үзүүлсэн. Мөрөнгийн эмч нар хот яв гэхээр нь хотод очоод гэмтлийн эмнэлэгт очоод хүзүү хугарсан, нугас дарагдсан гээд мэс засалд орсон...Надад санал, гомдол байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/,
Гэрч Б.-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гадаа хүн дайрчихлаа гээд Соёлын төвд байсан хүмүүс гүйгээд байхаар нь очсон. Намайг очиход П.М гуай газарт унасан байдалтай нөхөр нь толгойг нь дээш нь өргөөд өвдөгөө дэрлүүлсэн байдалтай байсан. Тэгээд би П.М гуайгаас та юу болов гэхэд намайг станцаар ярьж байхад машин ирээд мөргөчихлөө гэж байсан. Тэгээд яаж байна гэхэд нуруу маш их өвдөж байна хоёр хөл мэдээгүй байна гэсэн. Харин П.Э болохоор би ангижаваа харахгүй дайрчихлаа гээд хажууд нь сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Соёлын төвд байхад хүн дайруулчихлаа гээд Соёлын төвд байсан хүмүүс гарцгаасан. Тэгээд би араас нь гараад хүн дайруулсан гэх газарт очиход П.М гуай машины хойно газарт хэвтчихсэн гэмтчихсэн юм уу гэмээр П.Э машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд би юу болов гэхэд П.Э ухраад мөргөчихлөө гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-40 дүгээр хуудас/,
Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.Э машинтайгаа ухарч ирээд П.М эгчийг мөргөөд зогссон. Тэр үед П.М эгч П.Эын машины доогуур цээжин биеэрээ орчихсон. П.М эгч машин доороос гарч ирэхдээ ухаан алдсан байдалтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай:
1. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын тоом багийн нутагт Kia Sportaje маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон жолооч П.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-р зүйлд заасан “Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн” заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Номинцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3565 дугаартай:
1. П.Мын биед хүзүүний 6/7-р нугалмын хугарал мултрал, нугалам хоорондын дискний урагдал, нугасны няцрал, цус хуралт, 6-р нугалмын гулсалт, арын сэртэн хоорондын холбоосын урагдал, хүзүүний 7-р сэрээний 1 нугалмын зүүн сэртэнгийн хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-р хуудас/,
Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 98-103-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 67-68, 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938002290235 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Тоом багийн төвд Киа Спортаже маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ иргэн П.Ммөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Машинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13, 16-17 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-ийн 18, 21 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Билэгдэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/,
Хохирогч П.Мын /хх-ийн 25-29 дүгээр хуудас/, гэрч Б.Бямба-Очирын /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Ч.Амартүвшингийн /хх-ийн 34-40 дүгээр хуудас/, гэрч М.Батттогтохын /хх-ийн 44-45 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Номинцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3565 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 57-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч П.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Э нь хохирогч П.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогчид 7.811.909 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч П.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.Эоос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938002290235 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч П.Эын №879023 дугаартай В,С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938002290235 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Киа Спортаже маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.Эод хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938002290235 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч П.Эын ... дугаартай В,С ангиллын ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
6. Эрүүгийн 1938002290235 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Киа Спортаже маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч П.Эоос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР