Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/01047

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/05434 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******т холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч нь албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй орон сууцны үнэлгээг тогтоосноос хойш 2 жил 7 сар өнгөрсөн, энэ үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон тул дахин үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэх үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь төлбөр төлөгч удаа дараа шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2019/01908 дугаар захирамжаар *******, ****** нар нь *******-д 164,9******,904 төгрөгийг төлж, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсангийн гудамж, ****** дугаар байрны 17 тоот хаягт байрлалтай, 110 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцаар хангуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3.1. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсанд үндэслэж явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсангийн гудамж, ****** дугаар байрны 17 тоот хаягт байрлалтай, 110 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилж, 05 дугаар сарын 04-ний өдөр хураан авсан байна.

 

3.2. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор ******-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр томилжээ.

 

3.3. Шинжээч ****** нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцыг 379,364,721 төгрөгөөр үнэлсэн.

 

3.4. Уг үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгчийн гомдлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/02312 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2022/01964 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2022/11435 дугаар захирамж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2023/03400 дугаар захирамж, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/00193 дугаар захирамжаар тус тус төлбөр төлөгчийн хүсэлтээр энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байжээ.

 

3.5. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

 

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан анхны үнэлгээнээс гуравны нэгээс багагүй өөрчлөлт гарсан тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно, мөн хөрөнгийг үнэлснээс хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагаа явуулах журамтай.

Гэвч энэхүү хуулийн зохицуулалтын хүрээнд дахин үнэлгээ хийх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гурван удаа түдгэлзсэн. Үүнээс шалтгаалан хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацаанд албадан дуудлага худалдааг явуулж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн хүсэлтэд үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан хугацаанд үргэлжилж явагдаагүй нь үнэлгээ дахин тогтоолгох үндэслэл болохгүй.

 

4.2. Мөн нэхэмжлэгч нь орон сууцны үнэлгээ 500,000,000-522,500,000 төгрөг болж анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт хөрөнгийн үнэлгээнд орсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр удаашраагүй бөгөөд үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/05434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ