| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/6956/и |
| Дугаар | 5571 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 5571
2016 оны 08 сарын 30 өдөр Дугаар 101/ШШ2016/05571 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............ өөрийн байр, “М“ ХК-ийн /регистрийн дугаар ........../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...............өөрийн байр, “Д” ХХК-д /регистрийн дугаар хххххххххх/ холбогдох
1.056.909.972 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М“ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Зориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь “Д” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр барилгын материал болох арматур худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх тухай М/Д72/424 тоот гэрээг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан.
Захиалагч “Д” ХХК-д бид захиалсан арматурыг цаг хугацаанд нь нийлүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. “Д” ХХК-ийн төлбөрийг 7-14 хоногийн хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч 5.794 тонн арматурыг нийлүүлэн, бид өөрсдөө тээвэрлэлтийн ажлыг нь гүйцэтгэсэн.
“Д” ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд худалдан авсан барааны төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн түнийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд худалдагч талд буюу тус “М“ ХК-д төлөхөөр тохирсон. Хариуцагч “Д” ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 1 сард 380.000.000 төгрөг төлснөөс дахин нэмж төлбөр төлөөгүй.
Иймд “Д” ХХК-иас гэрээний үүрэгт 704.606.648 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 352.303.324 төгрөг, нийт 1.056.909.972 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гүйцэтгээгүй хоногоор алдангийг тооцвол маш их хэмжээний төлбөр гарах тул хуульд нийцүүлэн алдангиа нэхэмжилсэн болно гэв.
Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д” ХХК нь тус “М“ ХК-тай 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр арматур худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулсан.
Уг гэрээгээр Н“ ХХК-ийн хэрэгжүүлж буй Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хорооллын төслийн барилгын ажилд арматур нийлүүлэхтэй холбоотой захиалагч “Д” ХХК болон нийлүүлэгч “М“ ХК-ийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар тохирсон.
Н“ ХХК нь арматурын үнийг захиалагч “Д” ХХК-д шилжүүлээд манай компани мөнгө орж ирсэн даруй төлбөрийг нийлүүлэгч болох “М“ ХК-д төлж байсан.
Гэрээний хугацаанд “Д” ХХК нь 5.794 тонн арматур худалдан авсан ба үнийн дүнгээр 5.484.606.619 төгрөгийн арматур худалдан авсан. Дээрх төлбөрөөс 4.400.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. 2015 оны 11 сарын 20-ны байдлаар 1.084.606.619 төгрөг үлдсэн байсан ба 2016 оны 1 дүгээр сард 380.000.000 төгрөг төлсөн.
Одоо 704.606.648 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд төлбөрийн дийлэнх хэсгийг төлснөөс гадна эдийн засгийн байдлаас үүдээд алданги төлөх боломжгүй байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М“ ХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 1.056.909.972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/Үндсэн төлбөр 704.606.648 төгрөг, алданги 352.303.324 төгрөг, нийт 1.056.909.972 төгрөг/
Нэхэмжлэгч “М“ ХК нь хариуцагч “Д” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр арматур худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Уг гэрээгээр худалдагч “М“ ХК нь захиалагч “Д” ХХК-д уг гэрээний 2.1-д заасан марк, хэмжээ бүхий арматурыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлэхээр, мөн уг арматурыг тээвэрлэн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хорооны нутаг байрлах Шинэ Яармаг орон сууцны цогцолбор төслийн барилгын талбайд хүргэж өгөхөөр харилцан тохирчээ.
Захиалагч “Д” ХХК нь дээрх арматурыг Н“ ХХК-ийн хэрэгжүүлж буй Шинэ Яармаг орон сууцны цогцолбор хороолол төслийн барилгын ажлыг хэрэгжүүлэхээр худалдан авсан нь талуудын тайлбар болон гэрээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “М“ ХК-ийг төлөөлж нягтлан бодогч Ё.Батбаяр, хариуцагч “Д” ХХК-ийг төлөөлж Э.Баяржаргал нар 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авсан бүтээгдэхүүний тооцоог 2 байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн нийлэхэд дээрх хугацаанд “Д” ХХК нь нийт 5794,0066 тонн арматур худалдан авсан, арматурын үнэ 1.046.366.204 төгрөг, тээврийн зардал 38.240.443.56 төгрөг, нийт 1.084.606.647.56 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гэсэн байх ба талууд энэ талаар маргахгүй байгаа болно.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Хариуцагч “Д” ХХК нь тээврийн зардалд 38.240.443 төгрөг, нийт төлбөрт 5.484.606.619 төгрөг төлөхөөс 4.400.000.000 төгрөгийг тооцоо нийлэх үед төлсөн байсан байжээ.
Талууд мөн худалдан авсан бүтээгдэхүүний нэг бүрийн болон нийт үнийн талаар, тээврийн зардлын талаар болон арматурыг хэдий хугацаануудад худалдан авсан талаар тооцоо нийлэн акт, хавсралтыг үйлдсэн байна.
Тооцоо нийлснээс хойш буюу 2016 оны 1 дүгээр сард хариуцагч нь 380.000.000 төгрөгийг төлсөн ба үлдэх төлбөр 704.606.648 төгрөг болох талаар талууд мөн маргахгүй байна.
/ХХ-ийн 9-13 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ“, мөн хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т “Тээвэрлэлтийн гэрээгээр ...ачааг тогтоосон газарт хүргэх, тээвэрлүүлэгч нь тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ“ гэж тус тусзаажээ.
Худалдагч буюу нэхэмжлэгч “М“ ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдсан бүтээгдэхүүнээ тогтоосон газарт хүргэн өгсөн ба худалдан авагч буюу хариуцагч “Д” ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүний үнэ болон тээврийн зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “графикийн дагуу өгсөн захиалгын төлбөрийг арматур нийлүүлэхийн өмнө нийлүүлэгчийн Хаан банк дахь 5030406941 тоот дансанд төлнө“, мөн гэрээний 8.1-т “...барааны үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно“,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн анз гэнэ“,
232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,
232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.
Хариуцагч “Д” ХХК нь хэргийн 9-13 дугаар талд заасан хувиараар арматур худалдан авсан ба гэрээний 3.2-т заасны дагуу төлбөр төлөх үүрэгтэй байсан бөгөөд дээрхийн дагуу алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангийг хуульд нийцүүлэн тооцлоо.
Хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэх ёстой үүрэг 1.056.909.972 төгрөг болно. /бүтээгдэхүүний үнэ болон тээврийн зардал 704.606.648 төгрөг, алданги 352.303.324 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
Иймд хариуцагч “Д” ХХК-иас 1.056.909.972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М“ ХК-д олгох нь зүйтэй.
Хариуцагч “Д” ХХК нь алданги төлөх боломжгүй гэсэн ч энэ талаарх буюу хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг ирүүлээгүй учир алдангийг багасган шийдвэрлэх боломжгүй.
Захиалагч “Д” ХХК нь дээрх арматурын үнийг төсөл хэрэгжүүлэгч Н“ ХХК манай байгууллагаар дамжуулан төлж байсан гэж тайлбарлах боловч талуудын байгуулсан гэрээнд төлбөрийг төсөл хэрэгжүүлэгч төлөхөөр, худалдан авагч “Д” ХХК-иар дамжуулан төлөх талаар харилцан тохирч тусгаагүйгээс гадна мөн төслийн хүрээнд баригдсан орон сууц, үйлчилгээний талбайн хэсгээс арилжин тооцож болно гэсэн хэдий ч худалдагч нь худалдан авагчтай талбайн үнийн талаар харилцан тохиролцсон талаарх баримтыг ирүүлээгүй тул төлбөрийг төсөл хэрэгжүүлэгчээс, орон сууц болон үйлчилгээний талбайн хэсгээр харилцан тооцож гаргуулах үндэслэлгүй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч “Д” ХХК-иас 1.056.909.972 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М“ ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М“ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.442.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 5.442.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М“ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН