| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2023/05407/И |
| Дугаар | 210/МА2025/01067 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01067
****** нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/02002 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-тай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ****** орон сууц нэртэй үйлчилгээтэй орон сууцны цогцолбороос 3 давхарт, 307 дугаартай, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 32,600,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн.
Энэхүү орон сууцыг анх худалдан авсан ****** гэдэг хүн захиалгын төлбөрийн үлдэгдлээ төлж чадаагүй байсан тул гэрээний эрх үүргийг ****** надад шилжүүлэхийг ******* зөвшөөрсөн.
****** нь өөрийн өмчлөлийн 32.6 м.кв орон сууцыг бусдад худалдах эрхийг *******-д олгоогүй, гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.
Иймд хариуцагч *******ын эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, *******тай байгуулсан 103 тоот гэрээг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр ******г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг *******-д даалгаж өгнө үү.
2. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Барилгын төслийн ажил эхлээд явж байтал дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч, хөл хорио тогтоогдсон. Үүний улмаас барилгын материалын хомсдол бий болж, барилгыг товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх захиалагч нарыг орон сууцад нь оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалаад манай компани хөрөнгө оруулагч хайсан.
Хөрөнгө оруулагч хайж байх үед энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн н.Болортунгалаг манай компанид хөрөнгө оруулж, компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж, тухайн үедээ гүйцэтгэх захирлаар томилогдсон.
******тай гэрээ байгуулснаас 2 сарын дараа гүйцэтгэх захирал ******* нь анхны төсөвлөсөн өртгөөр барилгыг барих боломжгүй гэсэн учир захиалагч нарт гэрээ шинэчилж хийх саналыг гаргаад, үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн.
Захиалагч ******д гэрээний дагуу 32,600,000 төгрөгт барьж, хүлээлгэн өгөх боломжгүй, компани алдагдалтай байх тул үнийг тодорхой хэмжээгээр нэмье гэдэг саналыг тавьсан. ****** нь уг саналыг хүлээж авалгүй, өөр хүнд худалд, миний төлсөн төлбөрийг надад буцаагаад өг гэх санал гаргасныг компаниас зөвшөөрсөн.
Ингээд 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******тай гэрээ байгуулж, 57,000,000 төгрөгөөр тухайн орон сууцыг худалдсан бөгөөд ******* нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******-тай гэрээ байгуулж дээрх нэг өрөө орон сууцыг 57,837,500 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцны төлбөрийг 100 хувь төлж, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцандаа орсон. Тус орон сууцад өөр захиалагч байгаа талаар огт мэдээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан *******, ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ******* дугаар байрны 307 тоот орон сууцны өмчлөгчөөр ******г тогтоож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч *******-д даалгаж,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ******* дугаар байрны 307 тоот орон сууцнаас Гал боржигон овогт ******* /РД:******/-ыг албадан чөлөөлж,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Сартуул овогт ****** ****** /РД:*******/-нд Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ******* дугаар байрны 307 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 798,140 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Тус хэргийг шийдвэрлэсэн өмнөх шийдвэрт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн, гэтэл хэрэгт шинээр баримт авагдаагүй, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад худалдах, худалдан авах гэрээний шинжтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т "Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй" гэж заасан. ****** нь өөрөө хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажлыг бүрэн дуусахаас өмнө гэрээг цуцалсан ба гэрээ цуцалж байгааг ****** нь зөвшөөрсөн.
Улмаар тухайн захиалгаар баригдаж буй орон сууцанд өөр захиалагч болох *******тай гэрээ байгуулан төлбөрийг авсан бөгөөд нийт захиалагчийн эрх ашиг сонирхлыг хангах, орон сууцаа ашиглалтад оруулахаар төлбөрийг зарцуулсан.
******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******ийн мэдүүлэг, *******-****** нарын харилцсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар ****** нь орон сууцны төлбөрийг буцаан авах талаар хүсэлтээ илэрхийлсэн нь нотлогдсон. Мөн вайбер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл нь хэргийн үйл баримтыг нотолж буй хөдөлбөргүй нотлох баримт юм.
Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүхээс гарах шийдвэрээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар дүгнэлт хийхийг тодорхой тусгасан. Дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч О.Хаш-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, магадлалд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
****** нь *******-д захиалсан орон сууцыг худалдах зөвшөөрөл өгсөн боловч ******* нь ******д төлбөрийг нь өгөлгүй удааж, зөрчил үүссэн байна. Хоёр талын хариуцлагагүй харилцааны улмаас үүссэн зөрчлөөс болж шударга өмчлөгч миний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч орон сууцны үнийг 100 хувь төлсөн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байхад ******* үүнийг цуцлах талаар мэдэгдэлгүйгээр орон сууцыг *******д нууцаар шилжүүлсэн нь хууль бус. Барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх үндэслэл нь нотлогдоогүй бөгөөд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөлийг биелүүлээгүй. Хариуцагч нь гэрээг цуцалсан талаарх мэдэгдэл, үнийн өсөлтийн талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам, ******* дугаар байрны 307 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, уг орон сууцыг *******ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нь ******* болон ******* нарын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн үзсэн, нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага гэж буруу тодорхойлсон алдааг залруулж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.
2.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж, хариуцагч ******* нь гэрээний үндсэн дээр маргааны зүйл болж буй орон сууцыг худалдан авсан гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. ******* нь Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ****** орон сууц үйлчилгээний цогцолбороос 3 давхарт 307 тоот хаягт байрлах 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 32,600,000 төгрөгөөр ******д худалдахаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, 57,837,500 төгрөгөөр *******д худалдахаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус гэрээ байгуулсан ба гэрээнд заасан төлбөрүүд төлөгдсөн.
Уг орон сууц одоо хариуцагч *******ын эзэмшилд буй.
Энэ үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. ****** болон *******-ийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн.
4.1. Энэ гэрээнээс талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу татгалзсан үйл баримт тогтоогдоогүй.
Хариуцагч ******* нь ковид-19 цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж, барилгын материалын үнэ өссөн гэх үндэслэлээр гэрээний үнийг нэмэгдүүлж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Талууд ковид-19 цар тахал гарснаас хойш гэрээ байгуулсан тул цар тахлын улмаас үүсэх нийгэм, эдийн засгийн үр дагаврыг мэдэж байж гэрээг байгуулсан гэж дүгнэх үндэстэй.
Мөн хариуцагч нь гэрээний үнийг хэдий хэмжээгээр нэмэгдүүлсэн талаарх бодит тооцоо, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
*******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******ийн мэдүүлэг, *******-****** нарын харилцсан вайбер чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримт нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлохгүй.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн баримтгүй.
Иймд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээнээс талууд татгалзаагүй тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгчээ.
4.2. Анхан шатны шүүх ******* болон ******* нарын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасантай нийцээгүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн буруу дүгнэсэн. Учир нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тухайн үед нэхэмжлэгч бүртгэгдээгүй байсан тул уг орон сууцыг худалдах, худалдан авах тухай дээрх гэрээ нь хүчин төгөлдөр байна.
4.3. Ийнхүү ******* нэг орон сууцыг хоёр этгээдэд худалдсанаас үүдэн аль нь өмчлөгч болохыг тогтоох шаардлага үүссэн. Шүүх нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй гэж зөв дүгнэсэн ч холбогдох хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглээгүй. Иймд үүнийг залруулж, нэмэлт дүгнэлт өгөх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь *******-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр уг орон сууцыг өмчлөлдөө авахаар шаардах эрхтэй болохыг дээр дурдсан.
Харин *******ын хувьд гэрээ байгуулах үед орон сууц өмнө нь худалдагдсан эсэхийг мэдсэн гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд түүнийг шударга эзэмшигч гэж үзнэ.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар, нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, эсхүл эзэмшилд шилжээгүй бол түрүүлж гэрээ байгуулсан этгээд давуу эрхтэй.
Гэвч *******ыг орон сууцыг түрүүлж эзэмшсэн гэж үзэх боломжгүй, учир нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр уг орон сууцыг улсын комиссоор ашиглалтад хүлээн авах үед хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнээс татгалзаж, *******тай шинэ гэрээ байгуулсан байсан тул нэхэмжлэгчид орон сууцыг эзэмшилдээ авах эрхээ хэрэгжүүлэх боломж байгаагүй.
Хэдийгээр ******* орон сууцыг шударгаар эзэмшсэн боловч Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхгүй тул эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.
Иймд ****** дээрх орон сууцны өмчлөгч тул түүнийг өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт, мөн орон сууцыг *******ын эзэмшлээс албадан чөлөөлөх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.
Мөн анхан шатны шүүх орон сууцыг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг шийдвэрлэхдээ үүнд хамаарахгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байгааг залруулна.
5. Маргааны зүйл болж буй орон сууцны барилга нь ****** өмчлөлд 70 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
****** нь хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын хувьд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус компанийг төлөөлж энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчид итгэмжлэл олгож байсан тул тухайн үеэс түүний өмчлөлд бүртгэгдсэн орон сууцны талаарх маргааны тухай мэдсэн.
Мөн шүүхээс ******д уг маргаан хянагдаж байгаа болохыг мэдэгдсэн боловч шүүхэд ирээгүй, хүсэлт гаргаагүй.
Иймд түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр зарим орхигдуулсан эрх зүйн дүгнэлтийг нэмж дүгнээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/02002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 2, 3 дахь заалтыг нэгтгэж, 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам, ******* дугаар байрны 307 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр ******г бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, уг орон сууцыг *******ын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй. гэж өөрчлөн найруулж,
4 дэх заалтыг 2, 5 дахь заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798,140 төгрөг, хариуцагч *******ын төлсөн 447,138 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.БАДРАХ