Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 939

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00784/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум *** дугаар баг, 21-р хороолол, ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар ТЗ***, Б*** гэлэн овогт Т*** С***ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг ***-р байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар МЮ***, И*** овогт Л*** Э***д холбогдох

 

1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.С***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.С***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Э***д нэг сая төгрөгийг, 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Э*** нь зээлсэн мөнгөө төлөлгүй өнөөг хүрч, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас үндсэн зээлийн 1 сая төгрөгийг хүү, алданги 500 000 төгрөгийн хамтаар 1500 000 төгрөг болгон нэхэмжилж байна. Миний эрүүл мэндийн байдал тааруу, эмчилгээ хийлгэх яаралтай шаардлага байгаа тул дээрхи 1500 000 төгрөгийг Л.Э***оос гаргуулж өгнө үү гэв.

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.С*** нь хариуцагч Л.Э***д холбогдуулан үндсэн зээл 1 сая төгрөг, хүү, алданги 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Т.С*** нь хариуцагч Л.Э*** нар нь харилцан тохиролцож, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийг, 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөхөөр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. / хх-ийн 3/

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 1 сар бөгөөд хугацаа дуусссан байна.

 

            Хариуцагч Л.Э***д нэхэмжлэлийн хувийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарласан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг өөрийн гэрийнх нь хаягаар удаа дараа хүргүүлэхэд хаягт хүн байхгүй, гар утсанд нь захидал хүргүүлж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “... шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна”, 77.8-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Л.Э***оос 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.С***д олгох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л.Э***оос 1 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.С***д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 39 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э***оос 39 000  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА