Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 530

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч Б.Ширэндэв,

Шинжээч М.Золжаргал,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Э.Бт холбогдох эрүүгийн 1810017610304 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 5-18 насны 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Э.Б

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь цээжний зүүн талд 4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны плеврийн хөндийд хий хуралдалт, зүүн уушигны дээд дэлбэнгийн авчилт, баруун мөрөнд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Шинжээч М.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Х.Бын биед цээжний зүүн талд 4,5,6 хавирганы хугарал, зүүн уушигны плеврийн хөндийд хий хуралдалт, зүүн уушигны дээд дэлбэнгийн авчилт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломтой гэсэн дүгнэлт гаргасан...” гэв.

Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, тоотод гэртээ байж байхад охин Н 04 цагт гэртээ орж ирэхэд нөхөр Бтой гэр бүлийн маргаанаас болоод охин Н “ би эцэг шигээ тэнэмэл болох гээд байгаа юм уу” гэж хэлсний төлөө нөхөр Б босч ирээд охин бид хоёрын үснээс зэрэг зулгааж, газар унагааж охин Нын гэдэс рүү өшиглөж, нүүрэн тус газар луу нь гараараа цохисон. Би охиноо салгаж авах гэтэл миний ард дал хэсэг рүү өшиглөснөөс болоод амьсгалж чадахгүй хэвтэж байхад миний хоолойг боохоор нь би “ааваа” гээд орилсон чинь миний амыг дараад байсан. Тэгтэл Б гараад явсан, охин Н 102 тусгай дугаар луу залгаж цагдаа дуудсан, Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна, зодуулсан нь үнэн...” гэжээ. /хх-н 17/,

Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэртээ орсон чинь ээж унтаагүй байсан. тэгээд би ээждээ туслаад гэрээ цэвэрлээд юм яриад сууж байсан чинь ээж надад мазокийн шинжилгээ өгсөн. Аав чинь “ямар ч өвчин тээгээд ирсэн юм билээ” гэж хэлсэн чинь аав том өрөөнд унтаж байснаа сэрээд, хэвтэж байхдаа утсаа шидсэн. Тэгтэл ээж “үнэн биз дээ” гэж хэлсэн чинь аав босч ирээд ээжийг үсдэж доош унагаасан. Тэр үед би салгах гээд ойртсон чинь миний элэг рүү цохиод би элгээ тэврээд газарт хэвтсэн, тэр үед ээж миний хажууд хэвтэж байсан. Аав Б бид хоёрыг хөлөөрөө 5-10 минут өшиглөж зодчихоод аав хувцасаа өмсөж байсан чинь ээж “цагдаа дуудна” гэсэн чинь аав гараад зугтаасан. Зодох шалтгаан нь ээж аавыг өөр хүнтэй болсон гэх маргаанаас болсон, аав Б согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, 2016 онд би шөнө орж ирсэн чинь аав намайг загнахаар нь би өөдөөс нь юм хэлсэн чинь намайг алгадсан,

...2017 онд би бас оройтож ирсэн, аав мэдэлгүй миний өвчтэй гарлуу хальт цохисоныг би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгт уурандаа зодсон болгож хэлсэн, аав намайг оройн 21 цагаас хойш гарч болохгүй шүү чи өсвөр насны хүүхэд гэж анхааруулаад байхад би үгнээс нь зөрөөд тийм зүйл болсон, тэр үед зодсон асуудал байхгүй, би өөрөө оройтож ирээд загнуулж байсан, ...урьд өмнө ээжийг зодож байсан асуудал байхгүй, ...миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй зовиур байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэжээ /хх-н 30, 33/

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б өмнө нь нөхөр зодож байсан гэж зүйл ярьж байгаагүй, ...аав хүний зангаар хүүхдүүдээ загнаж алгадах зүйл байдаг тэрнээс биш хүчирхийлэлтэй холбоотойгоор зодож байсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-н 40-41/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8596 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Х.Бын биед цээжний зүүн талд 4,5,6 хавирганы хугарал, зүүн уушигны плеврийн хөндийд хий хуралдалт, зүүн уушигны дээд дэлбэнгийн авчилт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ /хх-н 46/,

Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...аав ээжид гар хүрсэн зүйл 2018 оны 07 дугаар сард болсоныг эгчээс сонссон...” гэжээ. /хх-н 27/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-91/,  ял шалгах хуудас / хх-85/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Б тай маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь цээжний зүүн талд 4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны плеврийн хөндийд хий хуралдалт, зүүн уушгины дээд дэлбэнгийн авчилт, баруун мөрөнд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Бын “...2018 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, тоотод гэртээ байж байхад охин Н 04 цагт гэртээ орж ирэхэд нөхөр Бтой гэр бүлийн маргаанаас болоод охин Н “ би эцэг шигээ тэнэмэл болох гээд байгаа юм уу” гэж хэлсний төлөө нөхөр Б босч ирээд охин бид хоёрын үснээс зэрэг зулгааж, газар унагааж охин Нын гэдэс рүү өшиглөж, нүүрэн тус газар руу нь гараараа цохисон. Би охиноо салгаж авах гэтэл миний ард дал хэсэг рүү өшиглөснөөс болоод амьсгалж чадахгүй хэвтэж байхад миний хоолойг боохоор нь би “ааваа” гээд орилсон чинь миний амыг дараад байсан. Тэгтэл Б гараад явсан, охин Н 102 тусгай дугаар луу залгаж цагдаа дуудсан, Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлж байна, зодуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Нын “...Гэртээ орсон чинь ээж унтаагүй байсан. тэгээд би ээждээ туслаад гэрээ цэвэрлээд юм яриад сууж байсан чинь ээж надад мазокийн шинжилгээ өгсөн. Аав чинь “ямар ч өвчин тээгээд ирсэн юм билээ” гэж хэлсэн чинь аав том өрөөнд унтаж байснаа сэрээд, хэвтэж байхдаа утсаа шидсэн. Тэгтэл ээж “үнэн биз дээ” гэж хэлсэн чинь аав босч ирээд ээжийг үсдэж доош унагаасан. Тэр үед би салгах гээд ойртсон чинь миний элэг рүү цохиод би элгээ тэврээд газарт хэвтсэн, тэр үед ээж миний хажууд хэвтэж байсан. Аав Б бид хоёрыг хөлөөрөө 5-10 минут өшиглөж зодчихоод аав хувцасаа өмсөж байсан чинь ээж “цагдаа дуудна” гэсэн чинь аав гараад зугтаасан. Зодох шалтгаан нь ээж аавыг өөр хүнтэй болсон гэх маргаанаас болсон, аав Б согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, 2016 онд би шөнө орж ирсэн чинь аав намайг загнахаар нь би өөдөөс нь юм хэлсэн чинь намайг алгадсан, ...2017 онд би бас оройтож ирсэн, аав мэдэлгүй миний өвчтэй гар руу хальт цохисоныг би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгт уурандаа зодсон болгож хэлсэн, аав намайг оройн 21 цагаас хойш гарч болохгүй шүү чи өсвөр насны хүүхэд гэж анхааруулаад байхад би үгнээс нь зөрөөд тийм зүйл болсон, тэр үед зодсон асуудал байхгүй, би өөрөө оройтож ирээд загнуулж байсан, ...урьд өмнө ээжийг зодож байсан асуудал байхгүй, ...миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй зовиур байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.А “...Б өмнө нь нөхөр зодож байсан гэж зүйл ярьж байгаагүй, ...аав хүний зангаар хүүхдүүдээ загнаж алгадах зүйл байдаг тэрнээс биш хүчирхийлэлтэй холбоотойгоор зодож байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №8596 дугаартай шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй гэрч Б.М “...аав ээжид гар хүрсэн зүйл 2018 оны 07 дугаар сард болсоныг эгчээс сонссон...” гэх мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Бт  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан ба  мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй  гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Э.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э-н Бийг 12000 нэгж буюу 12.000.000 / арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Бт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                  

                                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ