| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/00461/И |
| Дугаар | 210/МА2025/01068 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01068
******, ****** нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч, Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/03124 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** СӨХ-ны захирал ******, удирдах зөвлөлийн дарга ****** нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******ид холбогдох,
****** СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч ******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 1А байрны "******" СӨХ-ны бүх гишүүд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, өмнөх удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон гүйцэтгэх захирал ******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, оронд нь шинэ удирдах зөвлөлийн 5 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн, гүйцэтгэх захирлаар оршин суугч ****** томилсон.
Хуралдааны дараа шинэ удирдлагууд хуучин захирал ******оос "******" СӨХ-ны тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг авахыг оролдсон боловч тэрээр эдгээрийг өгөхөөс татгалзаж, хуучнаар СӨХ-ны үйл ажиллагааг удирдсаар байсан. Үүний улмаас гомдол гаргаж, асуудлыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдсэн.
Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин бүх гишүүдийн хурал хуралдаж, 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлыг хүчинтэйд тооцон, тухайн хурлаар сонгогдсон удирдлагуудыг баталгаажуулж, хуучин захирлаас тамга, гэрчилгээг шилжүүлэн авч, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг шинэ удирдлагаар явуулах шийдвэрийг гаргасан.
Гэвч хуучин захирал ****** дээрх шийдвэрүүдийг үл тоон, хуралд өөрөө оролцсон хэдий ч өнөөг хүртэл "******" СӨХ-ны тамга, гэрчилгээг өгөхөөс татгалзаж, хуучнаар үйл ажиллагааг үргэлжлүүлэн удирдаж байгаа.
Иймд "******" СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би 2014 оноос хойш "******" сууц өмчлөгчдийн холбооны даргын үүргийг хуулийн дагуу хүлээн авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн удирдан зохион байгуулж ирсэн.
Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ****** гэдэг хүн бол манай байрны оршин суугч биш, Чингэлтэй дүүрэгт оршин суудаг хүн бөгөөд манай сууц өмчлөгчдийн холбоотой ямар ч холбоогүй. Ийм хүн өөрийгөө удирдах зөвлөлийн дарга гэж нэрлэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд манай байрны дотоод асуудалд гаднаас оролцох оролдлого гэж үзэж байна.
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бүх гишүүдийн хурал болсон гэх мэдээлэл нь үндэслэлгүй. Тэр өдөр ямар ч албан ёсны хурал болоогүй. Харин тэд манай байрны түрээслэгчдийг цуглуулж зураг даруулан, бүх гишүүдийн хурал болсон мэт баримт бүрдүүлж, бусдын гарын үсгийг дуурайлган зурсан байх өндөр магадлалтай. Энэ бол хуурамч баримт бүрдүүлж, хууль бусаар СӨХ-ны удирдлагыг авах гэсэн үйлдэл юм.
Манай сууц өмчлөгчдийн холбоо 2024 оны 04 дүгээр сард жинхэнэ гишүүдийн хурлаа хийж, үйл ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэсэн. Мөн дүүрэг болон сууц өмчлөгчдийн холбооны дээд байгууллагаас шалгалт ирж, манай холбоог "хамгийн сайн" гэсэн үнэлгээгээр үнэлсэн байдаг.
Нэхэмжлэлд дурдагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тухайд ч мөн хууль бус. Учир нь тухайн хуралд хорооны засаг дарга ******* оролцсон нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ нь улс төрийн зорилго агуулсан оролдлого гэдэг нь илт юм. Сууц өмчлөгчдийн холбооны хуралд гагцхүү сууц өмчлөгчид л оролцох эрхтэй.
Сууц өмчлөгч биш этгээдүүдийн санаачилгаар миний бие сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, тамгыг шилжүүлж өгөх ёсгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар нэхэмжлэгч ******, ****** нарт ****** СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагч ******ид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******, ****** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн.
4. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх хуралдааны товыг өмгөөлөгчид огт мэдэгдэлгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг хийсэн. Мөн ******ид шүүх хуралдаан болохыг 9917-8901 дугаарт мессежээр мэдэгдсэн боловч энэ үед нь ****** нь БНСУ-д эмчлүүлэхээр явсан байсан. Шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан хийсэнд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.12-д зааснаар шүүх хуралдаанд оролцох эрх нь өмгөөлөгчид байхад тов мэдэгдэлгүйгээр хурал хийсэн нь хууль бус байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
******, ******, ****** нарын гаргасан "******" СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагч ******ид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Тус сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал зохих ирцийг ханган хуралдаж өмнөх удирдлагуудыг сольсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. ****** СӨХ-г төлөөлж захирал ******, удирдах зөвлөлийн дарга ****** нар нь хариуцагч ******ид холбогдуулж ****** СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг тодорхойлохдоо ****** СӨХ-г төлөөлж нэхэмжлэл гаргаж буй төлөөллийн оролцоог орхигдуулсан байгааг дээрх байдлаар залруулав.
2.1. Хариуцагч нь тус сууц өмчлөгчдийн холбооны захирал хэвээр байгаа, түүнийг ажлаас чөлөөлсөн гэх бүх гишүүдийн хурал хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. ****** СӨХ-ны бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь санаачилга гаргасан тул тус сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал оролцвол зохих 129 гишүүнээс 72 гишүүн хүрэлцэн ирсэн ирцтэйгээр 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болжээ.
Энэхүү бүх гишүүдийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.5, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хурал зарлах хугацаа, ирцийн шаардлагыг хангасан байна.
3.1. Улмаар бүх гишүүдийн хурлын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24-01-01, 24-01-03 дугаар тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т зааснаар өмнөх удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүдээр ******, ***, ****, ******, ******, хяналтын зөвлөлийн гүшүүдээр ******, ******, ****** нарыг сонгожээ.
3.2. Шинээр сонгогдсон удирдах зөвлөл 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал ******ийг ажлаас нь чөлөөлж, ****** гүйцэтгэх захирлаар томилсон.
3.3. Хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлын хүчин төгөлдөр байдлын талаар маргасан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас тус дүүргийн 2 дугаар хорооны засаг дарга *******д 2024 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ****** СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зарлаж тайланг ирүүлэхийг мэдэгджээ.
Үүний дагуу ****** СӨХ-ны бүх гишүүдийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж өмнөх 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг дэмжиж, дахин баталгаажуулсан. Энэ хуралд хариуцагч оролцсон.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх ****** СӨХ-ны бүх гишүүдийн хурал болон удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу хариуцагчийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны бөгөөд энэ үндэслэлээр шинээр томилогдсон гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл нь сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, тамгыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн.
Дээрх дүгнэлт нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4.9-т нийцэж байна.
4.1. Учир нь ****** СӨХ-ны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь санаачлан, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн тухай хуулийн 8-9 дүгээр зүйлд заасан хурал зарлах, ирцийн шаардлага хангасан байдлаар зохион байгуулсан байх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд удирдах болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн.
Улмаар тус хурлаас гарсан шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргасан тул 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон бүх гишүүдийн хурлаар дахин өмнөх шийдвэрээ баталгаажуулсан.
Иймд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлыг зарлах, явуулах, шийдвэр гаргах ажиллагаа нь холбогдох хуулийн шаардлагад нийцсэн, дараагийн хурлаар дахин баталгаажсан тул уг хурлаас гарсан шийдвэрийг хууль ёсны, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
4.2. Мөн шүүхээс ****** нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон бүх гишүүдийн хурал хуульд заасан хэлбэрээр болоогүй, оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар зурсан, бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, оршин суугчид биш түрээслэгчид оролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүднээс 2024 оны 06 дугаар сарын 12, 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, ирцийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Энэ тохиолдолд уг баримтад тусгагдсан үйл баримтыг няцаах үүрэг хариуцагчид ногдоно.
Хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 02 дугаар сарын 14-ний өдөр хариу тайлбар, баримт, хууль зүйн туслалцаа авах гэрээг шүүхэд ирүүлсэн. Үүнээс хойш хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд аливаа хүсэлт, баримт өгөөгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчид өөрийн татгалзал, тайлбарыг нотлох үүргээ хэрэгжүүлэх хугацаа байсан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.3. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч талын шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байгааг залруулж өөрчлөлт оруулна.
5. Шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, тов мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр утсаар мэдэгдсэн байна.
Ийнхүү товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.
5.2. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээр түүний өмгөөлөгчид мэдэгдсэнд тооцогдох тул өмгөөлөгчид товыг тусгайлан дахин мэдэгдэх шаардлагагүй. Мөн хариуцагч шүүх хуралдаанд оролцож чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж гомдолдоо дурдсан боловч анхан шатны шүүхэд энэ талаар урьдчилан мэдэгдээгүй, холбогдох хүсэлт, нотлох баримт ирүүлээгүй болно.
Түүнчлэн хариуцагч нь шүүх хуралдаан болох үед БНСУ-д байсан гэж байгаа боловч энэ тохиолдолд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргийнхээ дагуу шүүх хуралдааны товыг шүүхээс лавлаж, холбогдох арга хэмжээг авах ёстой байсан.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/03124 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4.9-т зааснаар хариуцагч ******оос ****** СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргуулж нэхэмжлэгч ****** СӨХ-ны захирал ******, удирдах зөвлөлийн дарга ****** нарт олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ