Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01069

 

 

 

 

 

 

*******

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д,Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02499 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******-д холбогдох,

72,558,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

****** нь ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сараас хойш төлөлгүй Хөдөлмөрийн тухай хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн.

Тус компанийн үүрэгт нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд үнэн зөв тайлагнаж, сар бүр шилжүүлэн төлөх, баталгаажуулах зэрэг багтдаг хэдий ч эдгээрийг биелүүлээгүйгээс үүдэн 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 33 гаруй сая төгрөгийн өр үүссэн бол 2024 оны 11 дүгээр сар гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49,206,360 төгрөгт хүрч, үүн дээр хугацаа хэтрүүлсний улмаас 22,851,928 төгрөгийн алданги, 500,000 төгрөгийн торгууль нэмэгдэн нийт 72,558,288 төгрөгийн өр хуралдсан байна.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлд 49,206,360 төгрөг, алданги 22,851,928 төгрөг, торгууль 500,000 төгрөг, нийт 72,558,288 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

****** нь 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг төрд төлөх бүх төлбөрөө хуульд заасан хугацаанд үнэн зөвөөр тайлагнаж, төлж ирсэн. Гэвч 2022 оноос цар тахлын улмаас манай үйл ажиллагаа зогсож, орлого олох боломжгүй болсон төдийгүй, бусад авлагаа ч барагдуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Үүссэн хүндрэлтэй холбоотойгоор бид ажилчдаа бүрэн халалгүй, ажлын байрыг нь хадгалахыг зорьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой хугацаанд цалин олгоогүй ч цалингийн доод хэмжээгээр тайлангаа гаргасаар ирсэн.

Тиймээс нэхэмжлэлээс алданги 22,851,928 төгрөг, торгууль 500,000 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч ******-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49,206,360 төгрөг, алданги 22,851.98 төгрөг, нийт 72,058,288 төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч ******-иас 518,241 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Манай компани 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2020 оноос буюу дэлхийн нийтийн цар тахал болох "Ковид-19" өвчний улмаас үйл ажиллагаа доголдож, зөвхөн инженер, техникийн ажилчдын ажлын байрыг хадгалах зорилгоор тайланг тайлагнаж байсан болно. Харин бусад ажилчдыг 2023 оны 09 дүгээр сараас ажлаас чөлөөлж, ямар нэгэн цалин хөлс олгоогүй.

Үүний улмаас түр хугацаанд нягтлан бодогчийн алдаанаас болж тайлан буруу тайлагнасантай холбоотойгоор нэхэмжлэлийг бүхэлд нь хангасанд гомдолтой байна. Тухайлбал, 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорон дахь тайланг буруу гаргасан тул 2023 оны тайланд орсон ******, ******, *****, ****, ******, ******, 2024 оны тайлан орсон ******, ******, ******, *****, ****, ****** нарын нэрийг хасуулах саналтай байна.

Иймд тайланд засвар хийх, компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгууль, алданги болох 22,851,928 төгрөгийг хасуулан тооцоолохгүйгээр харилцан тооцож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тайлангаа буруу гаргасан талаарх хүсэлтийг одоо шүүх шийдвэрлэх боломжгүй. Шүүх баримтын хүрээнд шийдвэр гаргасан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч ******-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 49,206,360 төгрөг, алданги 22,851,928 төгрөг, торгууль 500,000 төгрөг, нийт 72,558,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь алданги, торгуулийг төлөхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлнө гэж тайлбар гаргасан.

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нь хоёр өөр хуулийн үйлчлэлд хамаарч буйг анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

3. ****** нь 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар дуустал хугацааны 33,088,600 төгрөгийн, 2024 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар дуустал хугацааны 15,617,760 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл тус тус төлөөгүй.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгөөр торгуулж, уг торгуулийг төлсөн байна.

Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдсон.

 

4. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т зааснаар ажил олгогч нь орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй.

Энэ үүргийнхээ хүрээнд хариуцагчийн гаргаж өгсөн тайланд үндэслэн нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож байгаа тул нягтлан бодогчийн алдаанаас болж буруу тайлан гаргасан гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Мөн уг мэтгэлцээний байр суурийг хариуцагч нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрхийлээгүй.

Иймд хариуцагчаас 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар дуусах хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 33,088,600 төгрөгийг гаргуулах нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д, 2024 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 15,617,760 төгрөгийг гаргуулах нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т нийцнэ.

 

4.1. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хугацааны алдангийг ялгамжтай байдлаар хуваарилна.

Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүйгээр тооцоход 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар дуусах хүртэлх хугацааны 33,088,600 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлд ногдох алданги 9,926,580 төгрөг,

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцоход 2024 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны 15,617,760 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлд ногдох алданги 7,808,880 төгрөг тус тус болж байгаа тул энэ хэмжээнд алданги шаардсан шаардлагыг хангана.

 

4.2. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэврээр торгосон 500,000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулсан тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв.

 

4.3. Иймд хариуцагчаас нийт 66,441,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 6,116,468 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Үүнтэй холбоотойгоор тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулахын зэрэгцээ анхан шатны шүүхээс тэмдэгтийн хураамжийн талаарх хуулийн зохицуулалтыг дутуу хэрэглэсэн алдааг залруулах болно.

5. Дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02499 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/ 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагч ******-иас 66,441,820

төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгож, нэхэмжлэлээс 6,116,468 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******-иас 490,159 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518,241 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ