| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0331/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/256 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цхолбогдох эрүүгийн **********дугаар хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.А-ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатайгаар хууль буруу хэрэглэж, иргэн Г.Ш-д торгуулийн арга хэмжээ авч өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.А-ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатайгаар хууль буруу хэрэглэж, иргэн Г.Ш-д торгуулийн арга хэмжээ авч өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн **********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Г.Шнь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хатгал тосгонд хууль бусаар хус мод тээвэрлэж явж байгаад манай байгаль хамгаалагч Г.А************д шалгуулсан байсан. Нийт 20 ширхэг богино хус, 13 ширхэг урт хус мод хураагдсан байдаг. Г.А************ надад хус модоо хүлээлгэж өгөхөөс өмнө нь манай хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан. Л.Д************ын таньдаг хүн гэсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л.Д************ даргыг цаанаас нь гуйгаад байгаа юм байна гэж ойлгоод зөрчлийг нь өөрчилж “Байгалийн дагалдах баялаг ашигласан” гэдэг байдлаар торгуулийн арга хэмжээ авсан. Яг хуулийн дагуу арга хэмжээ авсан бол Байгаль орчны тухай хуулийн дагуу нөхөн төлбөр тавьж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэх ёстой…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Ялыг маань хөнгөрүүлж өгнө үү гэж хэлмээр байна.....” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хувьд Хөвсгөл аймаг дахь байгаль орчин аялал жуулчлалын газрын ойн албаны дарга ажилтай. ... би үүргийнхээ дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас хус мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна гэдгийг сонссон. Манай газрын дарга уг хэрэгт намайг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилож, би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн үед ажилгүй байсан. Тухайн шөнө над руу танихгүй залуу утсаар яриад Батцоожийн найз байна. Зөвшөөрөлгүй мод ачиж яваад хураагдчихлаа. Та байгаль хамгаалагч руу яриад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би О.Өлзийдэмбэрэлтэй утсаар холбогдоод юу болсон талаар нь асуухад зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад хураагдлаа гэсэн. Хэн ахлаж ажиллаж байгаа юм бэ? гэсэн чинь Г.А************ ахлаад байж байна гэсэн. Тэгээд Г.А************тай ярьсан чинь Д.Б********** даргад мэдэгдчихсэн байгаа, одоо байгууллагын хашаан руу аваад явах гэж байна гэсэн. Тэгэхээр нь за, за Д.Б**********т мэдэгдсэн бол би гуйгаад яахав гэж хэлээд орхисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Эгийн голын гүүрний хяналтын пост дээр байгаль хамгаалагч О.Өлзийдэмбэрэлийн хамт “Хууль бус мод бэлтгэл, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” арга хэмжээний хүрээнд хяналт шалгалт явуулсан. Тэгэхэд портер маркийн автомашинтай мод ачсан жолоочийг зогсоож шалгахад гарал үүслийн гэрчилгээгүй, мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлээд явж байсан. Хаанаас бэлтгэсэн юм бэ? гэж асуухад Цагаан-Үүр сумаас бэлтгэж явж байна гэсэн. Тус портер машинтай хүний араас жижиг портер машинтай хүн дагаад явж байсан. Ингээд тэр шөнөдөө модыг хураахаар Хамгаалалтын захиргаа руу явсан чинь Хамгаалалтын захиргааны хашааны үүдэнд очоод портерийн жолооч, энэ модыг чинь би мэдэхгүй, хүн гуйсний дагуу явж байна гээд хашаа руу орохгүй байсан. Ингээд портерийг хашаа руу оруулах гээд жолоочтой маргалдаж байх үеэр Л.Д************ дарга над руу утсаар яриад “ мод хураачихсан байгаа юм уу. Наадахаа боломжоор нь шийдээд явуулчих аа, модыг нь хураалгүйгээр торгоод явуулаач гэж гуйсан. Тэгэхээр нь би юу ч гэсэн би Г.Ц мэргэжилтэн рүү ярья гэж хэлээд утсаа таслаад Г.Ц мэргэжилтний гэрт нь очиж уулзсан. Г.Ц мэргэжилтэнтэй уулзаад зөрчлийнх нь талаар хэлээд мөн Л.Д************ дарга яриад боломжоор нь шийдчих гээд байгаа гэдгийг бас хэлсэн. Тэгээд Г.Ц мэргэжилтэнтэй цугтаа ажил дээр очоод жижиг суудлын машинтай хүнтэй уулзаад ачиж явсан модноос нь 20 орчим мод буулгаж авч үлдээд, маргааш өглөө ирээрэй гэж хэлээд машиныг нь явуулсан. О.Өлзийдэмбэрэл бид 2 эргээд пост руугаа явсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Г.Ц ахаас нөгөө модны нөхдүүд юу болсон бэ? гэж асуухад торгохоор болсон гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33- 34 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Армагийн могойн бэлчээр гэх газраас 10 гаран тооны унаанг хус модыг тайрч бэлтгэж авсан. Тухайн газарт түймрийн улмаас шатаж харласан хус мод зөндөө байсан. Би тухайн модыг бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй. Уул нь нутгийн байгаль хамгаалагч Чойжоо гэх хүнээс хус мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа эсэх талаар асуухад энэ жил хус мод бэлтгэх эрхийг бичиг олгохгүй байгаа гэж байсан. Би тухайн модыг бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч А.А-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон руу хүнээс мал худалдаж авахаар явах гэж байхад манай хамаатны ах Шинэцогт ирж уулзаад хэдэн хус мод ачаад явчих гэхээр нь бид хоёр Шинэцогт ахын гаднаас хэдэн ширхэг хус мод миний машины тэвшин дээр ачсан. …Тэгээд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон орох гэж яваад гүүрэн дээр саатуулагдаад тэгээд намайг зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр 300.000 төгрөгөөр торгоно гээд, тэр мөнгийг нь *********** гэх хүний ажилчин болох Г.Шгэх хүнээс дараа өгнө гэж хэлж аваад Байгаль хамгаалагч нарт өгсөн. Би өөрөө хөөцөлдөж чадахгүй, мөнгө төгрөггүй байсан болохоор Г.Шгэх хүн миний өмнөөс бүх зүйлийг хөөцөлдөж, торгуулийн мөнгийг төлсөн…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Г.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ А.*********** над уу утсаар яриад Хатгал руу орох гүүрэн дээр хус мод ачсан машин ирж байгаа чи очоод тосоод аваач гэсэн. …*********** надад зөвшөөрөлгүй ирж байгаа мод гэж юу ч яриагүй. Би гайхаад А.*********** рүү утсаар яриад зөвшөөрөлгүй гээд саатуулагдаад байна гэсэн чинь за түр байж байгаарай эргээд залгая гэсэн…Тэндээсээ байгаль хамгаалагч нартай Хатгалын хамгаалалтын захиргаан дээр очсон ба улсын байцаагч Г.Ц ирсэн…Тэгээд ачиж явсан модны дээд хэсгээс 20 гаран мод буулгаад үлдсэнийг нь аваад явсан. Г.Ц намайг Зөрчлийн тухай хуулиар 300.000 төгрөгөөр торгосон. Ямарч байсан хураалгаагүй авч үлдсэн модоор А.*********** захирал тавилга хийлгээд дуусгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…А************ бид хоёрыг түр саатуулах гээд байгууллагын хашаанд оруулаад байж байхад хус модоо хураалгасан машины жолооч надад утсаа өгөөд танай дарга ярья гэж байна гэхээр нь би сайн мэдэхгүй А************ эгчтэй яриул гээд А************ эгч одоо байгууллагын даргаар ажиллаж байсан Д************ дарга яриад та хоёр модных нь хэмжээг багасгаад торгуулийг бага тавиад боломжтой байдлаар шийдээд явуулчих гэж байна гэсэн. Тэгээд дамжуулаад Г.Ц мэргэжилтэнтэй утсаар ярьсан. Тэгээд Г.Цт бид хоёрт хэлэхдээ Д************ дарга хэмжээг нь багасгаад торгуулийг нь багасгаад явуулчих гэж байна гээд нөгөө мод ачиж явсан машины хус модны талаас баг хэсгийг нь буулгаад бусад модыг нь явуулсан. Буулгасан модон дээр нь торгууль нь тавигдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,
************Ш**********д холбогдох Зөрчлийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 177-187 дугаар хуудас/,
Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “***********” сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн **********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэн А.А-ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр хус мод тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд санаатайгаар хууль буруу хэрэглэж, иргэн Г.Ш-д торгуулийн арга хэмжээ авч өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Б-ын /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Л.Д-ын /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Г.А-ын /1-р хх-ийн 33- 34 дүгээр хуудас/, гэрч Б.Ш-ын /1-р хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч А.А-ын /1-р хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Г.Ш-ийн /1-р хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч Д.Ө-ийн /1-р хх-ийн 53 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Ганболдын Ш**********д холбогдох Зөрчлийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 177-187 дугаар хуудас/,
Нарс шинэсэн төгөл сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн *********** сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг шүүгдэгч Г.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ц нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 2 оюутан хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Цт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР