Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01070

 

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/03090 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******-д холбогдох,

гэм хорын хохиролд 151,492,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******-ийн уурхайн ачилтын талбайд нүүрс ачиж байх үед ******-ийн эзэмшлийн ****** улсын дугаартай авто ачигчийн шанага гацсаны улмаас манай компанийн эзэмшлийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг татан унагааж осол гаргасан.

Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарах ба Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ******-г осолд буруутай болохыг тогтоосон.

Осол гарснаар манай компанийн тээврийн хэрэгсэлд 31,408,000 төгрөгийн хохирол учирч, үнэлгээ хийлгэх, тээврийн зардал, оношилгооны төлбөр зэргээр нийт 4,127,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан.

Мөн тээврийн хэрэгсэл ашиглагдах боломжгүй болсноор сард дунджаар 28,989,287 төгрөгийн орлого олдог байсан ба 4 сарын хугацаанд нийт 115,957,148 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Иймд 151,492,148 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, манай компани хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргаагүй болох нь тогтоогдсон.

Мөн тээврийн хэрэгслийг үнэлгээ, оношилгоо хийлгэх зорилгоор заавал Улаанбаатар хот руу зөөх шаардлага байсан эсэх, мөн тээврийн болон оношилгооны зардал бодитоор гарсан нь баримтаар нотлогдоогүй, зарим зардал давхардсан, үндэслэлгүй байна. Түүнчлэн хувийн суудлын машинаар уурхай явсан гэх зардлын баримт, зорилго нь тодорхой бус байна.

Хохирогч өөрөө тухайн техник дээр ямар ажил гүйцэтгэж, ямар орлого олдог байсан талаарх тодорхой гэрээ, нотлох баримтыг хавсаргаагүй тул 115 сая гаруй төгрөгийн алдагдал гарсан нь нотлогдохгүй. Мөн 4 сарын турш ажиллаагүй гэх боловч тухайн тээврийн хэрэгсэл нь 2024 оны 3 дугаар сард техникийн үзлэгт орж, тэнцсэн нь албан ёсны сайтаар батлагдаж байгаа.

Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгсэлд шинээр эд анги худалдан авсан тухай баримтгүй, мөн эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүй үйлдлээр хохирол учирсан эсэх нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, осол болсон өдөр үүрэг гүйцэтгэж байсан ****** нь манай компанийн ажилтан биш бөгөөд Хишиг арвин индустриал ХХК-тай байгуулсан гэрээгээр ажилласан гуравдагч этгээд юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгч хариуцагч осолд буруутай гэж дүгнэлт гаргасан.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ******-иас 33,283,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 118,209,148 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 915,411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******-иас улсын тэмдэгтийн хураамжид 324,365 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-т зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн, хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн дагуу манай компанид торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон.

Хэрэгт ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол ямар компанийн техник ашиглалтаас үүссэн нь тогтоогдоогүй, нотлох баримтгүй байхад манай компанийн техникээс болсон гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхээс хохирлын хэмжээг 31,408,000 төгрөгөөр тогтоосон ч үнэлгээний тайланд дурдсан эд ангиудыг нэхэмжлэгч аль хэдийн өөрийн зардлаар засварлаж, тээврийн хэрэгсэл нь 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр техникийн хяналтын үзлэгт тэнцэж, үйл ажиллагаанд орсон нь баримтаар нотлогдсон. Хэрэв эд анги шинээр худалдан авсан бол нэхэмжлэгч баримт ирүүлэх ёстой байсан боловч баримт ирүүлээгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон зөрчлийн шийтгэлд тулгуурлан шийдвэр гаргасан нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хариуцагчаас 33,283,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдал, баримтад нийцэхгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс тээврийн хэрэгслийг засварлуулсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. ******-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл осол гаргасан талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******-д холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 31,408,000 төгрөг, үнэлгээ хийлгэх, тээврийн зардал, оношилгооны төлбөр 4,127,000 төгрөг, олох ёстой байсан орлого 115,957,148 төгрөг, нийт 151,492,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь осол гарсанд гэм буруугүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай үйлдлийг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нотолгооны хуваарилалт, хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3.1. ******-ийн ажилтан ****** нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цагаан овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******-ийн уурхайн нүүрс ачилтын талбайд ***** маркийн, ****** улсын дугаартай ковшоор нүүрс ачилтын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа *******-ийн эзэмшлийн хово маркийн, ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ковшийн шанагаар татан унагаасан үйл баримт болсон гэдэгт зохигч маргаагүй.

Харин энэхүү осол нь аль хуулийн этгээдийн ажилтны үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж гарсан гэм буруутай эсэхэд талууд маргасан.

Энэ тохиолдолд хариуцагч тухайн осолд гэм буруугүй болохоо баримтаар нотлох үүргийг хүлээнэ. Үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцагчийн байгууллагын ковш шанагаараа нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг татан унагасан үйл баримт тогтоогдсон байгаа нөхцөлд уг үйлдэлд хариуцагч нь буруугүй тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх юм.

Гэвч хариуцагч гэм буруугүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд хариуцагч нь өөрийн ажилтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг арилгах үүргийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хүлээнэ.

Хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт өгөхдөө иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг харгалзав.

 

3.2. Анхан шатны шүүх хариуцагчийн гэм бурууг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 29, 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолууд болон шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудсаар нотлогдсон гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулав.

Мөн хариуцагчийн гэм хорын хариуцлага хүлээх үүрэг нь ажилтны бусдад учруулсан гэм хороос үүдэлтэй байхад тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэж буруу тодорхойлсон байгааг зөвтгөж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

3.3. Түүнчлэн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагчид ногдуулсан шийтгэлийн хуудас хүчингүй болсон нь иргэний журмаар хариуцагчийн гэм хорын хохирол учруулсан гэм бурууг тогтооход саад болохгүйг дурдаж байна.

4. Анхан шатны шүүх гэм хорыг хариуцан арилгах үүргийн хүрээнд хариуцагчаас тээврийн хэрэгсэлд учирсан үнэлгээгээр тогтоогдсон хохирол 31,408,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 1,625,000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр 250,000 төгрөг, нийт 33,283,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 118,209,148 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.1. Хариуцагчийн зүгээс үнэлгээгээр шинэ сэлбэгээр солихоор тооцсон сэлбэгийг нэхэмжлэгч нь засварлуулж, улмаар учирсан хохирлын хэмжээг багасгасан атлаа шинэ сэлбэгийн үнийг нэхэмжилж байна гэж маргасан ч баримтаар нотлоогүй, энэ талаар хүсэлт гаргаагүй болно.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/03090 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 гэснийг 498 дугаар зүйлийн 498.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ