| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 103/2025/00269/И |
| Дугаар | 210/МА2025/01071 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01071
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШШ2025/00386 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь үнэлгээ хийх ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 103/ШШ2024/00030 дугаар захирамжаар хариуцагч ******* нь 48,000,000 төгрөгийг ****** төлж, үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1 дүгээр байрны 10 тоотод байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар хангуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.1. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсанд үндэслэж явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1 дүгээр байрны 10 тоотод байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилж, хураан авсан байна.
3.2. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор ******-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр томилжээ.
3.3. Шинжээч ****** нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууцыг 155,298,600 төгрөгөөр үнэлсэн.
3.4. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.
4.1. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дугаар зүйлд үнэлгээ хийх журам аргачлалын дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 1 дүгээр байрны 10 тоотод байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар 155,298,600 төгрөгөөр үнэлжээ.
Энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур гарсан гэх гомдлыг хангахгүй орхив.
4.2. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхээс үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байгааг залруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нотолгооны хуваарилалтын талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байх тул шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 103/ШШ2025/00386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 122 дугаар зүйлийн 122.5 гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ