| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2017/0213/Э |
| Дугаар | 386 |
| Огноо | 2017-05-30 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 386
Н.Энхсайханд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Р.Очирсүрэн,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаагийн гаргасан 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 341 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 12 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Энхсайханд холбогдох 201626012525 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бумбатан овогт Нарангэрэлийн Энхсайхан, 1978 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 13 дугаар гудамжны 10 тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЧА78091817/;
Н.Энхсайхан нь согтуурсан үедээ, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байх Т.Цэвэлмаагийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдэн орж, 30 ширхэг хэв хашмал төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Энхсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэн боловч энэ шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзээд мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хөдөлбөргүй нотлоогүй байсан бөгөөд мөрдөн байцаалтаар бүрэн бус шалгасан уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөж тогтоох зорилгоор оролцогчдоос тал бүрээс нь тодруулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудын зөрөөтэй байдал арилаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бодитой тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “...Би уг нь 20 ширхэг сапуд төмөр авлаа гэж бодсон чинь Л.Цэдэвдоржид тоолж өгөхөд 19 ширхэг байсан. Нүүрсний амбаарт 5-6 ширхэг сапуд төмөр үлдсэн...” гэв.
Хохирогч Т.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай нөхөр Туяа гэх хүнээс нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр тооцож, 30 ширхэг сапуд төмөр худалдаж аваад, гэртээ авчирсан байсныг манай ах Батхүү аваад, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байх нүүрсний амбаарт хураасан бөгөөд тэрээр уг хашааг эргэж тойрч байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Батхүү ах над руу яриад “нүүрсний амбаарт хулгай орчихож, нөгөө сапуд төмрөөс 5-н ширхэг үлдсэн байна” гэж хэлсэн. Яг үнэндээ би амбаарт хэдэн ширхэг сапуд төмөр үлдсэн, хэдийг нь хулгайд алдсан талаар сайн мэдэхгүй. Би тухайн үед 30 ширхэг сапуд төмрөөр тооцож, хохирлоо авчихсан учраас нягталж шалгаагүй. Хулгайлагдсан сапуд төмрийн тоо хэмжээг Батхүү ах сайн мэднэ. Цагдаа нар ирэх үед ч Батхүү ах байсан...” гэв.
Шүүх шүүгдэгч, хохирогч нарын дээрх мэдүүлгийг үндэслэн мөрдөн байцаалтын үед хуульд заасан журмын дагуу цугларсан доорх зөрөөтэй нотлох баримтуудыг няцааж, хохирлын хэр хэмжээг тогтоож дүгнэх бололцоогүй байв.
Гэрч Т.Батхүү мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 09 цагийн үед эгчийн хашааг эргэж тойрч байгаад хашаанд байх амбаарыг онгойлгоод харахад дотор нь байсан 30 ширхэг барилгын сапуд төмөр алга болсон байсан. Оюунцэцэг эгчийн хашаанд байсан сапуд төмөр нь манай төрсөн дүү Цэвэлмаагийн төмөр байсан...” /хх-ийн 34/, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...амбаарын хаалгаар дамжин дотогш ороход 3 ширхэг сапуд төмөр харагдах ба өөр ямар нэгэн ач холбогдол бүхий эд зүйл байхгүй байсан...” /хх-ийн 10/, гэрэл зургийн үзүүлэлтийн 3 дугаар зургаас нүүрсний амбаарт 1 ширхэг сапуд төмөр байгаа нь харагдаж байна. /хх-ийн 12/.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хүчингүй болгож, гэрэл зургийн үзүүлэлтэд харагдаж байгаа нэг ширхэг сапуд төмрийг хохирлоос хасаж, 29 ширхэг сапуд төмөр хулгайсан гэж хэргийн үйл баримтыг өөрчлөх” байр суурь илэрхийллээ. Мөн тэрээр “гэрэл зургийн үзүүлэлт нь илүү бодитой учир түүнийг үнэлж, хохирлын хэмжээг тодорхойлох боломжтой” гэв.
Гэтэл мөрдөн байцаагч хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 12 минутад эхлүүлж, 12 цаг 50 минутад дуусгасан атал криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Пүрэвсүрэн хэргийн газрын үзлэг дууссанаас хойш 2 цаг 7 минутын дараа буюу 14 цаг 57 минутад нүүрсний амбаарын доторх байдлыг харуулсан гэрэл зургийг бэхжүүлжээ.
Үүнийг улсын яллагч тайлбарлахдаа “техникийн шинжтэй зөрчил гарсан байх” гэж таамагласан шинжтэй тайлбар хэлэв. Харин мөрдөн байцаалтын ажиллагаагаар “энэ нь техникийн зөрчил байсан уу, эсхүл энэ хугацаанд дахин 2 ширхэг сапуд төмөр алдагдсан уу” гэдгийг шалгаж тогтоосон нотлох баримт хэрэгт алга.
Иймд хэргийн газарт үзлэг хийж дууссанаас хойш гэрэл зураг авах хооронд өнгөрсөн 2 цагийн хугацаанд дахин 2 ширхэг сапуд төмөр алга болсон нөхцөл байдлыг шүүхээс таамаглаж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүйг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар ямартай ч нүүрсний амбаарт сапуд төмөр үлдсэн буюу 30 ширхэг сапуд төмөр хулгайлагдаагүй болох нь тодорхой нотлогдсон байхад гэрч Т.Батхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “30 ширхэг барилгын сапуд төмөр алга болсон байсан” гэж илтэд зөрөөтэй мэдүүлснийг анхаарахгүй орхиж болохгүй.
Мөрдөн байцаагч, прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь шалгаж тогтоох үүрэгтэй атал яллагдагч хохирлоо төлсөн, хохирогч гомдолгүй болсон нөхцөл байдалд хөтлөгдөн хэргийн жинхэнэ байдлыг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй, зөрөөтэй нотлох баримтуудыг нягтлан шалгалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэж үзнэ.
Эцэст нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс мөрдөн байцаалтын үед илэрсэн хэрэгт хамааралтай шинэ нөхцөл байдлыг нэг мөр шалгавал зохино.
Шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх хуульчлагдаагүй этгээдийг шүүх санаачлагаараа дуудаж оролцуулах нь “шүүх тал үл харах буюу шүүх хөндлөнгийн байх” суурь зарчимтай харшлах тул талуудаас гаргасан саналын хүрээнд энэ шүүх хуралдааны ирц бүрдсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Хууль тогтоогч “шүүх тал үл харах зарчим”-ыг хуульчлахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана. Анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж, мөн зүйлийн 17.4 дэх хэсэгт “Талууд шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна” гэж тус тус заасан тул шүүх энэхүү тэгш харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж дүгнээд Н.Энхсайханд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Н.Энхсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Т.Цэвэлмаагийн “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-27 тоотод байх хашаа байшинг манай төрсөн эгч Оюунцэцэг нь Дэчмаа гэх хүнээс 2016 оны 7 дугаар сард худалдан авсан юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын эхээр худалдан авсан байшингийнхаа дээврийг нь янзлахад хамгаалалт хийнэ гэж манай нөхөр Галбадрах сапуд төмөр авчирч хашаанд байх амбаарт хийгээд дугуй цагаан хятад цоожоор цоожлоод явсан ба үүнээс хойш 7 хоногийн дараа очсон чинь амбаарын цоожийг эвдээд хэв хашмал төмрийг аваад явсан байсан. Тэгээд хажуу айлын хүнээс асуусан чинь урд нь энэ хашаанд байсан Дэчмаа гэдэг хүний хүү нь аваад гарсныг нь харсан гэж хэлсэн” /хх-ийн 30/, хохирогч Ц.Цэвэлмаа шүүхийн хэлэцүүлэгт “...Би тухайн үед 30 ширхэг сапуд төмрөөр тооцож, хохирлоо авчихсан учраас нягталж шалгаагүй. хулгайлагдсан сапуд төмрийн тоо хэмжээг Батхүү ах сайн мэднэ”, гэрч Т.Батхүү мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 09 цагийн үед эгчийнхээ хашааг эргэж тойроод очсон чинь амбаарт нь байсан 30 ширхэг сапуд төмөр алга болсон байсан. Амбаарт хураасан байсан сапуд төмөр нь манай төрсөн дүү Цэвэлмаагийн төмөр бөгөөд байшингийн дээвэр янзлах гэж аваачиж буулгасан байсан юм” /хх-ийн 34/, гэрч Э.Галбадрах мөрдөн байцаалтын шатанд “...Би хувиараа барилгын ажил эрхэлдэг юм. 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө барилгын ажилд хэрэглэхээр барилга дээр хамт ажиллаж байсан Туяа гэх инженерээс 30 ширхэг барилгын сапуд төмөр нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ингээд барилгын сапуд төмрийг хулгайд алдахаас 7-8 хоногийн өмнө санагдаж байна, манай эхнэр Цэвэлмаагийн төрсөн ах Батхүү гэж хүн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-72 тоотод байрлах манай хашаанаас аваачиж энэ төмрийг эхнэрийн төрсөн эгч Оюунцэцэгийн худалдан авсан хашаа болох Их Нарангийн 3-27 тоотод байх түлшний амбаарт хураагаад жижиг цагаан өнгийн хятад цоожоор цоожилсон байсан. Гэтэл сүүлд сонссон чинь хуучин тэр хашаанд амьдарч байсан хүний хүүхэд нь хулгайлж аваад зарсан гэсэн сураг байсан” /хх-ийн 36/, гэрч Ч.Дэчмаагийн “...төмөр алга болсон өдөр нь хуучин хашаандаа очсон. Тэгэхэд шинээр буусан айл нь намайг учиргүй загнаад “танай хүүхэд чинь хулгай хийсэн байна” гээд байсан. Би тэр өдрөө гэртээ хариад орой нь Энхсайханд “чи айлын хашаанаас төмөр авсан уу, тэр айл төмөр алга болсон байна гэж намайг загнаад” гэж хэлсэн чинь “тиймээ ээж би авсан” гээд маргааш нь өөрөө яваад 19 ширхэг төмөр авч ирэхээр нь байшиндаа хийгээд цоожилсон. Тэгээд манай хашаа байшинг авсан айлаас хашааны үлдэгдэл мөнгөө авахаар очиход танай хүү манай сапуд төмрийг хулгайлж, төмрийг дутуу авчирсан болохоор 220.000 төгрөг суутгана гэхээр нь би дундаа хийнэ гээд би тэр айлд 110.000 төгрөг өгсөн” /хх-ийн 32, 35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн халдлагын зүйл буюу барилгын сапуд төмрийн тоо хэмжээг хөдөлбөргүй нотлон, хохирогч Т.Цэвэлмаад учирсан хохирлыг нотлох баримтад тулгуурлан нэг мөр зөв тогтоосон болно.
Гэмт хэргийн талаар дуудлага авсан Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн болох мөрдөн байцаагч, шинжээчид 2 цагийн зөрүүтэй гэмт хэргийн газар очино гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэгийг хийгээд тэмдэглэл хөтөлж дууссаны дараа байж байгаад 2 цагийн дараа фото зураг авч бэхжүүлнэ гэсэн практик огт байхгүй ба кримналистикийн шинжээч гэмт хэрэг гарсан газрын зургийг бэхжүүлэн авч, мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэгээ явуулж тэмдэглэл хөтөлдөг.
Энэ хэргийн тухайд, гэрч Т.Батхүү 30 ширхэг сапуд төмөр алдагдсан тухай цагдаагийн байгуулагад дуудлага өгч цагдаагийн бүрэлдэхүүн ирэх үед хэргийн газар байсан гэж хэргийн хохирогч Т.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байхад шүүгч “хэргийн газарт үзлэг хийж дуусгаснаас хойш гэрэл зураг авах хооронд өнгөрсөн 2 цагийн хугацаанд дахин 2 ширхэг сапуд төмөр алга болсон гэж өөрөө таамаглал дэвшүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба энэ байдлыг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино гэсэн нь ойлгомжгүй, мөрдөн байцаалтын шатанд яг одоо ямар байдлыг тодруулж, ямар ажиллагаа хийлгэх гээд байгаа нь тодорхойгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд тухайн хэргийн талаар хамгийн сайн мэдэх гэрч Т.Батхүүд хууль сануулж мэдүүлэг авахад хэргийн газраас 30 ширхэг төмөр алдагдсан гэсэн мэдүүлгийг тогтвортой мэдүүлдэг тул түүний өгсөн мэдүүлгийг илтэд зөрүүтэй мэдүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
30 ширхэг сапуд төмөр алдагдсан хэргийн хувьд хохирогч мөрдөн байцаалтын шатанд 30 ширхэг сапуд төмөр алдагдсанаар тооцож хохирлоо нөхөн төлүүлж авсан, яллагдагч төлөгдсөн хохирол дээр маргаагүй, өмнө нь тэрээр 2 удаа хулгайн хэрэгт ял шийтгүүлж байсан зэргээс харахад өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөв мэдүүлээгүй байж болох талтай ба хулгайлж авсан сапуд төмрийн хэмжээг үнэн зөв хэлж мэдүүлэх шаардлагагүй субьект юм.
Харин хохирогч, гэрчийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэл зэргээр хулгайн гэмт хэрэг гарч, иргэн хохирсон болохыг шалгаж тогтоосон.
Хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хүрээнд шийдвэрлэх боломжтой байсаар атал анхан шатны шүүх шийдвэрлэхгүй 2 удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр үндэслэлгүй буцааж байгаа нь хэрэг шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулж байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.
Н.Энхсайханд холбогдох хэргийг хавтаст хэргийн хүрээнд шүүхээр хэлэлцэн түүний гэм бурууг тогтооход нөлөөлөх зүйл байхгүй байх тул шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 341 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв...”
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Н.Энхсайхан нь согтуурсан үедээ, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байх Т.Цэвэлмаагийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдэн орж, 30 ширхэг хэв хашмал төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч, бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд уг хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг гарсан байдал зэрэг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “…шүүх хуралдааны явцад дор дурдсан асуудлуудыг ...”, 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ.”-г нотолно гэж заажээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шаардлагатай гэрч, хохирогч нарыг оролцуулах замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой сэргээн тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг багасгаж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад дахин дахин буцааж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг цаашид зөв ойлгож хэрэглэвэл зохино.
Дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалтыг зөрчсөний гадна уг шүүгчийн захирамж нь мөн хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэж заасан заалтад нийцэхгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заажээ. Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягтлаж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ үнэлдэг.
Өөрөөр хэлбэл, аливаа гэмт хэргийн хохирогч нь болсон үйл явдал болон хор уршиг, хохирлын талаар үнэн зөв мэдүүлж буй эсэхийг нотлох баримтын бусад эх сурвалжаар давхар магадлан шалгаж, тогтоож чадсан эсэх нь хамгийн чухал. Хэрэв хохирогч хохирлын хэмжээг зөрүүтэй, багасгаж мэдүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутайд нөлөөлөхгүй тохиолдолд шүүх түүний мэдүүлэг бусад нотлох баримттай нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж, хэргийн хэмжээний дотор буюу прокурорын яллах дүгнэлтэд дурдснаас хохирлыг багасгаж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой.
Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай хохирогч, гэрчийг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймд Н.Энхсайханд холбогдох хэрэгт улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: