Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0586/З |
Дугаар | 221/МА2020/0103 |
Огноо | 2020-02-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2020/0103
Б.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0800 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0800 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ээс гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Тушаал хүчингүй болгож, албанаас халах тухай” Б/770 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо: “...Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сахилгын шийтгэл оногдуулах хугацааг уртасгаж, шинэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмээр эд хөрөнгийн хохирлыг ноцтой зөрчилд тооцдог болсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хууль хэрэглэх” зарчмыг хуульчилсан байдаг бөгөөд шууд тухайлан заагаагүй боловч эрх зүйт төрийн тогтолцоонд аливаа үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил эсхүл гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлсэн, хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, эрх зүйн байдлыг дордуулсан, хүний эрхийг явцууруулсан, хязгаарласан хуулийг буцаан хэрэглэхгүй, тайлбарлахгүй байх үндсэн зарчимтай. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх асуудалд огт дүгнэлт өгөөгүй.
Анхан шатны шүүх шийдвэртээ “...Улсын байцаагчийн актууд нь бие даасан захиргааны актууд бөгөөд нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул 06/01, 06/02 дугаар актуудын талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, улсын байцаагчийн актад дурдсан үндэслэлүүдээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг засах” гэж заасан бөгөөд 06/01 болон 06/02 тоот актууд нь маргаан бүхий актын үндэслэн хэсэгт огт дурдаагүй, хууль зүйн үүднээс үндэслэлгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүхийн “...хариуцагч тайлбарлаж байгаа”” болохоор гэж дурдсан илэрхий эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болно.
Анхан шатны шүүх шийдвэртээ “...2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1321 дугаартай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, уг үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх дахин нотлох хууль зүйн үндэслэлгүй” гэжээ. Нэхэмжлэгч нь 1321 дүгээр шийдвэрийг дахин хянуулахыг шаардлагагүй зөвхөн эрх зүйн ухамсар, үндэслэлийг удирдлага болгон дүгнэлт өгөхийг хүссэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс илэрхий нэг талыг барьж дүгнэлт гаргасан.
Түүнчлэн дээрх хэргийг шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1448 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар хориглосон хэм хэмжээг давж заалдах шатны шүүх зөрчиж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг гэрээгүй этгээдээс төлбөрийн зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.
Өөрөөр хэлбэл хохирлыг Б.Н хариуцахгүй мөн эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд гэрээ байгуулах, үүрэг боломж захиргааны байгууллагад өөрт нь байсан гэж үзнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дүгээр зүйлийг үндэслэн “...эрх бүхий субьектээр дахин хянан шалгалт хийхийг даалгаж”, “...нөхцөл байдлыг бодитойгоор тогтоосны дараа өөрийн эрх хэмжээний хүрээнд шинэ акт гаргах эрх нээлттэй болно” хэмжээн шийдвэрлэсэн.
Гэтэл маргаан бүхий акт нь тус 179 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан хэрнээ “...нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” ажиллагаа огт явуулаагүй байж шинэ акт гаргасан нь илэрхий хууль бус үйлдэл болно.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байх бөгөөд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа нь түдгэлзэх, зогсох, тасалдах тухай аливаа төрлийн хуулийн заалт байдаггүй эсхүл захиргааны байгууллагад бие даан шийдвэрлэх эрх олгосон зохицуулалт байдаггүй. Нийтийн эрх зүйн “Зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэх үндсэн зарчмын үүднээс авч үзвэл хариуцагч захиргааны байгууллага 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл хамааран захиргааны байгууллага нь хуулиар тогтоосон хугацаанд зөрчлийг шалган, илрүүлж хариуцлага оногдуулаагүй байх бөгөөд үүнийг өөрөөр буюу хүний эрхийг дордуулах байдлаар тайлбарласныг хүлээн авах, зөвшөөрөх боломжгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 800 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/770 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч Б.Н-ийг “Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэхэд Б.Н нь Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ гүйцэтгээгүй, хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа 1,910,265 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг суутган төсөвт төлөөгүй, тайланг холбогдох газарт хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй, анхан шатны баримтгүй ажил гүйлгээг тайланд тусгасан, батлагдсан төсвийг зориулалтын бусаар захиран зарцуулсан 1,595,233 төгрөгийн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр албанаас халсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хүсэлтийн дагуу Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын харьяа Хорих 421 дүгээр ангийн 2014-2015 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаан дахь хяналт шалгалтыг Хууль зүй дотоод хэргийн яамны Улсын байцаагч нар хийж, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01[2], 06/02[3] дугаар актуудыг гаргасан байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 179 дүгээр шийдвэрээр дээрх Улсын байцаагчийн актуудад гомдол гаргах нэхэмжлэгчийн эрхийг ханган[4] шийдвэрлэсэн байх боловч Б.Н уг эрхээ хэрэгжүүлж гомдол гаргаагүй учир Улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 06/01, 06/02 дугаар актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх бөгөөд хүчин төгөлдөр болсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.3 “Төрийн албанаас халах” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална” 277.1.1 “Өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.2-т “Энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн албан хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д заасны дагуу албанаас халах”, 5.3-т “Энэ журмын 5.2-т заасан “ноцтой зөрчил” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах, зэргээр эрх, ашиг сонирхол нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа дараа зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ” гэж тус тус заасан.
Дээрхээс үзвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын байцаагч нарын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/01, 06/02 дугаар актуудаар нэхэмжлэгч Б.Н-д төлбөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг актад холбогдуулан маргаагүй тул ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэхээр байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/770 дугаар Б.Н-ийг албанаас халсан тушаал нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон улсын байцаагчийн актуудад нэхэмжлэгч маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул 06/01, 06/02 дугаар актуудын талаар дүгнээгүй анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.
Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчийг 2014-2015 оны санхүүгийн үйл ажиллагааны зөрчилд хариуцлага тооцон халсан гэх боловч 2019 онд хүчин төгөлдөр мөрдөгдсөн хууль буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж гомдол гаргасан бөгөөд тушаалын үндэслэл болсон хяналт шалгалт 2014-2015 онд байх боловч маргаан бүхий захиргааны акт нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тушаал тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 2 хавтаст хэргийн 1 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 76 хуудас
[3] 1 хавтаст хэргийн 84 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 17-18 хуудас