| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0699/З |
| Дугаар | 001/ХТ2025/0072 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2025/0072
“БК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн
татварын улсын байцаагч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0990 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0257 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Т.М, Э.У, хариуцагч Д.А, Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 315 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх” гэсэн үндэслэлээр, хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-********* дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: “БК” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 1,920,510,044 төгрөгийн төлбөр тогтоож, Маргаан таслах зөвлөлөөс 1,324,946,299 төгрөгийн төлбөр болгож багасгасан байна.
3.“Урьдчилж орсон орлогыг борлуулалтаар авч тайлагнаагүй, орлого хойшлуулсан, татвар ногдуулж төсөвт төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй” гэх зөрчлийн тухайд:
3.1.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “ ... Гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр орлогыг хүлээн зөвшөөрөх СТОУС-ын 15 стандарт, 31 дэх хэсгийг мөрдөж, орон сууцны урьдчилсан захиалгын төлбөрийг “урьдчилж орсон орлого” дансанд бүртгэсэн, байрыг хүлээлгэж өгч, байрны үнийг бүрэн хүлээн авсны дараа орлогоор бүртгэж, татвар төлнө, 2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орлого хүлээн зөвшөөрөх зохицуулалт байгаагүй, сүүлд 2019 оны хуулиар зохицуулсан, тайлагнаж төлсөн байхад давхардуулж төлбөр тогтоосон, тайлагнасан тул торгууль, алданги ногдуулах үндэслэлгүй байсан” гэж,
3.2.Хариуцагчаас: “ ... 2018, 2019 оны урьдчилж орсон орлогыг тухайн тайлангийн жилдээ тайлагнаагүй, 2022 онд тайлагнаж, татвар төлөх хугацаа хойшлуулсан, аж ахуй нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой, аккруел суурийн дагуу орлогыг орсон үед борлуулалтын орлогод тусгаагүй учраас зөрчилд тооцсон, захиалгын гэрээ хийгдээд мөнгөө авчихсан хирнээ борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч, тайлагнаагүй, 2019 онд урьдчилгаа орсон байхад 2022 онд нэхэмжлэгчид баримт гаргасан” гэж тус тус маргажээ.
3.3.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн. Үүнд:
3.3.1.борлуулалтын орлогыг ... урьдчилан хүлээн авсан тохиолдолд урьдчилж орсон орлогын дансанд бүртгэж, богино хугацааны өр үүсгэх бөгөөд бараа үйлчилгээг захиалагчид үзүүлж дуусгасан буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн, орлого бодитоор хэрэгжсэнээр хүлээн зөвшөөрч, борлуулалтын орлогод бүртгэхээр байна.
3.3.2.шинжээчийн дүгнэлтээр “борлуулалтын орлогыг тайлагнаагүй” гэх орлогыг и баримтаар тус тус шивж, борлуулалтаар тайлагнаж, татвар ногдуулсан гэж дүгнэсэн, зөрчил үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5.“Газрыг шилжүүлэн авахдаа албан татвар суутган авч, төсөвт төлөөгүй” гэх зөрчлийн тухайд:
5.1.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “ ... Орлого олж буй этгээд өөрөө төлнө, манайх орлого олоогүй тул гомдолтой, газар эзэмших тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваагүй, суутгагчийн үүрэг хүлээхгүй” гэж,
5.2.Хариуцагчаас: “ ... Суутгагчийн үүрэг хүлээнэ, нэг удаагийн үйлдлээр хамтарч ажиллах, хувьцаа зарах, эрх шилжүүлэх тохиолдолд суутгагч буюу орлого олгож байгаа этгээдийн үүрэг үүснэ, нэг удаа ногдол ашиг төлөхдөө суутгагчийн үүргээр татвар төлөх зарчим хэрэгжих бөгөөд энэ нь орлого олсон этгээд татвар төлөхөөс ялгаатай зохицуулалт” гэж тус тус маргажээ.
6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоог бусдад шилжүүлэх замаар газар ашиглах эрхийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн бол тухайн орлогод татвар ногдуулах албан татварыг газар эзэмших эрхтэй этгээд суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байна.
6.2.энэ маргааны тухайд нэхэмжлэгч “БК” ХХК нь гэрээний үндсэн дээр газар ашиглах эрхийг олж авсан эцсийн өмчлөгч байх тул газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй, суутгагчийн үүрэг хүлээнэ.
6.3.харин суутган төлөгч үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй, нөхөн төлүүлэх зохицуулалт байх тул торгууль алданги ногдуулсан нь үндэслэлгүй.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
8.Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
8.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт СТОУС-15-д орлого хүлээн зөвшөөрөх 5 алхмыг үндэслэж орлого тодорхойлоогүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийн зарчмыг баримтлаагүй, Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн татвар төлөгчийн татвар ногдуулах, тайлагнах хугацааны талаар холбогдох заалтыг зөрчсөнийг тодорхойлж үзээгүй, татвар төлөгч нь стандарт болон хуульд заасан хугацаанд тайлагнахгүй байгааг зөвтгөсөн шийдвэр гэж үзэж байна.
8.2.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан нягтлан бодох бүртгэлийн зарчмыг баримтлаагүй, Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн татвар төлөгчийн татвар ногдуулах, тайлагнах хугацааны талаар холбогдох заалтыг зөрчсөнийг шүүх авч үзэлгүй шийдвэрлэсэн.
8.3.Тус татварын хяналт шалгалтаар татвар төлөгчийг хугацаандаа үнэн зөв татвар ногдох орлогоо тайлагнаагүйтэй холбоотой гэж үзэж зөрчил болгон нөхөн татвар, торгууль хугацааны алданги ногдуулсныг шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгож байгаа нь хууль хэрэгжих, хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна гэж байна.
8.4.Татварын ерөнхий хуулийн дагуу хариуцлага тооцох заалтыг хэрэглэхдээ татварын улсын байцаагч нөхөн татвар ногдуулсан бол тухайн заалтын дагуу заавал торгууль, алданги тооцох хуулийн зохицуулалттай байдаг. Харин тусад нь салгаж дан ганц нөхөн татвар ногдуулах боломжгүй, шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
10.Урьдчилж орсон орлогод аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хэзээ төлөх тухайд:
11.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2018 онд орон сууц барьж, 2019 онд ашиглалтад оруулсан, орон сууцны захиалагчаас өгсөн урьдчилгаа төлбөрийг “урьдчилж орсон орлого данс”-нд бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “байрыг хүлээлгэж өгөөгүй, гэрээ биелэгдэх эсэх нь тодорхойгүй тул урьдчилж орсон орлогыг борлуулалтаар хүлээн зөвшөөрөхгүй, тухайн татварын жилдээ татвар төлөхгүй, тайлагнах ёсгүй бүртгэл, харин орон сууцыг хүлээлгэн өгч, гэрээний үүрэг бүрэн биелэгдсэний дараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрнө” гэж, хариуцагчаас “аккруэл суурийн дагуу орлого орсон тухай бүр татвар төлөх учраас урьдчилж орсон орлогыг борлуулалтаар хүлээн зөвшөөрч, тухайн татварын жилдээ татвар төлөх үүрэгтэй” гэж тус тус маргажээ.
12.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” гэж, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэж заасан бөгөөд “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэдэг нь мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч, гарсан орлого болон зардлыг төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран тухайн хугацаанд бодитоор бий болсон эдийн засгийн үйл явцыг илүү нарийн тусгах бүртгэлийн арга байна.
13.Нөхөн ногдуулалтын актаар “2018 онд 324,712,363 төгрөгийн, 2019 онд 675,745,563 төгрөгийн, 2020 онд 251,980,254 төгрөгийн урьдчилж орсон орлогыг борлуулалтаар тайланд тусгаж, аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй” гэсэн зөрчил тогтоохдоо хариуцагчаас “аккруэл суурийн дагуу бүртгэл хөтлөх” хууль болон стандартыг хэрэглэж, маргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс уг үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, өрсөлдөх хэм хэмжээг маргааны үйл баримтад холбогдуулан бүрэн тайлбарлаж хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
14.Анхан шатны шүүхээс “… Орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцыг Улсын комисс ашиглалтад оруулж, захиалагчид актаар хүлээлгэн өгснөөр борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасныг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн боловч хяналтын шатны шүүх хуралдаанд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас “өнгөрсөн процессыг дараа жилүүдэд нь баримтаар шивж, орлогоор тайлагнасан, урьдчилж орсон орлогыг 2019, 2020 онд тайлагнах ёстой байхад шүүх “2022 онд тайлагнасан” гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн” гэж, нэхэмжлэгчээс “2019 онд барилга ашиглалтад ороход бүх байрыг бүрэн борлуулаагүй байсан, зарим нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, хугацаа хожимдуулж төлсөн тул зарим тохиолдолд 2022 онд борлуулалтыг хүлээн зөвшөөрсөн” гэж тайлбарласнаас үзэхэд маргааны үйл баримт зөрүүтэй, уг зөрүүг шүүхүүд арилгахад шаардлагатай дүгнэлтийг хийгээгүй байна.
15.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019 он) 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө” гэж, 12.1.2-т “ажлыг гүйцэтгэлийн хувиар” гэж заасныг энэхүү маргаанд хэрэглэх эсэх талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй, маргааны үйл баримтад аль хуулийг хэрэглэх, цаг хугацааны хувьд хэрхэн уялдах талаар тодруулаагүй байна.
16.Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаар тушаалаар Барилгын гэрээний орлого ба зарлагын нягтлан бодох бүртгэлийн стандартыг баталсан, түүнчлэн Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 361 дүгээр тушаалаар Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх зааврыг баталсан, анхан шатны шүүхээс энэхүү зааврыг хэрэглэж, эрх зүйн дүгнэлт хийсэн атлаа түүнтэй өрсөлдөх хэм хэмжээ болох “Барилгын гэрээний орлого ба зарлагын нягтлан бодох бүртгэлийн стандарт”-ыг хэрэглээгүй, ийнхүү хэрэглээгүй үндэслэлээ бичээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байна.
17.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-д “борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр”, 17 дугаар зүйлийн 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж заасныг маргааны үйл баримтад хэрэглэх эсэх, урьдчилж орсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эсэх, хэрэв төлөх бол хэзээ төлөх, аккруел суурийг хэрэглэх эсэх талаар мөн дүгнэх шаардлагатай.
18.Суутгагчийн үүрэгтэй холбоотой хариуцлагын тухайд:
19.Татварын ерөнхий хуулийн (2008 он) 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх” гэж, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасан байна.
20.Анхан шатны шүүхээс “... суутган төлөгч үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй, нөхөн төлүүлэх зохицуулалт байх тул торгууль алданги ногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэх эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
21.Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0990 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2025/0257 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ