Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 019

 

  Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын

 захиргааны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга  Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж Р.Одонбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 975 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Болд-Эрдэнэд холбогдох

Байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ нь Мөнхийн үсэг ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн МU/М11 тоот гэрээ байгуулж Хөх сувд сэтгүүлийг хэвлүүлж гаргуулж байсан боловч төлбөр тооцоог зохих журмаар тооцон барагдуулж байгаагүй улмаас тус байгууллагыг болон Мөнхийн үсэг ХХК-ийг 3.180.000 төгрөгийн хохиролд оруулсан. Энэхүү төлбөрийг холбогдох хууль журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус газрын захиргааны даргаар ажиллаж байхдаа Мөнхийн үсэг ХХК-тай гэрээ байгуулж Хөх сувд сэтгүүлийг хэвлүүлж гаргасан. Төлбөр тооцоог зохих журмаар явагдсан төлөгдсөн эсэх талаар сайн мэдэх хүн нь энэ ажлыг хариуцсан Бадамрагчаа ажилтан байсан ба энэ хүн ажиллахгүй байгаа. Миний бие төлбөр тооцоог хийж байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ нь Хөвсгөлийн 8 сум, Булганы 2 сумыг хариуцан ажилладаг. Энэ цар хүрээтэй ажлыг 5 мэргэжилтэн гүйцэтгэхэд учир дутагдалтай байдаг байсан тул үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Хөх сувд гэж сэтгүүлийг эрхлэн гаргах болсон байдаг. Уг сэтгүүлийг хариуцуулан ажиллуулахаар Бадамрагчаа гэх хүнийг авч ажиллуулах болсон. Сэтгүүлийн эхний дугаарыг хууль сурталчлах аяны хүрээнд гаргасан байдаг бөгөөд эхний 2 дугаарын төлбөр тооцоог ямар нэгэн асуудалгүй төлсөн. Ингээд сэтгүүлийг 3 дахь хэвлэлтээс Н.Болд-Эрдэнэ, н.Бадамрагчаа нарыг ажлаас халсан байдаг. Ингээд 3 дахь хэвлэлийн мөнгө хэрхэн яаж төлөгдөх эсэх нь тодорхойгүй болсон. Н.Болд-Эрдэнэ тухайн байгууллагад даргаар ажиллаж байхдаа дээрх сэтгүүлийн мөнгийг бүрдүүлж ямар нэгэн асуудалгүй шилжүүлж байсан байдаг. Тухайн байгууллагын дарга солигдсоны дараа сэтгүүлийнхээ 3 дахь хэвлэлийн мөнгөө Мөнгөн үсэг ХХК-нд шилжүүлээгүйгээс дээрх асуудал үүссэн. Хэрвээ мөнгө дутсан байсан юм бол түүнийг эрхлэн гаргаж байсан Бадамрагчааг ажлаас гаргахад нь          1.200.000 төгрөгийн цалин өгсөн байдаг. Үүнээс нь суутгаж авах бүрэн боломж байсан. Учир нь сэтгүүлийн төлбөр тооцооны ажлыг энэ хүн гардан хариуцаж байсан. Н.Болд-Эрдэнэ төлбөр тооцооны талаар мэдэхгүй явж байгаад сүүлд мэдсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 975 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Н.Болд-Эрдэнэд холбогдох байгууллагад учруулсан гэм хорын хохирол 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөвсгөл аймаг дахь Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 65.830 /жаран таван мянга найман зуун гуч/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа давж заалдах гомдолдоо: ... Төрийн албан хаагч Н.Болд-Эрдэнэ нь төрийн байгууллагад өөрийн хууль бус, шууд санаатай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан тул учруулсан хохирол болох 3.180.000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөгийн гэм хорыг хариуцах ёстой. Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж гомдол гаргаж байна. Манай Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа нь усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бөгөөд төрөөс авч буй төсвийн санхүүжилтэд ном хэвлэлийн зардал тусгагддаггүй тул Н.Болд-Эрдэнэ тухайн үед даргаар ажиллаж байхдаа санхүүжилтийн эх үүсвэр байхгүй асуудлыг шийдвэрлэж төрийн байгууллагын нэрийг ашиглан хуулийн этгээдтэй хууль бус гэрээ байгуулан сэтгүүл хэвлүүлж, байгууллагын орлогод авалгүй өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, үрэгдүүлэн алга болгож шууд санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаас үзэхэд 3.180.000 төгрөгийн хохирлыг Н.Болд-Эрдэнэ хариуцах үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: ... Н.Болд-Эрдэнэ нь өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж төрийн нэрийн өмнөөс хуулийн этгээдтэй хууль бусаар гэрээ, хэлцэл байгуулсны улмаас байгууллагыг өрөнд оруулсан. “Хөх сувд” гэх сэтгүүлийг хэвлүүлэн гаргах, сургалт сурталчилгаанд хэрэглэх зорилгоор төрөөс болон төсвөөр зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа байсан бол уг сэтгүүлийг Эгийн голын сав газрын захиргаа зохих журмын дагуу байгууллагын орлогод авч үйл ажиллагаандаа ашиглаж, зарж борлуулах байсан. Гэвч “Хөх сувд” гэх сэтгүүлийн санхүүжилтийг орон нутгийн ИТХ-аар болон бусад хандив тусламжаар санхүүжилтийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг гурав дахь удаагийн санхүүжилтийн хандив тусламж бүрдээгүйн улмаас гэрээ ёсоор Эгийн голын сав газар хариуцах болсон. ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 Нэхэмжлэгч Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа хариуцагч Н.Болд-Эрдэнээс хохирол 3.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “Хөх сувд” сэтгүүлийн төлбөр тооцоог би хийж байгаагүй учраас хариуцахгүй гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.Болд-Эрдэнэ тус захиргааны захирлаар ажиллаж байхдаа  Мөнхийн үсэг ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн МU/М11 тоот гэрээ байгуулж “Хөх сувд” сэтгүүлийг Мөнхийн үсэг ХХК хэвлэж гаргах, сэтгүүлийн үнэ 6.425.000 төгрөгийг нэхэмжлэгч тал төлөхөөр тохирсон, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Мөнхийн үсэг ХХКомпанид 3.180.000 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

           Хариуцагч Н.Болд-Эрдэнэ тус захиргааны захирлаар ажиллаж байхдаа  өөрийн буруутай үйлдлээс болж бусдад гэм хор учруулснаас тухайн хохирлыг нэхэмжлэгч байгууллага төлж барагдуулсан тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байхаар хуулиар зохицуулагдсан ба шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Н.Болд-Эрдэнийг Мөнхийн үсэг ХХКомпанид төлөх 3.180.000 төгрөгийг тус захиргааны захирлаар ажиллаж байсан Н.Болд-Эрдэнэ хариуцаж төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч тухайн хохирлыг төлсөн талаарх баримт болон нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хариуцагч Н.Болд-Эрдэнэ уг төлбөрийг хариуцах эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч нь  хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Т.ГАНБАТ