Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 109

 

 

Д.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд, Д.Цэвээнцэрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар магадлалтай, 2014250006044 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд, Д.Цэвээнцэрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ц овогт Д-ийн Ч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15-д заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Ч-ыг хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад зааснаар 18 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Чт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “Toyota Prius” /Тоёота Приус/ загварын 24-** УНГ улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгож, хохирогч Б.Г нь насанд хүрээгүй хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн  зөрүүг гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч С.Батболд, Д.Цэвээнцэрэн, Ц.Мандал нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Энэ хэрэгт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, тогтоол, магадлалд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоон, зохих шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг ноцтой зөрчиж, шүүгдэгчийн гэм буруугийн сэдэлт санаа зорилгыг нотолж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Гэрчүүдийн хэн нь ч Д.Ч Р.Лхагвааг автомашинаар дайрч амь насыг нь хохироож буй үйлдлийг шууд хараагүй. Мөрдөн байцаалтад буцаасан магадлалын заалт огт биелэгдээгүй байхад Чыг хүнийг санаатай алсан хэрэгт гэм буруутайд тооцож, ял оноож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Мандал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь түүнийг санаатай, онц харгис хэрцгий аргаар амиа алдсан гэдгийг гэрчилж байгаа тул Д.Чт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Талийгаачийн бүх хавирга 2 удаа хугарсан байгаагаас үзэхэд олон удаагийн үйлдлийн улмаас энэ гэмтэл үүссэн болох нь харагддаг” гэв.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Энэ хэрэг нь гэрч Ж.Б-ын мэдүүлгээс харахад 2014 оны 10 дугаар сарын 09-ний 00 цаг 30 минутаас өглөөний 06 цаг 30 минутын хооронд үйлдэгдсэн байдаг. Өмгөөлөгч нар ямар ч гэрчгүй гэмт хэрэг гэж тайлбарлаж байна. Энэ хэрэгт гэрч байдаг бөгөөд үүнээс гадна хэргийн газраас бэхжүүлж авсан ул мөрт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Талийгаачийн баруун талын 10, зүүн талын 8 хавирга нь бүгд 2 удаа хугарч, 500 грамм цус алдсан, биед нь олон тооны зулгаралт, няцрал үүссэн байдаг. Талийгаач 3 дугаар бүлгийн цустай байсан бөгөөд түүний цус манаачийн байр, Д.Чын хамгаалалтын хувцаснаас илэрдэг. Мөн автомашинд үзлэг хийхэд машины криланаас цус илэрсэн боловч бүлгийг тодорхойлох боломжгүй болсон байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь нөхрөө Д.Ч гэх ажлынх нь хүнд хүлээлгэж өгөөд, өглөө очиход “нас барсан гэдгийг нь нуугаад, орой явсан” гэж хэлсэн гэдэг. Хэдийгээр согтуугаар гэмт хэрэг үйлдэгдсэн боловч хуулийн дагуу Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Д.Чт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Д.Ч нь 2014 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш” дэлгүүрийн хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Л-тай маргалдаж, толгой, нүүр рүү нь цохиж, улмаар өөрийн эзэмшлийн 24-84 УНГ улсын дугаартай “Toyota Prius” /Тоёота приус/ маркийн автомашинаар санаатай дайрч “олон тооны хавирганы хугарал, цус хуралт, баруун зүүн уушигны дэлбэнгийн цус хуралт, няцрал, цээжний хөндий цус хуралт, духны хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун, зүүн тохой, зүүн шуу, зүүн гарын хуруун, баруун өвдөг, зүүн гуя, зүүн шилбэ, нурууны зулгаралт, цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулж, хохирогч Р.Л цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Харин шүүх Д.Чын дээрх үйл баримтыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэж дүгнэж нотлох баримтуудыг дараалан дурдсанаас биш уг нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг тогтоосон зөрчил гаргасан байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хянан үзвэл, шүүгдэгч Д.Ч нь хохирогчийг автомашинаар дайрч амь насыг хохироосон үйлдлийн улмаас амь хохирогчийн биед олон тооны шарх, гэмтэл нэгэн зэрэг учирсан буюу гэмт хэргийн гадаад илрэх хэлбэр /actus reus/ тогтоогдсон, харин Д.Ч нь хохирогч Р.Л-г санаатай алах явцад буюу амь насыг хохироохын өмнө түүнийг зориуд өвтгөн шаналгах, тарчлаан зовоохыг хүсэж байсан гэх шууд санаа, зорилго /меns rea/ тогтоогдоогүй байна.

 

Дээрх хоёр шинжийг хангасан нөхцөл байдал нь уг гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болох атал аль нэг шинж нь тогтоогдохгүй байгаа нөхцөлд хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж үзэх боломжгүй юм.

 

Хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн орон цаг, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох шаардлагатай бөгөөд зөвхөн олон тооны шарх, гэмтэл учирсан гэх гадаад шинжээр “онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан” гэж хэргийг хүндрүүлэн зүйлчлэхийг буруу гэж үзнэ.

 

Иймд Д.Чыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтад болон шүүхэд хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболдын “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү”, Д.Ц-ийн “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Д.Чыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Чыг 13 /арван гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд, Д.Цэвээнцэрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ