| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/04726/И |
| Дугаар | 181/ШШ2016/00451 |
| Огноо | 2016-08-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2016/00451
2016 оны 08 сарын 04 өдөр Дугаар 181/ШШ2016/00451 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 21-806б тоотод оршин суух Боржигон овогт Чулуунбаатарын Энхсарнайгийн хүсэлттэй,
А.Дамдинсүрэнг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Золбоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Алтансүхийн Дамдинсүрэнтэй 2005 онд танилцаж, түүнээс хойш хамтран амьдарч, бидний дундаас 2011 оны 8 дунар сарын 03-ны өдөр хүү Тэлмүүн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, гэр бүлийн үл ойлголцлоос болж 2011 оноос тусдаа амьдарч ямар ч холбоо харилцаагүй болсон тул хүү Э.Тэлмүүнд эцэг А.Дамдинсүрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Тухайн үед А.Дамдинсүрэн нь Сүхбаатар дүүрэг 12 хороо Хангайн 20-778 тоотод оршин сууж, АПУ ХХК-д операторчин хийдэг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир А.Дамдинсүрэнг эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах зорилгоор А.Дамдинсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.
А.Дамдинсүрэн нь нэхэмжлэгчийн тодорхойлсон Сүхбаатар дүүрэг 12 хороо Хангайн 20-778 тоот, бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүрэг, 8 хороо, 11-145 тоот хаягт тус тус оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогтож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
тогтоох нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Алтансүхийн Дамдинсүрэн / РД:НФ84102015, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-145 тоот, утас: 96694986/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Дамдинсүрэнг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО