| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 184/2025/00172/И |
| Дугаар | 210/МА2025/01072 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01072
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03604 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ****** нарт холбогдох,
525,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Манай компани *******-тай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 968,450,000 төгрөгийн үнэ бүхий ажлын хөлсийг бартераар бүрэн төлсөн. Харин гэрээнд заасны дагуу 2,098.3 м бетон нийлүүлэх үүргээ ******* биелүүлээгүй бөгөөд нийт 403,350,000 төгрөгийн бетон нийлүүлсэн. Гэрээний дагуу өгч авалцсан баримтууд болон тооцоо нийлсэн актаас харахад ******* нь 350,100,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь тогтоогдсон.
Мөн гэрээний 6.2-т зааснаар хугацаа хэтэрсэн нөхцөлд хийгдээгүй ажлын үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги тооцохоор заасан бөгөөд 190 хоногийн хоцрогдлоор нийт 332,595,000 төгрөгийн алданги тооцогдож байгаа ч гэрээний заалтаар энэ нь 175,050,000 төгрөгөөр хязгаарлагдана. Туслан гүйцэтгэгч ******* холбоотой асуудал манай компанид хамаарахгүй. ****** нь *******-ийн захирал тул хамтран хариуцагчаар татсан.
Иймд ******* болон ******гаас гэрээний гүйцэтгээгүй төлбөр 350,100,000 төгрөг, алданги 175,050,000 төгрөг, нийт 525,150,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Манай компани нь нэхэмжлэгчтэй зөвхөн бетон зуурмагийн нийлүүлэлтийн талаар гэрээ байгуулсан бөгөөд барилгын ажлыг гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг ******* гэх хувь хүн манай компанийн нэр дээр гүйцэтгэсэн.
Нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийн дүн болох 247,340,000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч, төлбөр тооцооны асуудлыг хүлээж авсан. Гэхдээ нэхэмжлэгчийн гаргасан алдангийн шаардлага нь хууль, гэрээний зохицуулалт, бодит нөхцөлтэй нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй. Алдангийг хэрхэн тооцсон, ямар үндэслэлээр гаргасан нь тодорхой бус, мөн нэхэмжлэгч тал тооцооны үлдэгдлийн баталгааны үлдэгдлээс 50 хувиар нь тооцоод байгаа мэт ойлгогдох боловч энэ нь гэрээний заалт, Иргэний хуулийн холбогдох заалтуудад нийцэхгүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу алданги нь зөвхөн гүйцэтгээгүй үүргийн бодит үнийн дүнгээс тооцогдох ёстой бөгөөд үлдэгдлийн баталгаан дээр суурилсан алданги тооцох нь үндэслэлгүй юм. Иргэний хуулиар гүйцэтгээгүй ажлын үлдэгдлээс алданги тооцох эрх зүйн үндэс байхгүй болохыг анхаарна уу.
Иймд зөвхөн нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийг хүлээн зөвшөөрч байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу *******-иас 371,010,000 төгрөгийг гаргуулан *******-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 154,140,000 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч ******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,013,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,783,700 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэрээний дагуу ******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд барилгын ажлыг дутуу гүйцэтгэсэн талаар маргаагүй.
2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр талууд өгч авалцсан зүйлсээ нэг бүрчлэн тооцож, тооцоо нийлэх акт үйлдсэн бөгөөд уг актаар ******* нь 350,100,000 төгрөгийн өглөгтэй, үүнээс 105,760,000 төгрөг нь гүйцэтгээгүй ажлын хөлс болохыг *******-ийн гүйцэтгэх захирал ****** гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн болно.
Гэвч анхан шатны шүүх нь дээрх баримтуудыг үл харгалзан, 105,760,000 төгрөгийн гүйцэтгээгүй ажил болон түүнд ногдох ажлын хөлсийг баримтаар нотлогдоогүй гэж үзэн 154,140,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлээс үлдэх 154,140,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж өгнө үү.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Талууд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд гэрээний биелэлт, төлбөр тооцоогоо дүгнэж, тооцоо нийлэх акт үйлдсэн. Уг актын дагуу ******* нь 247,340,000 төгрөгийн бетон нийлүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч уг баримтад гэрээг дүгнэсэн огноо, бетон нийлүүлэх нэмэлт хугацаа, алданги тооцох талаар тохиролцоо хийгдсэн эсэх нь тусгагдаагүй.
Нэхэмжлэгч нь 35 хоногийн алдангийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдсэн 65 хоногийн алданги болох 80,385,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талууд гэрээгээ дүгнэж, гэрээний харилцаа дуусгавар болсон нөхцөлд алданги тооцох үндэслэлгүй юм.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 65 хоногийн алданги буюу 80,385,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд өгсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
154,140,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгсөн тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
7. Хариуцагчийн гаргасан гомдолд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхээс дутуу нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн дүнд алданги тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ****** нарт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 350,100,000 төгрөг, алданги 175,050,000 төгрөг, нийт 525,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нийлүүлээгүй бетон зуурмагийн үнэ 247,340,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх талуудын үүссэн эрх зүйн харилцааг бүрэн тодорхойлж чадаагүй, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт өгсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
3. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, ******** 26 тоот хаягт байрлах газарт 90х36 харьцаатай, 12 м өндөртэй, 3,240 м2 талбай бүхий агуулахын барилгыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр барих, барилгын бетоныг нийлүүлэхээр, нэхэмжлэгч нь төлбөрт 968,450,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцжээ.
Гэрээний үнэ болох 968,450 төгрөгт тооцож нэхэмжлэгч нь Li pne маркийн цахилгаан автомашин, Lexus LX 570 маркийн автомашин, Toyota Estima маркийн автомашин, хэрэглээний төмөр, Найрамдал резиденс хотхоны 46,7 м.кв бүхий үйлчилгээний талбайг хариуцагчид шилжүүлэн өгчээ.
3.1. Мөн гэрээний талууд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны тооцоог нийлээд хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын хөлсний үлдэгдэл 105,760,000 төгрөг, нийлүүлээгүй бетон зуурмагийн үлдэгдэл 247,340,000 төгрөг болохыг баталгаажуулсан.
3.2. Талуудын байгуулсан гэрээ нь нэхэмжлэгчээс эд хөрөнгийг төлбөрийн зориулалтаар хариуцагчид шилжүүлсэн хэсэгтээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний, харин хариуцагч нь 3240 м талбай бүхий агуулахын барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж өгөхөөр тохирсон хэсэгтээ мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд тус тус хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
3.3. Гэрээний алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.
Мөн тооцоо нийлж баталгаажуулахад алдангийн талаар заагаагүй нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги шаардах эрхийг хязгаарлахгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алданги тооцсон нь үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
3.4. Иймд хариуцагчаас нийлүүлээгүй бетон зуурмагийн үнэ 247,340,000 төгрөг, алданги 123,670,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгчээ.
4. Харин анхан шатны шүүх хариуцагч нь 105,760,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй талаарх тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгчийг уг шаардлагаа баримтаар нотлоогүй гэж нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсэн байна.
Талуудын байгуулсан гэрээгээр 90х36 харьцаатай, 12 м өндөртэй, 3,240 м2 талбай бүхий агуулахын барилгыг түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр барих үүргийг хариуцагч хүлээсэн, улмаар гэрээний хэрэгжилтийн явцад уг ажлаас 105,760,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болохоо зөвшөөрч тооцоо нийлжээ.
Энэ тохиолдолд хариуцагч нь барилга барих үүргийг хүлээгээгүй, 105,760,000 төгрөгийн ажлыг дутуу хийгээгүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох ёстой боловч чадаагүй байна.
Иймээс хариуцагч нийлүүлээгүй бетон зуурмагийн үнэ 247,340,000 төгрөг, алданги 123,670,000 төгрөг, гүйцэтгээгүй ажлын хөлс 105,760,000 төгрөг, алданги 51,380,000 төгрөг, нийт 528,150,000 төгрөг төлөх үүрэг хүлээж байна. Гэхдээ нэхэмжлэлийн хүрээнд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд хариуцагчаас 525,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцнэ.
Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.
5. Хариуцагч ****** нь иргэний хувьд бус хуулийн этгээдийг төлөөлж гэрээний харилцаанд оролцсон тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл үндэслэлтэй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 525,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож, хариуцагч ******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 2,013,000 гэснийг 2,783,700 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 928,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 559,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ