| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/05513/и |
| Дугаар | 372 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: “****” ХХК
Хариуцагч: **** /РД:
Ярианы болон зээлээр худалдан авсан авсан гар утасны төлбөрт нийт 2 002 050 /хоёр сая хоёр мянга тавь/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний игэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь хариуцагч ****тай харилцан тохиролцож 2015 оны 4 сарын 25-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан **** дугаарт нь **** гар утасыг **** 12 сарын хугацаатай /2015 оны 4 сараас 2016 оны 4 сар/ хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 4 сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул **** дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр 1 335 700 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу тооцсон алданги 667 350 төгрөг, нийт 2 002 050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** нь “****” ХХК-ийн **** гэсэн дараа төлбөртийн дугаарыг эзэмшиж байсан. Энэхүү дугаарыг ашиглаж байсан хугацаандаа ярианы төлбөрөө сар бүр төлж, төлбөрийн үлдэгдэлгүй байсан ба 2015 оны 4 сард жирэмсэн байсан учраас мөнгө хэрэг болж дараа төлбөртийн дугаар барьцаалж зээл өгнө гэсэн зарын дагуу холбогдож дугаараа барьцаалж 400 000 төгрөгийн зээл авахаар болсон. Тэр хүний зээлийн нөхцөл нь ****ыг “****” ХХК дээр очиж дугаар барьцаалж, зээлийг баталгаажуулах бичгэн дээр гарын үсэг зурахад л болно гэсэн. Тэгээд “****” ХХК-ийн нэг салбар дээр очиж гарын үсэг зур гэсэн зүйл дээр нь гарын үсэг зурснаа ч сайн хараагүй, дугаар барьцаалж, 400 000 төгрөг зээлснийг баталгаажуулах зүйл дээр гарын үсэг зурсан гэж ойлгосон. Үүнээс хойш ****нь **** гэсэн дараа төлбөртийн дугаараа нэг ч ашиглаагүй ба зээл авсан хүнд дугаараа симтэй нь өгсөн. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэрээний алданги тооцсон хэсэгт талууд гарын үсэг зураагүй сүүлд нэмж бичсэн байх магадлалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан 2015 оны 4 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээ”–ний үүрэгт хөнгөлөлттэй үнээр авсан Samsung Galaxy S6 маркын гар утасны үлдэгдэл төлбөр болон**** дугаарын үйлчилгээний төлбөр, алдангид нийт 2 002 050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч “****” ХХК-тай 2015 оны 4 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан боловч гар утсыг аваагүй, мөн **** дугаарыг гэрээ байгуулснаас хойш ашиглаагүй, алданги тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Талууд 2015 оны 4 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглах урт хугацааны гэрээ”–нд гарын үсэг зурсан, энэхүү гэрээ байгуулах болзол буюу дугаараа 1 жил ашигласан, Samsung Galaxy S6 маркын гар утасны урьдчилгаа төлбөр 370 000 төгрөгийг төлсөн байх нөхцлийг хариуцагч Ч.Нармандах хангасны үндсэн дээр нэхэмжлэгч байгууллага утсыг шилжүүлэн өгчээ. Гэрээгээр нэхэмжлэгч нь дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр гар утас зээлээр худалдах, дагалдуулан нэмэлт хөнгөлөлт олгох, хэрэглэгч нь уг үйлчилгээг 12 сар хэрэглэх, сар бүр төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “ заасан зээлээр худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дах хэсэгт заасан хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал хариуцагчаас зээлээр олгосон гар утасны үнэ, үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй байна.
Хэдийгээр хариуцагч нь утсыг хүлээн аваагүй, урьдчилгаа төлбөрийг би төлөөгүй гэж маргаж байгаа ч гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний дагуу хүлээн авсан Samsung Galaxy S6 маркын гар утсыг бусдад барьцаалан 400 000 төгрөг хүлээн авсан болох нь хариуцагчийн өөрийнх нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдоно.
Нэхэмжлэлээс алданги 667 350 төгрөг гаргуулах тухай хэсэгт холбогдох шаардлагын тухайд талуудын хооронд байгуулсан гэх “Гар утас худалдах худалдан авах нэмэлт гэрээ” гэх баримт нь огноогүй, гэрээний талууд гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийх, гэрээг бичгээр байгуулах тохиолдолд талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцох тухай шаардлагад нийцээгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд хариуцагчаас зээлээр авсан Samsung Galaxy S6 маркын гар утасны үнийн үлдэгдэл төлбөр болон **** дугаарын төлбөрт нийт 1 334 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 667 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****аас 1 334 700 /нэг сая гурван зуун гучин дөрвөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулан “****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 667 350 /зургаан зуун жаран долоон мянга гурван зуун тавь” төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36 305 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ