Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/01082

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/05608 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

9,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулж зээл 1,200,000 төгрөг, ногоон тэжээлийн үнэ 8,250,000 төгрөг, нийт 9,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь зээлийн төлбөрт 1,100,000 төгрөг төлнө, ногоон тэжээлийн тээврийн зардлыг гаргасан тул төлөх төлбөргүй гэж маргасан.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгасан.

Гэтэл анхан шатны шүүх уг 100,000 төгрөгийг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан гэж шийдвэртээ дурдсан нь үндэслэлгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Үүнтэй холбоотойгоор тогтоох хэсгийн дугаарлалтад өөрчлөлт орно. Мөн тогтоох хэсэгт 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж алдаатай дугаарласан байгааг дурдвал зохино.

 

3. Анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгснөөс 1,800,000 төгрөг төлөгдөж, 1,200,000 төгрөг төлөгдөөгүй үйл баримтыг зөв тогтоож, уг харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагч нь нэхэмжилж буй зээлийн үлдэгдлээс 200,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан ч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Иймд шүүхээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 1,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Мөн 2023 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчээс хариуцагч нь ногоон тэжээл хүлээн авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

Харин хүлээн авсан ногоон тэжээлийн тоо хэмжээний талаар хариуцагч маргаж буй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан 750 ширхэг ногоон тэжээл хүлээлгэн өгсөн болохоо нэхэмжлэгч нотлох ёстой боловч баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн тайлбарт дурдсан 740 ширхэг ногоон тэжээлийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж тооцно.

Хэрэгт авагдсан гэрч ******* мэдүүлэг нь бичгийн баримтаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхгүй.

 

4.1. Зохигч нь ногоон тэжээлийн үнийн талаар мөн маргасан. Нэхэмжлэгч нь 1 ширхэг ногоон тэжээлийг 11,000 төгрөгөөр тооцож өгсөн болохоо нотлохоор *******-ийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээг баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч нь 1 ширхэг ногоон тэжээлийн үнэ 8,000 төгрөг гэх тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үнэлгээг үгүйсгэж чадаагүй тул 1 ширхэг ногоон тэжээлийн үнийг талууд 11,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид ногоон тэжээл нийлүүлэх, хариуцагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Хариуцагч нь уг тэжээлийг өөрөө худалдан аваагүй, харин бусдад борлуулж өгөх зорилготой байсан гэж тайлбарласан боловч энэ нөхцөл байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй. Учир нь хариуцагч ногоон тэжээлийг бусдад худалдсан болон түүний үнийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн талаар нотлох баримт байхгүй.

 

4.3. Мөн хариуцагч нь хүлээн авсан ногоон тэжээл чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан бөгөөд энэ талаар шаардлага тавьж байсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

Түүнчлэн анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний хүрээнд хариуцагчийн гаргасан тээврийн зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн бөгөөд хариуцагчийн энэ талаарх тайлбарт холбогдох баримт хэрэгт авагдаагүй.

 

4.4. Иймд хариуцагчаас 740 ширхэг ногоон тэжээлийг 11,000 төгрөгөөр тооцон 8,140,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 110,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэж байна.

Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нотлох үүргийн хуваарилалт болон нэхэмжлэлийг багасгах эрхийн талаарх алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/05608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг хүчингүй болгож,

2 дахь заалтыг 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Жанчивдоржоос 9,340,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 110,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад 56.1 гэснийг 56.2, 166,150 гэснийг 164,390 гэж өөрчилж,

3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ