Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: **** /

            Хариуцагч:  **** /

            Худалдаж авсан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлж авахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч **** гэрч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ****нь өөрийн эзэмшлийн **** маркийн автомашинаа зарна гээд арын шилэн  дээрээ зар тавиад явж байтал **** нь тааралдаж, худалдаж авахаар болсон байдаг. Тухайн үед би өөрийн эзэмшлийн автомашинаа 7 000 000  төгрөгөөр зарна гэхэд хариуцагч нь зөвшөөрч авахаар болж тохиролцсон болно. **** нь нөхрийн хамт гутал засварын газраа томруулахаар зээл авах болж манай эхнэрийн дүү ****ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр ****ийн нэр дээр түр хугацаагаар шилүүлэн авч 2012 оны 8 дугаар сард Банк бус санхүүгийн байгууллагаас 10 сая төгрөгийн зээл авч, машины төлбөрт 7 000 000  төгрөгийг шилжүүлэн өгсөн өдрөө автомашиныг биетээр авч явсан. Өөрөөр хэлбэл 2012 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл бараг 4 жилийн хугацаанд эзэмшиж байна. Хариуцагч нь худ ураг байсан учраас автомашиныг бичиг баримтынх нь хамт өгөөд явуулсан бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр автомашиныхаа нэр усыг өөрийнх нь нэр дээрээ шилжүүлэхэд худалдах, худалдан авах гэрээ хэрэгтэй юм байна гээд нэрээ шилжүүлэхтэй холбоотойгоор автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл тэрээр одоог хүртэл өөрийн нэр эзэмшиж байгаа автомашинаа шилжүүлэн авахгүй  байгаа бөгөөд ийнхүү шилжүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь автомашины татвар төлөх, замын мөнгө төлөх, даатгал хийлгүүлэх, магадгүй зам тээврийн осол гарах зэрэг эрсдэлтэй байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэм, өөрчлөгдөн шинэчлэгдэж жолоочийн хариуцлагын асуудал чангарч байгаа тул худалдах, худалдан авах гэрээний үндсэн худалдаж авсан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.     

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн гэх Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг гэрээний зүйл болох **** маркын автомашин нь ****н нэр дээр байдаг боловч жинхэнэ зарсан эзэн нь **** болохыг Прокуорын 2 удаагийн шалгалтаар тогтоогдсон. Мөн **** нар гүтгэж их хэмжээний мөнгө нэхэж шүүхэд хандсан байгаа тул энэ машиныг нэр дээр шилжүүлж авбал тэр мөнгийг нь төлөх үндэслэл болох учир зөвшөөрөхгүй байна. **** нь энэ машинаа надад зарах зорилгоор өөрийн дүүгийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр миний нөхөр ****ийн нэр дээр шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагаас 10 000 000 төгрөгийн зээл авахуулан 7 000 000 төгрөгийг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Сүүлд энэ худалдах, худалдан авах гэрээгээ хүчин төгөлдөр бусад тоцуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. **** маркын автомашин нь чанарын шаардлаг хангаагүй, үзлэг оношлогоонд ороогүй, бичиг баримтыг нь хүлээлгэж өгөөгүйгээс ашиглах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан **** маркын автомашиныг өөрийн нэр дээрээ шилжүүлж авахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд татгалзлын үндэслэлээ худалдаж авсан гэх автомашин нь нэхэмжлэгч ****х бус түүний хадам эгч ****н автомашин ба эвдрэлтэй, бичиг баримт байхгүй мөн оношлогоонд ороогүйгээс тухайн үед шилжүүлэн өгөөгүй, машиныг буцааж өгөх талаар нэхэмжлэгчид хандахад **** мэднэ гэдэг, ашиглах боломжгүй энэ автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Дүүргийн 1 дүгээр Прокурорын гэзрын прокурорын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 83 дугаар тогтоол, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 5/493 дугаар тогтоол, 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 5/1201 дугаартай хариу мэдэгдэх хуудас, зохигчдын тайлбар гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд ****нь ****н нэр дээр бүртгэлтэй автомашиныг худалдах зорилгоор өөрийн дүү Л****н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ****н  нөхөр ****д 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн, **** уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан “****” ББСБ-аас 10 000 000 төгрөгийн зээл авч 7 000 000 төгрөгийг ****д шилжүүлэн өгсөн  үйл баримт тогтоогдож байна.

**** нь ****д холбогдуулан түүнтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүхийн **** дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлж шийдвэрлэжээ.

Хэдийгээр хэлбэрийн хувьд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн боловч худалдагч тал уг автомашины бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэн өгөөгүй, автомашин оношлогоо үзлэгт ороогүй, эвдрэлтэй байсан, автомашины үнэ болох 7 000 000 төгрөгийг **** бус ****д шилжүүлэн өгсөн зэргээс үзэхэд худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, ашиглах боломжгүй байсан ба одоо ч энэ шалтгаан арилсан гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрч ****г байцаасан тэмдэглэл, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ****с авсан тайлбар, Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын прокуорын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 510 дугаар тогтоол, 2014 оны 8 дугаар сарын 18-ны 2549 дугаар тогтоол, **** **** дахь дансны  депозит хуулга  зэрэг баримт нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг  дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч ****н хариуцагч ****д  худалдан авсан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдаж авсан ****автомашиныг нэр дээрээ шилжүүлж авахыг хариуцагч С.Эрдэнэтуулд даалгах тухай нэхэмжлэгч ****н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 000  төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ