| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 184/2024/03259/И |
| Дугаар | 210/МА2025/01083 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01083
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02581 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
75,268,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2012 оны 10 дугаар сард ******* харилцан тохиролцож, Англи улсаас BMW маркийн автомашин худалдан авч Монгол улс руу ачуулан авах зорилгоор 15,000 фунт стерлинг буюу түүнтэй тэнцэх хэмжээний еврог Франц улсаас Англи улс руу шилжүүлсэн. Энэхүү тохиролцооны дагуу хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор автомашиныг ачуулна гэж амласан боловч уг үүргээ биелүүлэлгүй алга болсон тул би 2016 оны 10 дугаар сард Улсын мөрдөн байцаах газарт хандсан ч Прокурорын байгууллагаас иргэд хоорондын аман хэлцлээс үүдэлтэй, иргэний журмаар шийдвэрлэгдэх асуудал гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан.
Улмаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй байсан тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоосны дараа нэхэмжлэл гаргаж, 15,000 фунт стерлинг буюу өнөөдрийн ханшаар 64,479,900 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Анх 2015 онд Монгол улсад ирж хариуцагчийг хайсан ч уулзаж чадалгүй буцсан бөгөөд 2016 онд дахин ирэхдээ ******* хамт хариуцагчтай уулзахад, тэрээр бусдын мөнгийг төлж барагдуулсан, удахгүй миний мөнгийг ч төлнө гэж хэлсэн тул би түүнийг мөнгө төлөхөө батлаад өг гэж шаардаж, тэрээр мөнгө авсан нь үнэн, удахгүй төлж барагдуулна гэсэн агуулгатай гар бичмэл бичиж, гарын үсэг зурсан. Үүнээс гадна би хохирлоо барагдуулах зорилгоор 2015, 2016, 2023, 2025 онуудад нийт дөрвөн удаа Монгол Улсад ирэх шаардлагатай болсон бөгөөд эдгээр онгоцны тийзэнд нийт 10,788,520 төгрөгийн зардал гаргасан. Хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул миний хувьд уг зардлуудыг мөн хохирол гэж үзэж байна.
Иймд үндсэн төлбөр 64,479,900 төгрөг, нислэгийн зардал 10,788,520 төгрөг, нийт 75,268,420 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь анх хариуцагчийн ах болох ******* холбогдож, автомашин авах хүсэлтэйгээ илэрхийлсний дагуу ******* нь өөрийн дүү ******* хандсан төдий бөгөөд үүнээс хойш ******* ямар нэгэн хэлцэл байгуулж, мөнгө хүлээн авсан баримтгүй.
Англи улсад амьдардаг ****** нь тухайн үед ОХУ-аас хулгайн машин оруулж ирдэг болохыг нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байсан төдийгүй BMW Х6 маркийн хоёр автомашиныг тус бүр 8,000 фунт стерлингээр, нийт 15,000 фунт стерлингийг ******* дүү гэх ****** данс руу шилжүүлсэн. Ийм нөхцөлд нэхэмжлэгч нь уг мөнгийг ****** эсвэл ******* шаардах учиртай атал, зөвхөн худалдагч, худалдан авагчийг хооронд нь холбосон хүнийг хариуцагч болгон мөнгө нэхэмжилж буй нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч өөрөө ******тай холбогдож тээвэрлэгдээгүй автомашинуудыг контейнероос буцаан авах талаар тохиролцож байснаа дурдсан байдаг. Хариуцагч нь хулгайн машинтай холбоотой ямар нэгэн баталгаа гаргаж, бусдын өмнөөс төлөх үүрэг хүлээж байгаагүй, батлан даалтын гэрээ байхгүй учир нэхэмжлэлийг хариуцахгүй.
Мөн нэхэмжлэгч нь 3 итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тул нислэгийн тийзний зардлыг хохирол болгон нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 37,026,901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 38,241,519 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 343,084 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь нийт 75,268,420 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх нислэгийн зардал болох 10,788,520 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь *******-ийн баримт нь тамга тэмдэгтэй, Европын бичгийн стандартын дагуу бичигдсэн, шаардлага хангасан баримт болно.
Мөн шүүх 2012 оны 10 дугаар сарын ханшаар гадаад валютыг төгрөгт хөрвүүлэн тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг буруугаар хэрэглэсэн. Учир нь тухайн үе гэж нэхэмжлэл гаргасан үеийг ойлгохоор хуульд заасан байдаг.
Нөгөө талаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар худал мэдүүлэг өгч, хариуцагчийг авто машины наймаанд оролцоогүй гэж мэдүүлсэн нь баримтаар няцаагддаг. Гэрч ****** нь *******, ******* нарыг анх танилцуулсан хүн бөгөөд авто машины хэлцлийн гол эхлэлийг тавьсан байдаг. Цагдаагийн байгууллага ч энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэгдэх ёстой гэж үзсэн нь асуудлын бодит, иргэний шинжийг баталж байна.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 38,241,519 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь автомашины төлбөр болох 15,000 фунт стерлингийг ******* бус, ******* болон түүний хамаарал бүхий этгээдүүд рүү шилжүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд уг мөнгө ******* холбоотой гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Нэхэмжлэгч нь 15,000 фунт стерлингийг шилжүүлсэн тухай үндэслэлээр хариуцагч ******* холбогдуулан мөрдөн байцаах байгууллагад гомдол гаргаж, үүний улмаас хариуцагч "төлбөрийг төлнө" гэсэн утгатай баримтад гарын үсэг зурсан.
Гэвч уг мөнгө хариуцагч өөрөө эсхүл түүнтэй холбоотой этгээдэд шилжсэн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн мөнгийг үнэхээр хэн авсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өрийг шилжүүлэн авсан хэлцэл гэж үзсэн боловч аливаа өр шилжихэд өмнөх үүрэг гүйцэтгэгч тодорхой байх шаардлагыг хангасангүй. Иймд хариуцагч нь уг төлбөрийг хүлээж авах, төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн гаргасан шилжүүлгийн баримтуудаас харахад 5,001 фунт стерлингийг *******, 2,491 фунт стерлингийг ******* руу шилжүүлсэн ч эдгээр этгээдүүд нь мөнгийг хүлээн авсан, эсвэл хариуцагчтай холбоотой болох нь баримтаар нотлогдоогүй. Мөн гэрч ******* ******* бэлнээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн хувьд мөн л бид яагаад хариуцах нь тодорхойгүй, *** тухайн мөнгийг хүлээн авсан, захиран зарцуулсан, өөр хүн рүү шилжүүлсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч 15,000 фунт стерлингээ *******, *******, *** гэх 3 хүнд өгсөн гэдэг ч өгсөн эсэх, хүлээж авсан эсэх нь тодорхойгүй.
Гэтэл шүүх дээрх баримтуудыг хангалттай нотлогдоогүй байхад хариуцагч *******гээс нийт 37,026,901 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй.
Үүнээс гадна нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд гаргасан атлаа шүүх хянаж үзэлгүйгээр хэрэг үүсгэсэн нь процессын ноцтой зөрчил болсон.
Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн гомдолд өгсөн хариуцагчийн тайлбарын агуулга:
Гомдлыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гурван итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан тул онгоцны зардлыг шаардах эрхгүй. Үнийн дүнгийн талаар тайлбар хийхгүй, шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учир гомдолдоо нэмж хэлнэ.
7. Хариуцагчийн гомдолд өгсөн нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
******* уг мөнгийг зөвхөн *******гийн өгсөн данс руу шилжүүлсэн бөгөөд үүнийг ******* өөрөө хүлээн зөвшөөрч, мөнгө өгөхөө бичгээр баталсан. Шүүхэд хандсаны дараа автомашин захиалсан, эсвэл зуучилсан мэтээр тайлбараа өөрчилсөн нь бодит байдалд нийцэхгүй. ******* автомашин оруулж ирдэг, одоо ч энэ үйл ажиллагааг эрхэлж буй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс автомашин худалдан авахаар өгсөн 15,000 фунт стерлинг буюу 64,479,900 төгрөг, замын зардал 10,788,520 төгрөг, нийт 75,268,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь автомашин худалдах талаар харилцаж байгаагүй, аливаа хэлбэрээр мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй гэж маргасан.
3. Хэрэгт 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ням Сүхээс ******* руу 3,260 евро буюу 2,500 фунт стерлинг, 09 дүгээр сарын 21-ний өдөр 3,250 евро буюу 2,501 фунт стерлинг, 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр * ** ******* руу 3,255 евро буюу 2,491 фунт стерлинг шилжүүлсэн, мөн ***** 20,000,000 төгрөгийг ******* хүлээлгэн өгсөн баримтууд авагдсан байна.
Гэхдээ дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлтэй дүгнэсэн.
3.1. Мөн нэхэмжлэгч нь Англи улсаас автомашин худалдах, худалдан авахаар хариуцагчтай харилцан тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
3.2. Харин 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* нь *******эс 15,000 фунт стерлинг авсан тул төлөхөө хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригоо илэрхийлсэн баримтыг үйлдсэн байна. Энэхүү баримтыг зохигч уулзаж хамтдаа үйлдсэн болох нь гэрч ******* мэдүүлгээр нотлогдсон.
Мөн талуудын үйлдсэн энэхүү баримтад үндэслэн Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 324 дугаар тогтоолоор *******эс ******* 15,000 фунт стерлинг залилуулсан гэмт хэргийн талаарх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан эрх зүйн үр дагавар үүсчээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс 15,000 фунт стерлинг хүлээн авсан болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй, үнэн зөв байдлаар тогтоогдсон.
4. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 15,000 фунт стерлинг хүлээн авсан боловч энэ нь зохигчийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь Англи улсаас автомашин худалдах, худалдан авахаар хариуцагчтай харилцан тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Ийнхүү зохигчийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д төлбөл зохих өрийг шилжүүлэн авсан хэлцэл хийсэн гэж үндэслэлгүй эрх зүйн дүгнэлт өгсөн.
Учир нь өр шилжихдээ өмнө нь хүчин төгөлдөр байгуулагдсан үүргийн эрх зүйн харилцаанд үндэслэдэг болно.
4.1. Гэхдээ талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй нь тогтоогдож байгаа хэдий ч хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******эс 15,000 фунт стерлингийг хүлээн авч, уг мөнгийг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр өөртөө шилжүүлэн авсан байна.
Иймд хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй.
Хариуцагчаас гаргуулах гадаад валют болох фунт стерлингийн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монголбанкны албан ханшаар /1 фунт стерлинг=4,273.97 төгрөг/ тооцоход, нийт 64,109,550 төгрөг болж байна.
Энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангаж буй тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
4.2. Талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үндсэн дээр хохирол нэхэмжлэх эрхгүй.
Харин үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой буцаан шаардах шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн үндэслэлгүй олсон хөрөнгө, түүнээс бий болсон орлого, үр шим, мөн тухайн хөрөнгийг эвдсэн, гэмтээсэн, устгасан, эсхүл хураалгасан нөхцөлд нөхөн төлбөр шаардах боломжтой.
Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан, хариуцагчаас мөнгөн хөрөнгө шаардахаар Монгол улсад ирэхдээ гаргасан нисэх онгоцны замын зардал болох 10,788,520 төгрөг нь дээрх зохицуулалтын хүрээнд хамаарахгүй.
Мөн уг зардал бодитоор гарсан нь эргэлзээгүй, үнэн зөв байдлаар нотлогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/02581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 64,109,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,158,870 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2, 343,084 гэснийг 478,498 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,157 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 343,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ