Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01113

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03231 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

116,008,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 2021 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *******-тай харилцан тохиролцож, *******-ийн хонины арьс болох түүхий эдийг хагас боловсруулах шатанд хүртэл боловсруулан өгч нэг ширхэг чанарын шаардлага хангасан арьсанд 6.5 юань, чанарын шаардлага хангаагүй арьснуудад 5 юань авахаар тохиролцсон.

Улмаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 136,446,796.26 төгрөгийн үнэ бүхий боловсруулсан арьсыг авах өртэй болохыг баталж, тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл боловсруулсан 27,900 ширхэг арьсыг хагас боловсруулсан бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдээгүй, манай үйлдвэр дээр одоо хүртэл хадгалагдаж байна.

Хариуцагч нь өнөөдрийн байдлаар нийт 205,008,796.26 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэйгээс 89,000,000 төгрөг төлсөн.

Иймд үлдэгдэл төлбөр 116,008,796.26 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манайх нэхэмжлэгч компанитай ижил нэг зарчмаар явагддаг аж ахуйн нэгж юм. Манайх өөрийн арьсыг өөрийн үйлдвэрт боловсруулж байхад, БНХАУ-ын иргэн ****** гэх хүн манайд хандсан. Тухайн үед ажлын ачаалал ихтэй байсан учир *******-тай уулзуулсан. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын иргэн ****** гэх хүнийг холбож өгсөн болохоос нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч Белон ХХК /РД:2112744/-д холбогдуулан гаргасан 116,008,796 төгрөг гаргуулах тухай ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 737,994 /687,994+50,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч *******-ийн захирал ******* хүү болох ******* тооцоо нийлсэн баримт дээрх гарын үсэг мөн эсэхийг тогтоох шаардлагатай байсан.

Гомдолтойгоо хавсаргаж, хариуцагч талын бараа бүтээгдэхүүн мөн болохыг баталсан тухайн үед хийгдэж байсан тооцоо нийлсэн актууд, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* эхнэр болох ***** нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болох ******ын хаан банкны ** тоот дансанд 7 удаагийн гүйлгээгээр нийт 215,000,000 төгрөгийг шилжүүлж байсан талаарх дансны хуулга, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* төрсөн хүү болох ******* нэхэмжлэгч байгууллагын ******той утасны мессежээр харилцаж төлбөр төлж байсан талаарх нэмэлт баримтуудыг гарган өгч байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй. ******* нь өөрөө арьс шир боловсруулдаг тул энэ төрлийн ажлыг нэхэмжлэгчээр хийлгэх шаардлагагүй. Нэхэмжлэлд дурдаад буй асуудал нь БНХАУ-ын иргэн ******тай холбоотой. Энэ хүн нь олдохгүй байгаа учраас манайхаас нэхэмжилж байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2021 оны 03-07 дугаар сард арьс шир хагас боловсруулж өгсний үнэд 116,008,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсгээгүй, энэ асуудал нь БНХАУ-ын иргэн ******тай холбоотой гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй баримт хэрэгт авагдсан байхад зохих эрх, үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл болж байна.

 

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авлага, өглөгийн тооцоо, 2021 оны 06 дугаар сарын 16, 27-ны өдрүүдэд үйлдсэн тооцоо нийлсэн баримт зэргийг гаргаж өгсөн нь хэргийн 18-20 дугаар талд авагдсан.

Гэвч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүй.

3.2. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлаж өгөх замаар хэрэгт авагдсан баримтыг хуулийн шаардлага хангуулах ёстой.

Түүнчлэн шүүх нь бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангагдаагүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийг нотлох баримтаас хасах эрхээ хэрэгжүүлэлгүй орхигдуулсны улмаас шаардлага хангаагүй баримтыг нотлох баримт үнэлэх ажиллагаанд хамруулсан байна.

 

3.3. Анхан шатны шүүхийн гаргасан энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03231 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,994 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ