Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01114

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02731 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

60,000,000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 60,000,000 төгрөг гаргуулах, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ар Зайсангийн гудамжинд байрлах 100/1 дүгээр байрны 304 тоот, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна.

Орон сууцны талбайн хэмжээ 58.52 м.кв бөгөөд нэг м.кв-ийг нь 4,500,000 төгрөгөөр гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийг тохирсон. Гэрээний 7.4-т худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулан хүлээлгэж өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг нэг сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөхөөр тохирсон. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд 40 сарын хугацаагаар тооцож, хохиролд 60,000,000 төгрөг шаардсан.

Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч талаас удаа дараа мэдэгдэж, уулзалт хүртэл зохион байгуулахыг мэдэгдсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

Иймд хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч тухайн орон сууцад 2021 оны 08 дугаар сард ороогүй. Түрээсийн төлбөр нэмэгдэж байх хугацаанд хариуцагч тухайн орон сууцны худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөөр байсан. Түүнээс биш орон сууц хөлслөх тухай төлбөрийг төлөөгүй. Мөн гэрээний 7.4-т заасан байгаа заалт нь өөрөө орон сууц хөлслөх гэрээний бие даасан шаардлага хэрэгжүүлэх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагчийн тухайд захиалагчтай орон сууц худалдах гэрээ байгуулчхаад давхар орон сууц хөлслөх гэрээ хийх эрх зүйн зохицуулалт байхгүй.

Хэрвээ гүйцэтгэгч тал гэрээг цуцалж байгаа бол гэрээний 6.1-т заасны дагуу 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Энэ талаарх мэдэгдэл хариуцагчид огт ирээгүй.

Энэ орон сууц ашиглалтын шаардлага хангахгүй дулаан алдалттай байсан. Засвараа хийж гүйцээнэ гэж хэлж байсан боловч одоог хүртэл засвараа хийж гүйцэтгэж өгөөгүйн улмаас орон сууцнаас гараад явсан. Энэ хугацаанд хариуцагч Монгол улсад амьдарч байгаагүй ба БНХАУ-ын Эрээн хотод амьдарч байсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, ****** хотхон, 3 дугаар блок, ******, 304 тоот сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч *******-д хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэгч *******-аас 32,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ******* олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,100 төгрөгөөс 457,950 улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 447,950 төгрөгийг, улсын төсвийн ****** тоот данснаас илүү төлсөн 228,150 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Миний бие 101,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 3,500,000 төгрөгийн засвар хийж орон сууцанд орсон. Тухайн орон сууцанд банн байхгүй, нойлын хойгуур доороосоо онгорхой нэвт сийгдэг, бүх хана нь цуурсан, эмульс нь хууларсан байсан бөгөөд бас бус зөндөө зүйлс дутуу байсан. 3 жилийн хугацаанд удаа дараа надад орон сууцыг засварлаж өгнө гэж худал хэлж өдийг хүргэсэн.

Орон сууцыг засварлаж өгтөл төлөлт хийх боломжгүй, орон сууцыг засварлаж өгсний дараа төлөлт хийх талаар 2022 оны 05 дугаар сард захиралд нь зураг хөрөгтэй нь өргөдөл, гомдлоо өгсөн.

Миний хувьд их гомдолтой байгаа бөгөөд 136,000,000 төгрөгөө эргүүлэн авах эсхүл орон сууцны төлбөрөө төлөөд авмаар байна. 2022 онд өгсөн мөнгөө авъя гэхэд өгөөгүй. Хүний 100 гаруй сая төгрөгийг 3 сарын хугацаанд хүүгүй авах нь шударга бус. Орон сууц асуудалгүй байсан бол орон сууцны төлбөрийг эрт төлөөд дуусгах боломжтой байсан.

Иймд дээрх үндэслэлээр хохирлыг минь барагдуулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Маргаанд дурдагдсан байрыг 2021 онд улсын комисс хүлээн авсан ба чанарын шаардлага хангаагүй гэх нотолгоо хэрэгт авагдаагүй. Хариуцагч урьдчилгаа 20,000,000 төгрөг төлж, үлдэгдлийг хүүгүй 36 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон ч гэрээг зөрчиж, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Анхан шатны шүүх маргааны зүйлд үндэслэл бүхий байдлаар дүгнэлт өгсөн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр үүний үр дагаварт хохирол 60,000,000 төгрөг гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээнээс татгалзах талаар урьдчилж мэдэгдээгүй, орон сууц доголдолтой байсан учраас амьдраагүй, орон сууц хөлслөх гэрээний шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

2.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийн үндэслэлтэй тайлбарласан боловч найруулгын шинжтэй алдаа гаргасныг залруулна.

 

3. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, ****** хотхон 3 дугаар блок, ******, 304 тоот 58.52 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр, ******* орон сууцны 1 м.кв талбайн үнэ 4,500,000 төгрөг буюу нийт 263,340,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.1. Хариуцагч ******* нь орон сууцыг 2021 оны 08 дугаар сард хүлээн аваад 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд 100,500,000 төгрөг төлж, 162,840,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй.

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээний үнийг бүрэн төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүйн зэрэгцээ төлбөр төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн байна.

Үүнээс шалтгаалж нэхэмжлэгч нь урьдчилж сануулахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д нийцжээ.

Учир нь хариуцагч төлбөр төлөх хугацааг удаа дараалан зөрчиж байсан хэдий ч нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахгүйгээр төлбөрийг бүрэн төлөхийг хүлээж, үүргээ биелүүлж байсан тул одоо хариуцагчид нэмэлт хугацаа олгох, урьдчилан мэдэгдэх шаардлагагүй болно.

Хариуцагч нь орон сууц доголдолтой байсан, гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, үүний улмаас төлбөр төлөөгүй гэж маргасан боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Хэрэгт гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт нь эргэлзээгүй, үнэн зөв байдлаар дээрх байдлыг нотлохгүй юм.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байхад анхан шатны шүүх гэрээг цуцалсан гэж алдаатай дүгнэснийг энэ хэсэгт дурдсан дүгнэлтээр залруулав.

4.1. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн ам, ****** хотхон 3 дугаар блок, ******, 304 тоот, 58.52 м.кв, 3 өрөө орон сууцыг эзэмшилдээ авахаар буцаан шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэжээ.

4.2. Талууд гэрээнээс татгалзсантай холбогдуулан үүссэн хохирлыг арилгах үүднээс гэрээний 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 1,500,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг худалдагч талд үл маргах журмаар төлнө. гэж тохиролцжээ.

Хариуцагч нь орон сууцад амьдраагүй, БНХАУ-д амьдарч байсан гэж тайлбарлаж буй боловч орон сууцыг буцааж нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн баримтгүй тул дээрх хугацааны хохиролд холбогдох орон сууцны хөлсийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагчийн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй зөрчлийн улмаас гэрээнээс нэхэмжлэгч татгалзсан тул анхан шатны шүүх гэрээний 7.4-т заасан нөхцөлийн дагуу гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг 2021 оны 08 дугаар сараас эхлэн 39 сарын хугацаагаар тооцож, нийт 58,500,000 төгрөг /39 сар1,500,000 төгрөг/ гэж зөв тогтоосон байна.

Үүнтэй холбогдуулан, хариуцагчийн орон сууцны төлбөрт төлсөн 100,500,000 төгрөгөөс дээрх хохирлыг хасч, үлдэх 42,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцэж байна.

Мөн талууд гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээний биелэлтийг биет байдлаар болон олсон ашгийн хэмжээнд харилцан буцаан өгөх үүрэгтэй ч, орон сууцанд хариуцагчаас хийсэн гэх засвар, сайжруулалтын зардлыг энэ хүрээнд тооцох боломжгүй. Учир нь хариуцагч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй.

4.3. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид буцаан олгох мөнгөн хөрөнгийн хэмжээг 42,000,000 төгрөг гэж зөв тооцсон атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт 32,000,000 төгрөг гэж найруулгын алдаатай заасан байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02731 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 32,000,000 гэснийг 42,000,000 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ