Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/01115

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02100 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********д холбогдох,

2022 оны 04 дүгээр сарын 11-ний Б/II/37 дугаар тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаартай тушаалаар албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулж, эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн.

Үүнтэй холбоотойгоор уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн. Дээрх нөхцөл байдал үүссэний дараа миний бие албан тушаал бууруулсан тушаалын дагуу ажилдаа орохоор өргөдөл гаргахад сул орон тоо байхгүй гэж хариу өгсөн.

Өнөөдрийг хүртэл тушаалын дагуу ажилд томилоогүй, улмаар хэд хэдэн удаа биеэр уулзаж хүсэлт, өргөдөл гаргасан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй учир 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан.

Иймд ********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний Б/II/37 дугаар тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

****** нь иргэн ******* тэтгэвэрт гарахад нь тэтгэмж олгохдоо ******* тасралтгүй ажилласан жилийг 35 жил 5 сар ажилласан гэж тооцож, 2 сарын дундаж цалин хөлсөнд 6,031,534 төгрөг илүү олгосон байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа 2024 оны 07 дугаар сард ****** нь дээрх 6,031,534 төгрөгийг төлсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******г ********ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2/37 дугаар тушаалын дагуу хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалд бууруулан томилохыг хариуцагч ********д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ****** улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ********аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар арын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаартай шийдвэр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаартай магадлалаар тус тус иргэн ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэн ******* тэтгэвэрт гаргахад нь тэтгэмж олгохдоо ******* тасралтгүй ажилласан жилийг 35 жил, 5 сар ажилласан гэж тооцож, 2 сарын дундаж цалин хөлсөнд 6,031,534 төгрөг илүү олгосон байсныг тогтоосон.

Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргийг дахин хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг зөрчиж байна.

****** нь тушаал буурсан албан тушаалд ажиллахгүй гэж татгалзсан нь энэ хүний өөрийнх нь сонголт, эрхийн асуудал юм. Ажил олгогч түүний албан тушаал бууруулсан буюу *******ын дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд томилсноос хойш тэрээр ажилдаа ирээгүй бөгөөд ажил олгогчийн зүгээс дараагийн хүний нөөцийн мэргэжилтнээ авч ажиллуулахаас өөр сонголтгүй болсон.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Өмнөх хөдөлмөрийн маргаан дуусгавар болсон тул нэхэмжлэгч бууруулсан ажил, албан тушаалд томилогдох эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ****** нь ********д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний Б/II/37 дугаар тушаалд заасны дагуу албан тушаал бууруулан томилж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, бууруулсан албан тушаалд ажиллахаас татгалзсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Улаанбаатар *******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалаар ******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс цуцалж, мөн өдрөөс Хүний нөөцийн албаны тушаал, шийдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Энэ тушаалыг эс зөвшөөрч гаргасан ******* 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй.

3.1. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч нь албан тушаал бууруулан томилохыг хүссэн өргөдлөө 2023 оны 10 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд хариуцагч байгууллагад гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 18/315 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн.

3.2. Мөн нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулж Улаанбаатар *******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/I/213 дугаар тушаалаар *******ын дээд сургуулийн хүний нөөцийн мэргэжилтнээр түр томилсон боловч энэ тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/465 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.

4.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д заасан эрхийнхээ дагуу ажил олгогчийн ажил, албан тушаал бууруулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч байгууллага энэ асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлж дуусаагүй байхад буюу шүүхийн шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийг албан тушаал бууруулан томилсон бөгөөд нэхэмжлэгч тухайн тушаал хүчин төгөлдөр эсэх нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад буурсан албан тушаалд ажиллахаас татгалзах эрхтэй.

Харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Улаанбаатар *******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаал үндэслэл бүхий гарсан болохыг тогтоосон тул нэхэмжлэгч нь үүний дагуу албан тушаал буурч ажиллах ёстой юм.

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/01771 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01241 дугаар магадлалаар зөвхөн албан тушаал бууруулсан асуудал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн албан тушаал буурч ажиллахыг хязгаарлаагүй.

Өөрөөр хэлбэл, уг шийдвэр, магадлал нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг урьд шүүхээр шийдвэрлэсэн гэх нөхцөл байдлыг үүсгэхгүй. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

4.3. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс ажилтан *******д илүү тэтгэмж олгосон гэж маргаж байгаа боловч энэ буруутай үйлдэлд нь дээрх Улаанбаатар *******ын даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/II/37 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тул дахин энэ үндэслэлээр сахилгын шийтгэлийн асуудал яригдахгүй.

4.4. Иймд нэхэмжлэгчийн гаргасан анхны гомдол нь хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахтай холбоотой байсан бөгөөд энэ талаар шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад ажил олгогч түүнийг буурсан албан тушаалд ажиллаагүй гэх үндэслэлээр дараагийн ажлаас чөлөөлсөн, мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буурсан албан тушаалд томилохоос татгалзсан нь ажилтны хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үйлдэл тул нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байна.

4.5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт энэ маргаанд хамааралгүй сахилгын шийтгэл ногдуулах заалт баримталсан байгааг залруулж өөрчлөлт оруулна.

Мөн ажил олгогчийн гаргасан тушаалын дугаар, агуулгыг шийдвэрт найруулгын алдаатай тусгасан байгааг зөвтгөнө.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын алдаа гаргасныг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/02100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 123 дугаар зүйлийн 123.2.4 гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1, Б/2/37 гэснийг Б/II/37, тушаалд бууруулан гэснийг тушаал бууруулан гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ