| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 182/2024/06701/И |
| Дугаар | 210/МА2025/01116 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01116
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03385 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Дэлгүүр ажиллуулах зорилгоор өөрийн үеэл *******ээс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөгийг 1 жил 3 сарын хугацаатайгаар, 2,5 хувийн хүү төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээг бичгээр хийсэн.
Тухайн үед ******* нь зээлээ төлж дуусгах хүртлээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 хд ****** дүгээр байр, ****** тоот хаягт байрлах 35.09 м.кв талбайтай орон сууцыг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд өгчих, зээлээ төлөөд дуусгахаар буцаагаад нэр дээр чинь шилжүүлж өгье гэсэн. Ийм учраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байгаа нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм.
*******ээс зээлсэн 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн гүйлгээгээр 37,000,000 төгрөгөөр бүрэн төлсөн учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн нэрийг шилжүүлж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан.
Иймд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
****** өмнө нь надаас мөнгө зээлдэг байсан. Дахин 35,000,000 төгрөг надаас зээлье гэхээр нь өмнөх мөнгөө өгөөгүй учир мөнгө зээлэхгүй гэж хэлсэн.
Гэтэл нэхэмжлэгч ****** нь дэлгүүр яаралтай авах шаардлагатай байна, би байраа таны нэр дээр шилжүүлж өгье. Та 35,000,000 төгрөг зээлчих гэж надад хэлсэн. Тэгээд л худалдах, худалдан авах гэрээ байгуулж, байраа миний нэр дээр шилжүүлж өгсөн.
Энэ байр миний нэр дээр шилжиж ирснээс хойш одоог хүртэл уг байран дээр би очоогүй. Байрны үнийг 5,000,000 төгрөгөөр гэж бичсэн нь ****** татварт бага мөнгө төлөх зорилгоор бичсэн.
Бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууц миний нэр дээр шилжсэн. Зээлийн гэрээ бидний дунд байгуулагдаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5-д заасныг баримтлан талуудын 2017.02.07-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө (орон сууц) худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, ХД ****** дүгээр байр, ****** тоот хаягт байршилтай, 35,09 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ******* нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.04-ний өдөр төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ", 75.2.1-т "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байхаар заасан.
Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зээлийн сүүлийн төлөлт хийсэн гэх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тооцоход 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт "Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно", 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт "Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ" гэж заасан.
Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор "бодит үйлдэл" гэдэгт хүсэл зоригийг үгээр болон бичгээр илэрхийлээгүй ч өөрийн санааг бусдад ойлгогдохуйц аргаар илэрхийлсэн аливаа зан үйлийг хамааруулан ойлгоно гэж заасан байдаг.
Талуудын байгуулсан гэх зээлийн гэрээнд тухайн зээлийг төлж чадахгүй болсон тохиолдолд өөрийн байрыг ******* өгөх болно. Зээлээ авахдаа өөрийн байрыг *******ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд зээлээ төлж дуусмагц байраа эргүүлэн авахаар тохирсон болно" гэжээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд ******* бичсэн дээрх агуулгаас харахад зээлээ төлж чадахгүй бол байраа ******* өгөхөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Худалдах, худалдан авах гэрээг зээл авах зорилгоор байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээд байхад өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Энэ талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******* холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус үндэслэлээр Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, ХД ****** дүгээр байр, ****** тоот хаягт байршилтай, 35,09 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн үзсэн нэхэмжлэлийн үндэслэлийг шаардлага гэж буруу тодорхойлсон алдааг залруулж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.
2.1. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ бодитоор байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зохигч нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, ХД ****** дүгээр байр, ****** тоот хаягт байршилтай, 35,09 м.кв талбайтай орон сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
3.1. Мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нь 30,000,000 төгрөгийг 1 жил 3 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, энэ зээлийг төлөх баталгаа болгож нэхэмжлэгч нь орон сууцаа хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн болохыг талууд баталгаажуулж, зээл эргэн төлөх хуваарийг тогтоосон.
3.2. Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид 37,000,000 төгрөг төлсөн.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4.1. Иргэний хуулийн ******, 40 дүгээр зүйлд зааснаар гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн байгуулагдах ёстой.
Гэтэл тухайн гэрээний агуулга, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийллээр бус, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хэлцэл байгуулсан нь тогтоогдож байна.
4.2. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийн утга тодорхойгүй бол илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үйлдэл болон нөхцөл байдлыг харгалзан тайлбарлах ёстой.
Хариуцагч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, харин 30,000,000 төгрөгийн зээл олгосон нь тогтоогдсон бөгөөд үүгээр талууд худалдах, худалдан авах гэрээ бус барьцааны гэрээ байгуулсан болох нь нотлогджээ.
4.3. Иймд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулах талуудын хүсэл зориг тогтоогдоогүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус.
Мөн анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлд хамааруулан дүгнэсэн байгааг дээрх байдлаар залруулав. Учир нь дүр үзүүлэн хийсэн болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь нэг гэрээний харилцаанд зэрэгцэн байх боломжгүй юм.
4.4. Нэгэнт талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд эрх зүйн үр дагаврын асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар өмчлөгчийн эрхийг сэргээх үүднээс маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр ******ийг бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй.
5. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаагүй. Мөн хүчин төгөлдөр бус байх гэрээнд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа арван жилээр тоологдоно.
Иймээс энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахдаа зохих эрх бүхий байгууллагад даалгаагүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/03385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, ХД ****** дүгээр байр, ****** тоот хаягт байршилтай, 35,09 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч ******* нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ