| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/05713/и |
| Дугаар | 369 |
| Огноо | 2016-07-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “****” ХХК /
Хариуцагч: **** /РД
Хохиролд 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****нь анх 2011 оны 12 сарын 23-ны өдөр “****” ХХК-ний Жолоочийн албан тушаалд томилогдон ажиллаж, удалгүй 2012 оны 8 сарын 31-нд талууд харилцан тохиролцож 12/136 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан “****” компанид худалдааны төлөөлөгч албан тушаалд томилогдож ажиллах болсон. Гэвч Ч**** нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхин явж, бусад харилцагч байгууллагад худалдааны өр дутагдалтай ажиллаж байсан тул 2014 оны 1 сарын 31-ний өдөр “****” ХХК-ний захирлын 6011а тоот тушаалаар байгууллагад худалдааны өр дутагдал гаргаж ажил хаяж явсан гэх шалтгаанаар ажлаас халсан болно. Гэхдээ **** нь ажиллах хугацаандаа 2013 оны 4 сарын 30-ний өдөр “****” ХХК-тай тохиролцсоны үндсэн дээр “Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” 13/00711 тоот гэрээ байгуулж 20 ширхэг “Эко-ойл” барааг нэг бүрийн 37 000 төгрөгөөр нийт 740 000 төгрөгийн зээлийн борлуулалт хийсэн байдаг. Энэ нь 2013 оны 5 сарын 9-ний өдрийн Тооцооны үлдэгдэлийн баталгааны хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд эргэж тооцоо нийлэлгүй өнөөдрийг хүрч дээрх өр төлбөрийн хохирлыг “****” ХХК-д үүсгээд байна. Иймд манай компанид учруулсан хохирол болох 740 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан “****” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар, хүсэлт гаргаж байна. Үүнд: Миний бие 2012 оны 8 сарын 31-ний өдрөөс “****” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд миний ажил албан тушаал нь худалдааны төлөөлөгч хүлээсэн чиг үүрэг нь бүтээгдэхүүн борлуулах ажиллагаа байсан бөгөөд цалин борлуулалтаараа гэсэн нөхцөлтэй байсан юм. Энэ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргийнхээ дагуу 2013 оны 7 сарын 24-нд өөрийн компанийн бүтээгдэхүүнийг “Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай” гэрээг “****” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн тэдний ажилтан Отгонжаргал гарын үсэг зурсан болно. Гэрээний дагуу миний бие 20 литр савалгаатай нэг бүр нь 37 000 төгрөгний үнэтэй, нийт 740 000 төгрөгний үнэтэй 20 ширхэг эко тосыг “****” ХХК-ийн технологич ****д хүлээлгэн өгсөн юм. Харин “****” ХХК дээрх бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байсан бөгөөд энэ талаар би цаг тухайд нь хариуцсан албан тушаалтан аудитор ****д мэдэгдэж байсан, мөн гарах үедээ ажлын багаж хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн зэрэг ажлаа хүлээлгэн өгч тооцоогоо дуусгасан болно. Гэтэл “****” ХХК нь өөр байгууллагын гэрээний дагуу авсан төлбөрийг төлөөгүйн буруугаар бүтээгдэхүүний үнийг надаас шаардаж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан байгууллагад учруулсан хохиролд 740 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийг тухайн байгууллагадтай хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өр дутагдал гаргасан гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн байгуулалагад ажиллаж байхдаа “****” ХХК-д барааг хүлээлгэн өгсөн, барааны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, тооцоо нийлсэн этгээд байсаар байхад надаас нэхэмжилсэн үндэслэлгүй гэж маргаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “****” ХХК-д нэг бүр нь 37 000 төгрөгийн үнэтэй, 20 ширхэг “****” тосыг зээлээр өгч, 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдөр 13/00711 тоот “Зээлээр бараа бүтээгдхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, гэрээнд “****” ХХК-ийг төлөөлж ****, “****” ХХК-ийг төлөөлөн менежер **** нар гарын үсэг зурж, “****” ХХК-ийн тамга дарагдсан байна.
Гэрээний талууд 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан харилцан тооцоо нийлж, худалдан авагч “Мон батжил” ХХК нь 740 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Заяахундагыг барааг “Мон батжил” ХХК-д хүлээлгэн өгсөн болохыг зөвшөөрч байгаа боловч ажиллаж байх хугацаандаа өрийг барагдуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь нэхэмждэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “****” компанитай байгуулсан гэрээний үүргийг тухайн үед худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр халагдсан ажилтнаасаасаа нэхэмжилсэн байх бөгөөд гэрээний үүргийг хариуцах ёстой байгууллага нь үүргээ биелүүлээгүй байхад компанийн нэрийн өмнөөс барааг хүлээлгэн өгч, гэрээ байгуулсан ажилтан хариуцлага хүлээхгүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.4.4, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд иргэний эрхзүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой ба нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан учруулсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хохирол учруулсан гэх, хууль буюу гэрээний улмаас хариуцагчид үүрэг үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****с 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн “****” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 310 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ