| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/00903/И |
| Дугаар | 210/МА2025/01117 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01117
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02723 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Тус компанийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******** дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх шалтгаанаар ажлаас халагдсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч тус компанид 2021 оноос хойш ажиллаж байгаа, 3 жил болсон учир хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцох хуулийн заалтыг зөрчсөн.
Мөн нэхэмжлэгчийг төсөл дууссан гэж ажлаас чөлөөлсөн. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч компани тухайн газраа ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгааг, мөн дампын оператор шинээр авахаар зар тавьсан байгааг харж болно.
Нэхэмжлэгч тал 1 сарын цалингийн дунджийг 4,016,814 төгрөг, нэг өдрийн цалинг 189,972 төгрөг, ажлын 70 хоног гэж тооцоолол гаргасан.
Иймд дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ, цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа /36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан.
Нэхэмжлэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан дампын оператораар ажиллуулсан.
*******-тай байгуулсан ****** дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******** тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ******* 3 удаа гэрээ байгуулсан. Тодруулбал, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь туршилтын 3 сарын хугацаагaap, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь төслийн үргэлжлэх хугацаагаар, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр төслийн үргэлжлэх хугацаагаар тус тус байгуулсан.
******* анх туршилтын хугацаагаар гэрээ байгуулсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаа буюу төслийн хугацаагаар сунгаж байгуулснаас харахад мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байгуулсанд тооцох учир ажил олгогч хугацаа дууссан үндэслэлээр ажилтныг халах эрхгүй.
4.2. ******* хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусах байсан.
Гэвч 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил олгогч *******-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох талаар ажилтанд сануулж мэдэгдээгүй, сүүлд буюу 13 хоногийн дараа гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэх заалт үйлчилнэ.
4.3. "Таван толгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн № ****** дугаартай гэрээ"-ний хугацаа дуусахаас 6 сарын өмнө талууд хугацаагаа сунгасан тул ******* дахин 2027 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд тус төсөл дээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон.
Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан санхүүжилтийн цар хүрээний хугацаа 3 жилээр сунгагдсан буюу төслийн хугацаа дуусах болоогүй байхад нь ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.
Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас чөлөөлснөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэлх хугацаагаар тооцох үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Ажил олгогч нь 36 сарын хугацаатай гэрээт төслийн ажлыг санхүүжилт, ажлын цар хүрээ, хугацаатай нь уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасны дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ нь ******-тай байгуулсан ****** дугаартай гэрээний хугацаанаас хамаарах бөгөөд уг гэрээ дуусгавар болж буйтай холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 22-нд мэдэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. ******-тай гэрээ шинэчлэн байгуулсан нь нэхэмжлэгчтэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэл болохгүй. Иймд шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т.Өнөржаргал нь хариуцагч ********-д холбогдуулан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа ажлаас чөлөөлсөн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******** дүгээр тушаалыг хүчингүй болгохоор шаардсан нь нэхэмжлэл гаргах үндэслэл байх тул нэхэмжлэлийн шаардлага гэж шийдвэрлэхгүй болно.
Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ойлголт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй тул энэ шаардлагыг хуульд нийцүүлж томьёолсон болно.
2.2. Хариуцагч нь санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.3. Анхан шатны шүүх маргаанд хамаарах үйл баримтыг зөв тогтоосон боловч холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг залруулж дүгнэнэ.
3. ******** нь ******* дампын операторын ажил, албан тушаалд ажиллуулахдаа 2021 оны 11 дүгээр сарын 29, 2022 оны 03 дугаар сарын 01, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан.
Үүнээс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацааг тус компанийн ********-тай 2021 оны 11 дүгээр сард байгуулсан гэрээний хугацаагаар тодорхойлсон.
3.1. Харин ******** болон *******, ******** нарын түншлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Тавантолгойн ордын цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-нд гэрээний хугацааг 36 сар байхаар заажээ.
Энэ гэрээний талууд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин 36 сарын хугацаатай гэрээ шинээр байгуулсан.
3.2. ********-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******** дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.
3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдож байна.
4. Ажил олгогч нь ********-тай байгуулсан гэрээний үндсэн дээр Тавантолгойн ордын цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэдэг үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж иржээ.
Гэхдээ дээрх тохиолдол нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээс ажил олгогчийг бүрэн чөлөөлөх нөхцөл болохгүй.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт хугацаатай хөдөлмөрийн гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс хэтэрсэн бол түүнийг хугацаагүй байгуулагдсан гэж үзнэ гэж заасан. Энэхүү хэм хэмжээ нь хугацаатай гэрээг тогтмол, урт хугацаагаар байгуулах замаар ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөс хамгаалах зорилготой.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл буюу нийт 3 жил 1 сарын хугацаанд тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь анхны болон дараах сунгалтын хамт хоёр жилээс давсан тул хугацаагүй гэрээнд тооцогдоно.
Иймд хугацаатай гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг зөрчсөн.
4.2. Хариуцагч нь ********-тай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээр өмнөх гэрээнээс санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ хумигдсан гэж тайлбарласан боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан хоёр жилийн хугацааг давсан нөхцөлд хугацаагүй гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үр дагаврыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
4.3. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ********-ийн дампын операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцнэ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилд эгүүлэн тогтоосны үр дагаварт хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,241,664 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгана.
Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.
4.4. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцсон болно.
Тодруулбал, нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс нь 1 сарын 4,016,814 төгрөг, 1 өдрийн 191,276 төгрөг болж байна. Үүнийг ажлаас чөлөөлөгдсөнөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 3 сар 2 хоногоор тооцоход 12,241,664 төгрөг болсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ тооцооллыг давж заалдах шатны шүүх хуралдаанд болох хүртэлх хугацаагаар тооцож гомдол гаргасныг хангахгүй орхив.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг тайлбарлахдаа ажилтны хууль ёсны эрх ашиг хамгаалагдах онцлогийг анхаараагүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ********-ийн дампын операторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч ********-иас 12,241,664 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 210,817 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ