Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Ариунболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Б.Байгалмаа,

          Ялтан А.Ариунболд /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Ариунболд, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор, Ч.Отгонбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.Ариунболдод холбогдох 2016 2503 1516  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Алтантуяагийн Ариунболд, 1981 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Уулс Ноён” ХХК-д утгуурт ачигчийн оператороор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 15 дугаар гудамжны 659Д тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХД81072516/;

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ А.Ариунболд нь согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр 2016 оны 7 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 12 дугаар гудамжны 631 тоот хашаанд эхнэр М.Энхмааг “пиво авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, улмаар толгойн тус газарт нь тоосго шидэж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Ариунболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Ариунболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар А.Ариунболдыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 177 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тал, хуучин тоосгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, А.Ариунболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. 2016 оны 7 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 12 дугаар гудамжны 631 тоот хашаан дотор эхнэр М.Энхмаатай маргалдсан бөгөөд улмаар манай эхнэр над руу тоосго шидэж хэвлий тус газар оноход уг тоосгыг нь би зөрүүлж шидэж, толгойн тус газар нь онож хүнд гэмтэл учруулсан болно.

Гэвч шүүх надад холбогдох хэргийг танхайн сэдэлттэй гэж үзэн хүндрүүлэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Улсын Дээд шүүхийн тайлбарласнаар танхайн сэдэлтийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөнөөр илэрхийлэгдэнэ гэж заасан байна.

Тухайн хэрэг гарахад миний бие хүч хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн асуудал болоогүй бөгөөд гэр бүлийн ахуйн чанартай маргаанаас үүдэн үйлдэгдсэн хэрэг тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.

Миний бие хохирогч М.Энхмаа болон бага насны 2 охин болох А.Болор-Эрдэнэ, А.Болорчимэг нарын хамтаар амьдардаг, цаашид энэ гэр бүлийг асран халамжлах  эцэг хүний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, ухамсарлаж байгааг минь харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү. Би эхнэртэйгээ 15 жилийн турш амьдарч, 2 охины эцэг, эх болсон, элдэв муу санаа өвөрлөн эхнэрээ гэмтээж, гэр бүлээ сүйтгэх бодол байхгүй.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна...” гэв.

 Ялтан А.Ариунболдын өмгөөлөгч Э.Эрдэнэболор, Ч.Отгонбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх А.Ариунболдын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

А.Ариунболд 2016 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд эхнэр М.Энхмаатай хувийн таарамжгүй харьцаа, бие биенээ хардсаны улмаас маргалдаж улмаар М.Энхмаа газар байсан тал тоосгыг А.Ариунболд руу шидсэн байдаг.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь А.Ариунболд, М.Энхмаа нарын хувийн таарамжгүй харьцаа, бие биенээ хардаж маргалдсанаас үүсэлтэй байгаа нь хэрэгт цугларсан мэдүүлгийн нотлох баримт болох А.Ариунболдын “... Би Сэлэнгэ аймаг руу олон хоног, сараар ажилд явдаг юм. Тэгтэл манай эхнэр намайг байхгүй хойгуур өөр залуутай явдаг болохыг нь би мэдсэн, урьд нь би эхнэрийг гэрээс гараад бие засах хооронд нь гар утсыг нь авч үзэж байсан. Тэгтэл гар утсан дээр нь танихгүй залуугийн шалдан зураг гэх мэт зүйлүүд байдаг байсан. Би ч гэсэн нэг удаа нэг эмэгтэйтэй явалдаж байгаад эхнэртээ баригдаж байсан ...” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Энхмаагийн “... нөхөр бид хоёр гэр бүлээсээ тусдаа өөр хүмүүстэй бэлгийн харьцаатай байсан, үүнээсээ болж маргалдсан ...” гэсэн мэдүүлэг, энэ гэмт хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдэж олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл байхгүй байгаа ба Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 2.1 дэх заалтад “Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр, эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Мөрдөн байцаалтад хохирогч М.Энхмаа “... намайг хэвтүүлээд дээрээс гарын шуу хэсгээрээ дараад хоолойг минь шахаад байсан. ... миний толгой дээрээс үсдээд Энх-Одмаагийн гэрийнх нь довжоо шиг зүйл дээр толгойны баруун хэсгээр 2-3 удаа хүчтэй цохисон ...”, гэрч Д.Цогзолмаагийн “... Энхмаа эгчийн хоолойг нь боочихсон, газар хэвтүүлсэн байдалтай харагдсан, тэгээд үсдээд цементэн газар мөргүүлээд байсан ...” гэж мэдүүлж байгаа боловч Шүүх эмнэлгийн 10617 дугаартай дүгнэлтээр “М.Энхмаад учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой” гэснээс үзэхэд хохирогчийн биед суурь яснаас баруун чамархай, зулай ясны үргэлжилсэн цөмөрч бяцарсан хугарлаас өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байгаа нь гэрч нарын мэдүүлэг үнэн эсэх нь эргэлзээтэй байна.

А.Ариунболд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би “Уулс-Ноён” ХХК-ийн захиралтай яриад 7 хоногийн чөлөө авсан. Эхнэрийгээ сахиж эмнэлэгт 6 хоносон. Тухайн үед манай эхнэр хагалгаанд орчихсон юм ярьж, хоол идэж чадахгүй байсан. Биеийн байдал нь их зовиуртай өвчтэй байсан. Би 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу ажил руугаа явсан. Гэмтлийн эмнэлэг рүү эхнэрээ аваад Лхагва-Очир, Энх-Одмаа бид 3 явж байхад би “одоо цагдаад үнэнээ хэлье” гэхэд “тэгвэл та ажил төрөл чинь хэцүүднэ, тэгж байхаар танихгүй залуучууд гудамжинд таараад чулуугаар цохисон гэж хэлбэл яасан юм бэ” гэж зөвлөлдсөний дагуу танихгүй залуучууд гудамжинд таараад чулуугаар цохисон гэж мэдүүлж, хадмуудтай ярилцаад ажилдаа явсан...” гэж мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлгийг хохирогч огт үгүйсгээгүй тул шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр Цагдаагийн байгууллагад ирээгүй үндэслэл болохгүй юм.

А.Ариунболд эхнэр М.Энхмаатай хувийн таарамжгүй харьцаа, бие биенээ хардсаны улмаас маргалдаж, хохирогчийн шидсэн тал тоосгыг буцаан шидэж толгойд нь хүнд гэмтэл учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийн хувьд анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

 

Ялтан А.Ариунболдын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч М.Энхмаа давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан. Мөн ялтан А.Ариунболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн зүйчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... А.Ариунболдын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

А.Ариунболд нь согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр 2016 оны 7 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 12 дугаар гудамжны 631 тоот хашаанд өөрийн эхнэр М.Энхмааг “пиво авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, улмаар толгойн тус газарт нь тоосго шидэж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                       

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Энхмаагийн мэдүүлсэн “... А.Ариунболд надаас мөнгө нэхээд шаналгаад байхаар нь би хашааныхаа баруун урд байдаг ах, эгч, дүү нарынхаа хашаа руу орсон. М.Энхцэцэг эгчийн гэрийн гадаа зогсож байтал А.Ариунболд намайг заамдаж аваад хоолой боосон. Миний хүзүүний хэсэгт гараараа чанга дараад байсан. Тухайн үед би хэсэг зуур ухаан балартчихсан. Тэгсэн чинь М.Энхцэцэг эгчийн хашаанд байдаг миний төрсөн дүү М.Энх-Одмаагийн гэрийн үүдэнд нь ирчихсэн зогсож байсан. ...А.Ариунболд намайг татах шиг болсон. Би газар унаснаа мэдээгүй. А.Ариунболд намайг хэвтүүлээд дээрээс гарын шуу хэсгээрээ дараад хоолойг минь шахаад байсан. А.Ариунболд “чамайг ингээд алчихъя л даа” гэж хэлж байсан. А.Ариунболд миний толгой дээрээс үсдээд М.Энх-Одмаагийн гэрийнх нь довжоо шиг зүйл дээр толгойны баруун хэсгээр 2-3 удаа хүчтэй цохисон. Тухайн үед миний нүдэнд оч манараад л явчихсан. ...би дүү М.Энх-Одмаагийн байшингийн ертөнцийн зүгт баруун талд нь байдаг нурсан байшингийн тэнд очоод А.Ариунболд руу тал тоосго авч шидсэн. Тэр тал тоосго А.Ариунболдыг оноогүй, дэргэд нь унасан. Тэгтэл А.Ариунболд миний шидсэн тал тоосгыг над руу шидсэн. Тэр тоосго нь миний толгойн баруун хэсэгт онож, би ухаан алдсан. Тэгээд л нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн ...” /1-р хх 28-32, 82-83, 190-191/,

           

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Энх-Одмаагийн мэдүүлсэн “... 7 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед шиг санаж байна, хүргэн ах А.Ариунболд орж ирээд “ахын дүү гараад ир, эгч чинь эвгүй болчихлоо” гэхээр нь би “яасан юм бэ” гэж асуухад А.Ариунболд ах “тоосго шидчихсэн чинь эвгүй болчихлоо, босохгүй байна” гэхээр нь би хувцасаа өмсөөд гараад очсон. Тэгтэл яг гэрийн үүдэн дээр ухаангүй байдалтай, хурхирах мэт хачин дугараад хэвтээд байсан. Толгой руу нь гэрэл тусгасан чинь ямар нэгэн цус гарсан зүйл байгаагүй. Хэвтэж байгаа талынх нь толгойг үзтэл М.Энхмаа эгчийн толгойны баруун талын дээд хэсэгт хонхойгоод цөмөрсөн байсан. ... А.Ариунболд ах “би тоосго аваад М.Энхмаа руу шидсэн чинь шууд газар уначихсан” гэж хэлж байсан. Сүүлд эгчээс юу болсон талаар асуухад “А.Ариунболд ахыг мөнгө нэхсэн” гэж байсан. Тэрнээс болж маргалдсан гэж хэлсэн ...” /1-р хх 33-35/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цогзолмаагийн мэдүүлсэн “... эмэгтэй хүн орилох дуу сонсоод гараад хартал манай хашаан дотор А.Ариунболд ах, М.Энхмаа эгч нар байсан. А.Ариунболд ах М.Энхмаа эгчийн хоолойг нь боочихсон газар хэвтүүлсэн байдалтай харагдсан. Тэгээд үсдээд цементен газар мөргүүлээд байсан. Би очоод А.Ариунболд ахыг “та болиоч, яагаад дандаа М.Энхмаа эгчийг зодож байдаг юм бэ, муу яргачин минь” гэж хэлэхэд А.Ариунболд ах М.Энхмаа эгчийг тавихгүй зодоод байсан. Би А.Ариунболд ахын ар нуруу хэсгээс нь зууралдаад цохиж барьж байгаад арай хийж тавиулсан. М.Энхмаа эгч босч ирээд уурлаад А.Ариунболд ах руу тал тоосго шидсэн. Тэр тоосго нь А.Ариунболд ахыг оноогүй, яг дэргэд нь газар унасан. Тэгтэл А.Ариунболд ах тэр тоосгыг аваад М.Энхмаа эгч рүү шидчихсэн. Би тухайн үед яг гэр лүүгээ орох гээд явж байтал хойно “пүд” хийх чимээ гараад, эргээд хартал М.Энхмаа эгч газар уначихсан. Тоосго нь газар унах чимээ гарсан. Би эргэж очоод М.Энхмаа эгчийг хартал ухаангүй газар хэвтчихсэн байдалтай байсан. А.Ариунболд ахыг би “та хүн алчихлаа” гэж хэлэхэд А.Ариунболд ах “худлаа жүжиглэж байгаа юм” гэж хэлээд М.Энхмаа эгчийг үсдээд, алгадаад байсан. ...яг юунаас болж зодож байсанг мэдэхгүй байна. Миний бодлоор А.Ариунболд ах дахиж архи уух гээд М.Энхмаа эгчээс мөнгө авах гээд байсан. Анх хэрэг болохоос хоёр цагийн өмнө бие засах гээд ариун цэврийн өрөө рүү явж байхад А.Ариунболд ах, М.Энхмаа эгч нар гэрийнхээ гадаа архи авах асуудлаар муудалцаад байсан ...” /1-р хх 84-87/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Лхагва-Очирын мэдүүлсэн “... А.Ариунболд ах орж ирээд “ахын дүү гараад ир, эгч чинь эвгүй болчихлоо” гэж хэлсэн. А.Ариунболд ахыг дагаад гарсан, эхнэр ч дагаад гарсан. Гэрээс гартал манай гэрийн довжооны ертөнцийн зүгээр баруун талд М.Энхмаа эгчийн толгой хэсэг нь хойд зүг рүү харсан, хөл нь урд зүг рүү харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. ...А.Ариунболд ахаас юу болсон талаар асуухад “би тоосго аваад М.Энхмаа руу шидсэн чинь шууд газар уначихсан” гэж хэлж байсан. ... манай хашаанд хуучин байсан байшинг нураагаад ханан пийшингийн даралтын тоосгонууд байгаа ...” /1-р хх 97-99/,

 

            Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлсэн “... Хохирогч М.Энхмаагийн биед учирсан гавал тархины гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” /1-р хх 39/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… М.Энхмаагийн биед суурь яснаас баруун чамархай, зулай яс руу үргэлжилсэн цөмөрч бяцарсан хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэсэн 10617 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 40-41/,

 

Хохирогч М.Энхмаагийн биед гэмтэл учирсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 25-27/, хохирогч М.Энхмаагийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх 44-54/, хохирлын баримтууд /1-р хх 63/ хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 75-76, 78-79/, эд мөрийн баримт /1-р хх 77/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх 80, 81/, хохирол төлсөн баримт /1-р хх 126/, ялтан А.Ариунболдын сэжигтэн, яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Ялтан А.Ариунболд болон түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор, Ч.Отгонбаатар нар “... А.Ариунболд нь хохирогч М.Энхмаатай хувийн таарамжгүй харьцаа, бие биенээ хардсаны улмаас маргалдсан ...” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч М.Энхмаагийн бие махбодид үүссэн хүнд зэргийн гэмтэл нь ялтан А.Ариунболдын гэм буруутай үйлдэлтэй /танхайн сэдэлттэй/ шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байх тул “... хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Ариунболд нь ялимгүй зүйлээр шалтаглан, эхнэр М.Энхмаагийн биед суурь яснаас баруун чамархай, зулай яс руу үргэлжилсэн цөмөрч бяцарсан хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учиртал толгой руу нь тоосго шидсэн үйлдэл нь бусдад хүч хэрэглэсэн зохисгүй үйлдэл бөгөөд ийнхүү гаргасан үйлдэл нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжийг агуулсан зэрэг нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг бүрэн агуулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өмгөөлөгч нарын “хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүх А.Ариунболдын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулж хийсэн хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ариунболдыг энэ хэрэг гарахаас өмнө М.Энхмааг хэд хэдэн удаа зодож, эгэм, хавиргыг хугалж танхайрч захиргааны арга хэмжээ авагдаж байсан тул энэ талаар тодруулж, тарчлаах гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байсан эсэхийг шалгах  шаардлагатай гэж үзэж мөрдөн байцаалтад буцааж шалгуулсан байна. Харин М.Энхмаа урьд болсон амьдралынхаа асуудлыг шалгуулахгүй, 2016 оны 7 дугаар сарын 18-ны шөнө болсон явдлын талаар шалгуулахаар өргөдөл өгсөн гэж мэдүүлжээ.

 

Анхан шатны шүүх А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж, хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүхээс А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялтны гэм бурууд  тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Энхмаагийн биед учирсан хүнд гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарахаар байгаа тул гэм хор бүрэн арилсан гэж үзэх боломжгүй байна.

 

Гэвч А.Ариунболд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.Энхмаа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ирүүлсэн “… миний биеийн байдал сайн, эмчилгээний төлбөр мөнгийг цаг тухайд нь төлж дуусгасан тул гомдол санал байхгүй ...” гэсэн тайлбар, хүсэлт болон ялтны хувийн байдлыг харгалзан үзэж А.Ариунболдод оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, “... хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн ялтан А.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ариунболд оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Ариунболдод оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан А.Ариунболд, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор, Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

              3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ