Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2025/0068

 

 

“А****” ХХК, “А****” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн

 сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                   Ц.Цогт

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа            

                                                 Г.Банзрагч

                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         Х.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0012 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А****, өмгөөлөгч Б.Т**** нарыг оролцуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“А*******” ХХК, “А*****” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний Хавсралтын “1.Дархан цаазат газар” гэсэн 1 дэх хүснэгтийн “Ачааны тээврийн машин” гэсэн баганад 50,000 төгрөг” гэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г хавсралтаар шинэчлэн баталжээ.

3.Нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс “... Улсын дээд шүүхийн 2024 оны 83 дугаар тогтоолд ... тухайн хураамж нь аялал жуулчлалын зорилгогүй буюу улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхой заах шаардлагатай гэж тодорхой заасныг хариуцагч зөрчиж, хууль зөрчсөн зохицуулалтаа дахин хэвээр баталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт нийцээгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна ...” гэж;

3.1.Хариуцагчаас “... захиргааны хэм хэмжээний актыг гаргахын өмнө холбогдох бүх судалгааг хийж, нөлөөллийн шинжилгээний дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн хүргүүлж, актын нэгдсэн санд бүртгүүлсэн, төлбөрийн хэмжээг тогтоосон үндэслэл нь нөлөөллийн шинжилгээний дүгнэлтэд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлж байгаа төлөв байдлын шинжилгээний дүнгээр агаарын чанар, агаарт дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг хүнд металлын хэмжээ ихэссэн ба тусгай хамгаалалттай газар нутгийг байгалийн унаган төрхөөр нь хадгалан хамгаалах, хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагч нарын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилготой” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А****” ХХК, “А*****” ХХК нараас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний “Дархан цаазат газар” гэсэн 1 дэх хүснэгтийн “Ачааны тээврийн машин” гэсэн баганад 50,000 төгрөг” гэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.Нэхэмжлэгч “А****” ХХК, “А******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

5.1.Шүүх маргаан бүхий хэм хэмжээний актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй тухайд, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчээс “хураамж” гэдэг нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-д тодорхойлогдсоноор “төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө” байхаар байтал тухайн газар нутгаар аялал жуулчлал хийх зорилгоор зорчоогүй, зөвхөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалттай хатуу хучилттай авто замыг Авто зам ашиглалтын гэрээний дагуу ашиглан тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудаас дээрх хураамжийг төлөхийг шаардаж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үндэслэл болгосон заалт, Захиргааны ерөнхий хуулийн хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцээгүй.

5.1.1.Нүүрсний тээврийн үйл ажиллагаа эрхлэгч компаниуд уг газраар дайран өнгөрөхдөө төрийн байгууллагаас аливаа төрлийн үйлчилгээ (аялал жуулчлалын замыг танилцуулах, отоглох газрыг зааж өгөх, энэ талаар мэдээлэл, товхимол гарын авлага санамж гаргах, хогны уутаар хангах, газарчлах хүн гаргаж өгөх гэх мэт) авдаггүй, энэ талаар өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 22, Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн. Харин хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6/6 дугаар тогтоолын дагуу тогтмол төлдөг. Мөн шийдвэрийн 9 дэх хэсэгт “тушаалын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй”, 12 дахь хэсгээр хариуцагчийн хуульд нийцээгүй шийдвэрийг зөвтгөхийг оролджээ.

5.1.2.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2-т зааснаар хэм хэмжээний акт нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, мөн тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх ёстой. Гэтэл төрөөс аливаа үйлчилгээ үзүүлсний төлөө авбал зохих хураамжийн орлого бүрдүүлэх хуулийн заалтыг үндэслэн ямар нэгэн үйлчилгээ үзүүлээгүй аж ахуйн нэгжээс мөнгөн хөрөнгө авахаар нэхэмжилж байгаа нь хууль, журам, түүний зорилгод нийцэхгүй. Мөн нэхэмжлэгч компаниудаас төлбөр төлөхийг шаардах, улмаар олон улсын тээврийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй байх зэргээр төрийн байгууллагаас албан бичгийг ирүүлж байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.

5.2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй тухайд, шийдвэрийн 12 дахь хэсэгт “олон улсын ачаа тээврийн үйл ажиллагааны улмаас агаарт хүхэрлэг хий болон тоосонцрын агууламж ихээр дэгдэж, улмаар тухайн газар нутагт байх иргэд, мал амьтан, байгальд сөргөөр нөлөөлж байгаа нь нөлөөллийн шинжилгээний үнэлгээгээр тогтоогдож байна” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нөлөөллийн шинжилгээний танилцуулга нь ерөнхий байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид болон авагч нарт чиглэсэн агуулгатай байх бөгөөд уг танилцуулгад агаарын чанарын талаар 2021-2023 онуудад хийсэн судалгаа гэх графикийг оруулсан, гэтэл уг график хүснэгтэд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хамруулсан, тээврийн компаниуд мөн аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуун сухайт дахь хилийн боомт хооронд тээврийн үйл ажиллагаагаа явуулдаг, мөн Говийн бага дархан цаазат газар нь Ханбогд сумын нутаг дэвсгэрт оршдог гэдгийг харгалзан үзээгүй, харин бид шороон бус хатуу хучилттай замыг ашиглан үйл ажиллагаа эрхэлснээр үүсэж болох тоосжилтыг бууруулж байна гэж үзэж байна.

5.2.1.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д зааснаар “... агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны ... төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр” гэх бөгөөд уг харилцааг тусгайлсан хуулиар буюу Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулах учиртай бөгөөд энэ тохиолдолд хэм хэмжээний давхардал үүсэж байгааг хариуцагчаас судлаагүй байна.

5.2.2.Нэхэмжлэгч нь авто тээврийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг, мөн тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсний хураамжийг жолооч тус бүрээр төлдөг. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нар тухайн газраар дайран өнгөрөхөд төрийн байгууллагаас ямар нэгэн үйлчилгээ бидэнд үзүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэхүү маргаан бүхий актыг гаргахдаа бидний оролцоог хангасан зүйлгүй, ямар ч мэдээлэлгүй байсаар байна.

5.3.Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

7.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ” гээд 8-д “тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн орлого” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 18 дахь хэсгийн 18-д “энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 7, 8-д заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох” бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

8.Дээрх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр) 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалын хавсралтаар баталж, уг тушаалын Хавсралт 1-ийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт 3.5 тн-оос дээш бодит жинтэй ачааны машин нэвтрэхэд 50,000 төгрөг хураахаар” заасан хэсгийг хүчингүй болгуулахаар “Т****” ХХК, “М****” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байна.

9.Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0083 дугаар тогтоолоор[1] дээрх 2023 оны А/71 дүгээр тушаал (хэм хэмжээний акт)-ын зорилго, үйлчлэх хүрээ нь тодорхойгүйгээс бодит байдалд нэхэмжлэгч “Т****” ХХК, “М****” ХХК нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, тэдгээрт сөрөг үр дагавар үүсгэсэн нь тогтоогдсон, тус А/71 дүгээр тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамж” нь ямар зорилгоор батлагдсан, хэнд үйлчлэх нь тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан шаардлагыг хангаагүй, ... тус тушаалын Хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээ буюу ямар зорилгоор, хэнээс авах/авахгүй талаар (тухайлбал, улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг) тодорхой заах шаардлагатай” гэх үндэслэлээр тус маргаан бүхий тушаалын холбогдох заалтыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уг актын хавсралтын Тайлбар хэсэгт тухайн хураамжийн зорилго, үйлчлэх хүрээг тодорхой заах талаар тусгажээ.

10.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас (өөрчлөгдсөн нэрээр) 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн баталжээ.

11.Энэ хэргийн тухайд, “А***” ХХК, “А****” ХХК нараас дээрх шинэчлэн баталсан хэм хэмжээний акт болох “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний Хавсралтын “1.Дархан цаазат газар” гэсэн 1 дэх хүснэгтийн “Ачааны тээврийн машин” гэсэн баганад 50,000 төгрөг” гэж заасан хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж, үндэслэлээ “... Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд заасан нөхцөл байдлыг арилгалгүйгээр хураамжийн дахин хэвээр баталсан, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг хангаагүй ...” гэж тодорхойлсон хүрээнд, хяналтын шатны шүүхээс “маргаан бүхий хэм хэмжээний актын холбогдох заалт хууль зөрчсөн эсэхэд” дүгнэлт өгч энэхүү хэргийг шийдвэрлэв.

12.Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актад тавих эрх зүйн шаардлагыг зохицуулсан, тухайлбал 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэж заасан бөгөөд хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоохдоо эрх олгосон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцүүлэх буюу тус хэм хэмжээний актын агуулга, зорилго, үйлчлэх хүрээг тодорхой зохицуулах ёстой.

13.Гэтэл хариуцагчаас 2024 оны А/844 дүгээр тушаалын хавсралтаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн батлахдаа уг актын зорилго, хэнд хэрхэн үйлчлэх хүрээг нарийвчлан тодорхойлоогүй буюу Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд дурдсан хууль зүйн үндэслэлийг хангасан гэж үзэхээргүй байна.

14.Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд “тухайн хураамж нь аялал жуулчлалын зорилгогүй буюу улс, орон нутгийн чанартай авто замаар тээвэр хийж буй этгээдэд үйлчлэхгүй болохыг тодорхойлон заах шаардлагатай” талаар тусгасан байхад хариуцагчаас нөлөөллийн шинжилгээ хийхдээ ачаа авто замын тээврийн бодит нөхцөл, хураамжийн зорилго, үндэслэлийг тодорхой уялдаатайгаар тусгаагүй байна.

15.Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд Ц***, Г*** чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг байх бөгөөд уг маршрут нь Говийн бага дархан цаазат газраар дамжин өнгөрөхөөс өөр сонголтгүй буюу тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрч буй нь аялал жуулчлалын зорилгогүй нь илэрхий, мөн тус олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд нь төрөөс тогтоосон[2] маршрутын дагуу тусгай хамгаалалттай газар нутгаар дайран өнгөрөхдөө хууль тогтоомжид заасан аливаа үйлчилгээг тухайн бүс нутгийн төрийн захиргааны байгууллагаас аваагүй, энэ талаарх нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд нь үндэслэл бүхий байна.

16.Хэдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8, 27 дугаар зүйлийн 18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажлыг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрт нь нэвтрэх хураамж хамаарахаар хуульчилсан боловч хариуцагчаас тус тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоохдоо хуулийн агуулга, зорилго, үйлчлэх хүрээг хэм хэмжээний актад тодорхойлон тусгаж, ялгамжтай байдлаар зохицуулаагүйн улмаас олон улсын ачаа тээврийн буюу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

17.Учир нь, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа тухайн дайран өнгөрч буй бус нутагт хамаарах авто зам, агаар, ус, хөрсийг ашиглаж, бохирдуулсны төлбөр болон хог хаягдлын төлбөрийг тухайлсан холбогдох хууль, журмын дагуу төлдөг талаар хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-д заасан “хураамж” буюу тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг төлөх хуулийн нөхцөл үүсээгүй байхад хариуцагчаас маргаан бүхий хэм хэмжээний актын холбогдох хэсэгт авсралтын “1.Дархан цаазат газар” гэсэн 1 дэх хүснэгтийн “Ачааны тээврийн машин” гэсэн баганад 50,000 төгрөг” гэж) заасан хураамжийг төлөхөөр тогтоосон нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй гэж үзэхээр байна.

18.Түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хуульчилсан.

19.Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг тогтоох шийдвэрийг дахин гаргахад тусгах асуудлын талаар Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0083 дугаар тогтоолд тодорхой заасан байхад хариуцагч захиргааны байгууллагаас дахин хэм хэмжээний актыг гаргахдаа уг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нөхцөл байдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс харгалзан дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлээгүй байна.

20.Иймд хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2025/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А*****” ХХК, “А****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-ний Хавсралтын “1.Дархан цаазат газар” гэсэн 1 дэх хүснэгтийн “Ачааны тээврийн машин” гэсэн баганад 50,000 төгрөг” гэж заасныг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                      Г.БАНЗРАГЧ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Х.БАТСҮРЭН

 

[1] “Т*****” ХХК, “М*****” ХХК ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 221/2024/0008/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2024/0083

[2] Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоолын хавсралт https://legalinfo.mn/mn/detail?lawId=207952&showType=1