Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 020

 

Э.Нармандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намжилмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 798 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Нармандахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Гантуяад холбогдох

Зээл, зээлийн хүү, алданги нийт 36.600.000 /гучин зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нутгийн танил эгч О.Гантуяад 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан юм. 20.000.000 /хорин сая/ төгрөгийн 5.000.000 /таван сая/ төгрөгийг О.Гантуяагийн нөхөр Нямцогтын 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг О.Гантуяагийн данс руу тус тус шилжүүлсэн. О.Гантуяа нь 9 сард зээлийн хүү төлсөн. Үүнээс хойш нэг ч удаа хүүгээ төлөөгүй байгаа тул О.Гантуяагаас гэрээнд заасны дагуу зээлсэн үндсэн мөнгө 20.000.000 / хорин сая/ төгрөг, зээлийн хүү 4.800.000 / дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.5 хувийн алданги 11.800.000 /арван нэгэн сая найман зуун мянга/ төгрөг, нийт 36.600.000 /гучин зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Гантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Нармандахаас 20.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. ... Нармандах нь надад маш их итгэл хүлээлгэж мөнгө зээлсэн тул би авсан мөнгө төгрөгөө буцаан төлж тухайн иргэнийг хохиролгүй болгохоо амлаж байна. Ийм их мөнгийг нөхцөл байдал хүнд байгаа учир бөөнөөр өгч чадахгүй тул 1 жилийн дотор улиралд 5, 5-н саяаар хувааж төлж дуусгаад хүүг үндсэн мөнгө төлсний дараа 3 хувиар бодож төлж барагдуулах саналтай байгааг харгалзан үзэж зөвшөөрч туслана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Э.Нармандах зээлийн хүү тооцно гэхэд О.Гантуяа удахгүй Улаанбаатар хот орно. Хот ороод зээлийн гэрээ байгуулъя гэж гуйсан учраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр О.Гантуяагийн данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд О.Гантуяаг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хотод ирэхэд нь зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний хүү, алдангийн тухайд зохигч маргадаггүй. Харин хариуцагч зээлийн хүүг бууруулах хүсэлтэй байдаг юм. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаан үүсээгүй. Хүү тооцох тохиолдолд заавал зээлийн гэрээ байгуулах хуулийн шаардлага байдаг. Зээлийн гэрээ мөнгө шилжүүлснээр хүчин төгөлдөр болж зээлийн хүү тооцохыг баталгаажуулж 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 798 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.Гантуяагаас 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Нармандахад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.200.000 /арван дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.950 /гурван зуун дөчин мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гантуяагаас 269.950 /хоёр зуун жаран есөн мянга, есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нармандахад олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намжилмаа давж заалдах гомдолдоо: ... шүүх зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг сүүлд “хугацаа, хүү, алданги тооцож нөхөж байгуулсан байх тул хуульд заасан “хүү, алданги авах” эрхээ алдсан байна, хэдийгээр нэхэмжлэгч хүү, алданги авах эрхээ алдаж байх боловч хариуцагч хүүг 3 хувиар бодож төлөхийг зөвшөөрсөн байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн хариуцагчаас 22.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх тал дээр огт маргаагүй. Хариуцагч хүүтэй мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрдөг, мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлдэг бөгөөд зөвхөн гэрээнд заасан хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Хариуцагч анх хүүтэй мөнгө зээлүүлээч гэж санал тавьсан бөгөөд зээлийн гэрээний хүү болон хугацааг тохиролцож мөнгийг шилжүүлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу хариуцагч тухайн үед мөнгө хэрэг болоод байна, хот ороод гэрээгээ бичгээр баталгаажуулъя гэж гуйсан тул нэхэмжлэгч зөвшөөрсөн бөгөөд энэ нь гэрээг нөхөж байгуулсан биш нэгэнт амаар байгуулсан хэлцлээ хуульд заасан шаардлагын дагуу бичгээр баталгаажуулсан явдал юм.

Иргэний хуулийн тайлбарт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ” гэж тайлбарласан байдаг. Гэтэл шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлээгүй, зохигчдын маргаагүй асуудал болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хууль ёсны биш үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд хариуцагч О.Гантуяагаас Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 08-ний өдрийн 798 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн 22.400.000, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 14.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан  нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Нармандах нь үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 4.800.000 төгрөг, алданги 11.800.000 төгрөг нийт 36.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  Э.Нармандах нь хариуцагчтай  амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 20.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн ба энэ талаар талууд маргаагүй байна.

Талууд  зээлийн гэрээг  нөхөж байгуулсан тул нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу  хүү, алданги авах эрхээ алдсан гэж үзсэн  шүүхийн  дүгнэлт  учир дутагдалтай болжээ.

Учир нь талууд зээлийн гэрээг хүүтэй буюу хүүгүй, хугацаатай болон хугацаагүйгээр байгуулах эрхтэй болох нь Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлүүдэд заагдсан байна. Гэрээний оролцогч талууд гэрээний нөхцлийг өөрчлөх, амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт шилжүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага нэмэх зэрэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарах юм.

Хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн талууд хоорондоо харилцан тохиролцсон үндсэн дээр амаар байгуулсан зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 17 ны өдөр бичгийн хэлбэрт шилжүүлж уг гэрээнд хүү, алдангийн талаар тодорхой заасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл, зээлийн гэрээний дагуу төлөх  зээлийн  хүү 4.800.000 төгрөгөөс алданги тооцсон нь буруу өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй байхаар зохицуулагдсан тул алдангийг зээлийн үндсэн төлбөр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох нь зүйтэй.

 Хариуцагч О.Гантуяа нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 20.000.000 төгрөг, зээлийн хүү 4.800.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг бүгд 34.800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч О.Гантуяа зээлийн хүү, алдангийг төлөх боломжгүй, багасгаж өгөхийг хүссэн тухай тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй тул шүүх зээлийн хүү болон алдангийг багасгах боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281.1, 282.1, 232.6-д зааснаар хариуцагч О.Гантуяагаас зээл, зээлийн хүү, алданги нийт 34.800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад  “... 269 950...” гэснийг “... 331 950...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ                                                                                      

                                                                     Т.ГАНБАТ