Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 580

 

П.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар тогтоолтой, П.Ж-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1951 оны байдлаар 32 настай, эрэгтэй, халх, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн, ам бүл 5, тусгай мэргэжилгүй, 1947 онд цэрэгт татагдаж, өвчний учир 1948 оны 07 сард халагдсан, 1949 онд түр цэрэгт явж байсан, Оргодлын хөдөлгөөн, зэвсэгт бослогод оролцож байгаагүй, хэрэгт татагдахын өмнө Дорноговь аймгийн Их хэт сумын уурхай дээр нүүрс гаргагч ажилтай байсан, П овогт Ж нь “Японы тагнуулын курс сургууль төгсөж хэрэгтэй цагт Зөвлөлт ба Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх, тагнан турших, алан хядах, тэсэлж дэлбэрэх ажлыг хийхээр бэлтгэж байгаад 1945 онд Япон улс ялагдсан учир уг даалгаврыг биелүүлж чадаагүй БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд заасан БНМАУ-ын харьяат иргэдээс тус БНМАУ-ын цэргийн сүр хүчин болон тус улсын тусгаар тогтносон байдал ба түүний халдаж үл болох газар нутгийн эвдэршгүй бат байх явдалд хор хохирлыг хүргэж, тагнуул хийх, цэргийн буюу улсын нууцыг дайсанд шилжүүлэн өгөх, дайсны талд урван шилжиж орох, хилийн чанадад оргон зугтах, нисэж гарах явдлууд нь эх орноосоо урвасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг шийтгэх 30 дугаар тогтоолоор П.Ж-г 10 жил хорьж, бүх хөрөнгийг нь хураах ял шийтгэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...П.Ж-г 1931 онд эх П-н хамтаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгаас гадаадад оргон гарч Өвөрмонголын Баруун сөнөд хошуунд байхдаа 1943 онд Завсар хотноо 4 сарын хугацаатай тагнуулын хорлон сүйтгэх сургуульд суралцан төгсөж, хэзээ хэрэгтэй үед бэлэн байж, ажил хэрэг дээр биелүүлэх үүрэг даалгавартай орон нутагтаа буцсан боловч Япон 1945 онд ялагдсан учир даалгавраа биелүүлж чадаагүй, хэрэв Япон унаагүй бол уг даалгаврыг биелүүлэхэд бэлэн байсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд “БНМАУ-ын харьяат иргэдээс тус БНМАУ-ын цэргийн сүр хүчин болон тус улсын тусгаар тогтносон байдал ба түүний халдаж үл болох газар нутгийн эвдэршгүй бат байх явдалд хор хохирлыг хүргэж, тагнуул хийх, цэргийн буюу улсын нууцыг дайсанд шилжүүлэн өгөх, дайсны талд урван шилжиж орох, хилийн чанадад оргон зугтах, нисэж гарах явдлууд нь эх орноосоо урвасан гэмт хэрэг мөн болох бөгөөд ийм хэргийг үйлдэгчдийг буудан алж, бүх хөрөнгийг хураавал зохино. Хэрэв хөнгөтгөх шалтгаан байвал 10-25 жил хүртэл хугацаагаар хорьж, бүх хөрөнгийг хураана” гэж заасан гэмт хэрэгт Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг шийтгэх 30 дугаар тогтоолоор 10 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  1. П.Ж нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан тус улсын эсрэг ямар нэгэн тагнан турших ажиллагаа явуулсан гэх баримтууд хэрэгт байхгүй. Шийтгэсэн тогтоолд: “...энэ хэргээс манай оронд учруулсан хор аюулгүй зэрэг байдлыг харгалзан 56 дугаар зүйлээр 10 жил хөдөлмөрийн лагерт хорьж шийтгэж, хувьд ноогдох хөрөнгийг нь хураасугай” гэсэн нь П.Ж-г ямар нэгэн тагнах ажиллагаа явуулаагүй гэдгийг таслан шийтгэсэн шүүх нь тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн байна.
  2. П.Ж-г 1931 онд эх П-ын хамтаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгаас гадаадад оргон гарсан гэх боловч, энэ үед П.Ж нь 9 настай, өөрийнхөө эхийг дагаж гарсан байдаг. Ийм учраас эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдээгүй.
  3. Мөн шүүхээс П.Ж-г шийтгэх тогтоолдоо: “...Япон ялагдсан учир уг тагнуулын ажил таслагдсан бөгөөд хэрэв япон унаагүй бол уг даалгаврыг биелүүлэхэд бэлэн байсан” гэж дурдаж, ял шийтгэл оногдуулах үндэслэлээ болгосон байна. Гэтэл П.Ж нь 1945 онд Монгол улсад нүүж орж ирснээс хойш 1947 онд цэрэгт татагдаж өвчний учир 1948 оны 07 дугаар сард халагдсан, 1949 онд түр цэрэгт явж байсан энэ үедээ хорлон сүйтгэх ажиллагаа огт явуулаагүй байна.
  4. П.Ж цэргийн ба ард түмний дотор япон ба түүний цэргийн хүчин чадлыг магтан сайшаах, Зөвлөлт монголын хүчин чадлыг элдвээр муушаасан ухуулга, ятгалгыг тарааж, цэрэг ардын санал сэтгэлийг үймүүлэн алдагдуулсан үйл ажиллагаа явуулсан ямар ч баримт хэрэгт байхгүй.
  5. П.Ж-тай хамт Завсар хотноо тагнуулын хорлон сүйтгэх сургуульд суралцан төгссөн, Монгол Улсад ирсний дараа Монгол улсын эрүүгийн хуулийн 56, 62, 66 дугаар зүйлүүдээр шийтгүүлсэн -Б-ын Д нарын 7 хүнд холбогдох хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоолоор, Л-ийн Ж нарын 5 хүнд холбогдох хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар тогтоолоор, Д-ийн Ц-ийг БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаар тогтоолоор тус цагаатгасан байна.

П.Ж-г хорьж, БНМАУ-ын эсрэг, тагнан турших, хорлон сүйтгэх, худал цуурхал тараах, эх орноосоо урвах зэрэг гэмт хэрэг үйлдэх гэж байсан гэх зориуд санаатай зохиомол улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг “...гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн...”-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэвэл П.Ж-г Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг шийтгэх 30 дугаар тогтоолоор 10 жил хорьж, бүх хөрөнгийг нь хураах ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 10486 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, П-ын Ж-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэсэн байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нь шүүхийн эцсийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг урьд мэдэгдээгүй байсан нөхцөл байдалд үндэслэн дахин хянаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой үе шат бөгөөд шүүн таслах ажиллагаагаар шударга ёсыг цаг хугацаанаас үл хамааран хэзээд хэлбэрэлтгүй тогтоож байх чухал баталгаа болж өгдөг.

Энэ ажиллагааны зорилго нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч болон оролцогч нарын хууль бус ажиллагаа, шүүхэд урьд мэдэгдээгүй байсан бусад нөхцөл байдлын улмаас алдаатай гарсан шүүхийн шийдвэрийг засаж залруулах байдлаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах явдал юм.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тогтоогдсон байх ба шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадах учиртай.

Шүүх хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гарах үед бий болсон байсан шүүхэд мэдэгдээгүй нөхцөл байдлууд гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, эсхүл оролцогч нар хууль бус ажиллагаа явуулж, тухайлбал гэрч, шинжээч, орчуулагч хуурамч мэдүүлэг, дүгнэлт, орчуулга санаатай гаргах, шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашиглах байдлаар хэргийн нотлох баримтыг бүрдүүлснийг хэлэх бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх шаардлагатай бол хожим бий болсон нөхцөл байдалд урьд гарсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх шүүхийн бусад тогтоол, шийдвэрээс гадна Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, олон улсын хүний эрхийн болон бусад шүүхийн шийдвэрүүд болон Монгол Улс олон улсын гэрээ, конвенцод нэгдсэн, шинэ хууль тогтоомж баталсан зэрэг нь хамаарна.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай“ Монгол Улсын хууль 1998 онд батлагдаж уг хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах эрүүгийн хэргүүдийн хувьд шинэ нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл нь энэ хуулиар тухайн үеийн эрүүгийн хууль тогтоомжид заасан улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэг, эрүүгийн хуульд шууд заагаагүй боловч намын эсрэг гэх хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн хэрэгт хууль бусаар холбогдуулж шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан үйл ажиллагааг улс төрийн хилс хэрэгт хамааруулан хуульчилсан явдал юм.

Монгол Улсын Их хурлаас батлан гаргасан дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн в-д шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн хэлэлцэх үндэслэл болох талаар тодорхой заажээ.

            “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасан уг нөхцөл байдлууд нь зөвхөн хэргийг шинээр хэлэлцэх үндэслэл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа явагдах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмыг баримтлан явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг шинээр хянан шийдвэрлэнэ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийдвэрийн заалтыг удирдлага болгохгүй.

            Ийнхүү П.Ж-д холбогдох хэргийг цагаатгал хариуцсан прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтээ бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

П.Ж нь Японы тагнуулын курс сургууль төгсөж хэрэгтэй цагт Зөвлөлт ба Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх, тагнан турших, алан хядах, тэсэлж дэлбэрэх ажлыг хийхээр бэлтгэж байгаад 1945 онд Япон улс ялагдсан учир уг даалгаврыг биелүүлж чадаагүй БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд заасан хэргийг үйлдсэн” гэх гэмт хэрэг болон үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан “БНМАУ-ын харьяат иргэдээс тус БНМАУ-ын цэргийн сүр хүчин болон тус улсын тусгаар тогтносон байдал ба түүний халдаж үл болох газар нутгийн эвдэршгүй бат байх явдалд хор хохирлыг хүргэж, тагнуул хийх, цэргийн буюу улсын нууцыг дайсанд шилжүүлэн өгөх, дайсны талд урван шилжиж орох, хилийн чанадад оргон зугтах, нисэж гарах явдлууд нь эх орноосоо урвасан” гэсэн гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл оролцоо нотлогдоогүй, гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэг шийтгэх 30 дугаар тогтоолд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд заасан улсын эсрэг тагнан турших ажиллагаа явуулсан эсэх нь тогтоогдоогүй байхад хүчээр хэрэг хүлээлгэж, гэм бурууг тогтоосноос гадна ямар ч нотлох баримтгүйгээр ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Хэдийгээр энэхүү үйл явдал гарснаас хойш 69 жил өнгөрсөн хэдий ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэх явдал нь ял шийтгүүлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байвал хугацаагаар хязгаарлахгүйгээр хянан хэлэлцэх боломжтой билээ.

Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож, П.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1951 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр П.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, П-ын Ж-г цагаатгасугай.

 

 

            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                 Б.БАТЦЭРЭН

                 Ч.ХОСБАЯР

                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН