| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/04706/И |
| Дугаар | 210/МА2025/01125 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/01125
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04215 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч:*******-д холбогдох,
урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн багшаар ажиллаж байхад 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалаар салбар дугуйлангийн багшаар сэлгэн ажиллуулсан. Энэ тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар *******эй огт тохиролцоогүй.
Нэхэмжлэгчийн хувьд 1 сарын дундаж цалин 2,747,512 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 130,833 төгрөг ба 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийтдээ 11 сар 7 хоног байна. Ажилгүй байсан хугацааны нийт цалин 31,138,473 төгрөг гарч байгаа.
Салбар дугуйлангийн багш гэхээр ажил үүрэг гүйцэтгэх байршил эрс өөрчлөгдөж байгаа. ****** Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, салбар дугуйлан нь 1 дүгээр хороололд байдаг. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2 дахь хэсэгт зааснаар ажил үүрэг гүйцэтгэх байршил гэдэг бол хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл. Ажил үүрэг гүйцэтгэх байршил өөрчлөгдөх нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсантай адилтгаж үзнэ.
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр салбар дугуйлангийн багшаар сэлгэн ажиллуулчихсан байсныгаа ажил үүрэг гүйцэтгээгүй, ажил тасалсан гэдэг үндэслэлээр шууд ажлаас нь халсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Б.Эрдэнэчимэг багшийг сэлгэн ажиллуулах болсон нь тухайн хүний ажилдаа хандах хандлага, нэр хүнд, байгууллагын сургалтын үйл ажиллагааг төрөлжүүлэх, сайжруулах, хүүхдэд очих мэдлэг, боловсролын чанарыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ нь нийслэлийн бодлого, тухайлбал, НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0210 дугаар тогтоолын Хүний хөгжил бүлэгт тусгагдсан хүүхэд бүр чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлэх зорилттой нийцэж буй.
Багштай тухайн үед харилцан ярилцаж, нэг хичээлийн жилээр сэлгэн ажиллуулах, ажлын байраа өөрөө сонгох боломж олгосон. Гэсэн хэдий ч багш 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалыг авсан ч ажилдаа ирээгүй бөгөөд халах тушаал 10 дугаар сард гарсан. Тиймээс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойших цалинг тооцохгүй.
Мөн Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын дагуу 2 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд гэрээг цуцлах зохицуулалттай.
Иймд хариуцагчийн зүгээс багшийг хууль, журмын хүрээнд сэлгэн ажиллуулсан бөгөөд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* урьд эрхэлж байсан*******-н драмын дугуйлангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч*******-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,157,604 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч*******-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч*******-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Талуудын хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй гэж дүгнэж, түүний шаардлагыг бүхэлд хангасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь түүнийг сэлгэн ажиллуулах тухай тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь заалтыг баримталсан.
Хөдөлмөрийн тухай хуульд ажилтныг сэлгэн ажиллуулахдаа түүнтэй тохиролцоогүй бол түүний албан тушаал, цалин хөлсийг бууруулахгүйгээр ажиллуулж болох тухай зохицуулалт байхад түүнийг хэрэглэхгүйгээр зөвхөн харилцан тохиролцоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж хуулийн бусад заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг 2024-2025 оны хичээлийн жил 09 дүгээр сарын 01-ний өдөр эхэлснээс хойш ажилдаа ирэхгүйгээр, ажил хийхгүй талаар мэдэгдэж орхиж явснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ, шүүх хуралдааны үеэрх тайлбартаа ажил тасалсан үйл явдлынхаа талаар огт маргаагүй байхад хариуцагч баримт бүрдүүлээгүй тул ажлаас халсан маргааныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ажлыг 2 буюу түүнээс дээш хоногоор тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажлаас халах зохицуулалттай тул ажил олгогч энэ эрхийнхээ хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй багшийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Сэлгэн ажиллуулахад ажилтантай заавал харилцан тохиролцох ёстой. Мөн энэ талаар маргаж байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь хариуцагч*******-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь хуульд заасан үндэслэлээр сэлгэн ажиллуулсан, сэлгэн томилсон ажлын байранд ажиллалгүй ажил тасалсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. **************-ын драмын дугуйлангийн багшийн албан тушаалд ажиллаж байхад тус байгууллагын захирлын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар салбар дугуйлангийн багшаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Мөн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн.
3.1. Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтантай тохиролцоогүй атлаа сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно.
Гэхдээ хариуцагчийн зүгээс сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахдаа ажилтантай харилцан тохиролцсон болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
3.3. Мөн хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар албан тушаал, цалин хөлсийг бууруулаагүй тул харилцан тохиролцохгүйгээр сэлгэн ажиллуулах эрхтэй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж заасан.
Энэхүү зохицуулалт нь ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нөхцөлд хэрэглэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, сэлгэн ажиллуулсны улмаас үүсч буй ажлын байр, ачаалал, байршил, ажиллах нөхцөлийн өөрчлөлт нь ажилтны хөдөлмөрлөх эрхэд сөргөөр нөлөөлөхгүй байх шаардлагатай.
Эдгээрийг харгалзвал ажил олгогчийн сэлгэн ажиллуулах шийдвэр гарснаар нэхэмжлэгч нь Монголын хүүхдийн ордны драмын багшаас салбар дугуйлангийн багш болж буйг албан тушаал буурсан гэж тооцно.
3.4. Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасан нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарахгүй.
Учир нь ажил олгогч болон ажилтны хоорондын харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдана.
Иймээс хөдөлмөрийн харилцаанд оролцогч тал нь хуульд хориглоогүй бол дур мэдэн шийдвэр гаргаж болно гэх иргэний эрх зүйн ерөнхий зарчмыг шууд хэрэглэх боломжгүй.
Тодруулбал, ажил олгогч нь зөвхөн цалин, албан тушаал буураагүй гэх шалтгаанаар харилцан тохиролцохгүйгээр сэлгэн ажиллуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсгийн зохицуулалттай зөрчилдөнө.
3.5. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д заасан эрхийнхээ дагуу ажил олгогчийн сэлгэн ажиллуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч байгууллага энэ асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлж дуусаагүй байхад буюу шүүхийн шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч сэлгэн ажиллуулах тухай тушаал хүчин төгөлдөр эсэх нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад буурсан албан тушаалд ажиллахаас татгалзах эрхтэй.
Энэ тохиолдолд ажил олгогч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.
3.6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг драмын дугуйлангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,157,604 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцжээ.
Шүүхээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу зохих тооцооллыг хийсэн байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ